Зураг- “Гео-Орон”ХХК-ний хэрэгжүүлсэн геологи болон геофизикийн судалгааны ажлуудын байршлын зураг
Энэ бол “Гео-Орон” ХХКий захирлын ярилцлагадаа онцолж хэлсэн үг нь. Шинэ цагийн Монгол Улс байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад зах зээлийн судалгаа, эрэлт нийлүүлэлтийн асуудал юу түрүүнд тавигдах нь мэдээж. Энэ утгаараа геологи хайгуулын салбарын ажил бусдаас түрүүлж, тэдэндээ жимийг нь нээх үүрэг хүлээдэг байж мэднэ. Үнэндээ хайгуул бүхэн амжилтад хүрч, орд бүхэн эдийн засгийн эргэлтэд ордоггүй гэдгийг тэр бүр мэддэггүй. Бодит амьдрал дээр хувийн хөрөнгөөр эрсдэл үүрэн хайгуул хийх аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд цөөрсөөр байгааг нуух юун. Зөв менежмэнт, мэргэжлийн багийн ур чадвар, компаний засаглалын мөн чанарыг харуулж, геофизикийн салбарт өөрийн орон зайг баттай эзэлж чадсан аж ахуйн нэгж бол “Гео-Орон” ХХК. Энэ аж ахуйн нэгжийг Я.Уламсайн геологич удирддаг. Аажуу тайван алхаж үзсэн болов уу гэмээр хурдан түргэн хөдөлгөөнтэй, тэр хэрээр маш богино хугацаанд хэд хэдэн хувилбар боловсруулж чаддаг нь харваас андашгүй түүнтэй ярилцахад сонирхолтой байсан шүү.
-Компанийн түүхээс илүүтэй таны энэ салбарт хөл тавьсан түүх илүү сонирхол татлаа. Та мэргэжлийн геологич үү эсвэл ?
-Би мэргэжлийн геофизикч. Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургуулийг эрэл хайгуулын геофизикч мэргэжлээр 1980 онд төгссөн. Эзэмшсэн мэргэжлээрээ Эрэл геофизикийн цогцолбор экспедици (ЭГЦЭ), Олон Улсын Геологийн Экспедици (ОУГЭ)–д ажиллаж байгаад 1994 онд “Алтан тэвш” ХХК байгуулж, түүнээс уламжлан 2005 онд одоогийн “Гео-Орон” ХХК-г үүсгэн байгуулж, 28 дахь жилдээ хувийн хэвшлийн “геологигеофизикийн” судалгааны нэгжийг ажиллууж байна. Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизикийн Зөвлөх инженер зэрэгтэй. Геологийн салбарт 40 гаруй жил ажиллажээ.
-Геологич мэргэжлийг хэрхэн сонгосон бэ.Таны хүүхэд насны мөрөөдөл үү?
-Аравдугаар анги төгсөх жилээ Улсын математикийн олимпиадад оролцсон юм. Олимпиадын дүн гарахад Намайг гуравдугаар байр эзэлсэн гэсэн боловч бичгийн ажлыг улсад нэгтгэхэд болзол хангаснаар дүгнэж дуудсан. Олимпиадад амжилттай оролцсон сурагчдад давуу эрхийн дагуу ЗХУ–д суралцах хуваарь авсан. Бас нэг сонголт гэвэл одон орны дуран авиагаар Германд суралцах боломж байсан. Намын Төв Хорооны Амгалан гэдэг хүн надтай тусгайлан уулзаж “Германд сайн суралцагч явуулах даалгавартай” хэмээн ятгаж байж билээ. Тэр үед хүнлэг сайхан харилцаа, чиглэл зорилготой нийгмийн бодлого хүчтэй байсны нэг жишээ энэ дээ. Гэвч эцэг, эхтэйгээ ярилцаад энэ мэргэжлээ сонгосон. Хүүхэд байхдаа Ч.Лодойдамбын “Алтайд” романыг уншиж Монгол их баян юм байна “геологич” болно гэж ээждээ хэлж байсан юм. Бага насны романтизмд автсан хэрэг л дээ. Мөн уулын баяжулах “Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орж, шуугиан тарьж байсан нь ч миний геологич болох хүсэлд нөлөөлсөн байж ч мэднэ.
-Орчин цагт ажлын аливаа амжилт багаар ажиллах чадвараас их хамаардаг болсон. Та хамт олныхоо талаар танилцуулна уу?
-Манай багийн ажил бол судалгаа, танин мэдэхүйн үйл явцаар дамжин зөв хандлага таамаг дэвшүүлэх, товчдоо мэдээлэл цуглуулах үйл явц юм. Түүнийгээ баталж үр дүнд хүрч орд олох нь компаний нийгмийн өмнө хүлээх үүрэг. Судалгааг төлөвлөх, хийх боловсруулах, дүгнэх гээд бүх шатанд гар нийлж, зөв хандлагыг баримтлаж ажиллавал ажлын үр дүн сайн гарна. Манай компаний зөвлөхүүдийн багт зөвлөх геологич Ц.Энхбат, Б.Балдорж, зөвлөх геохимич Х.Шаует, зөвлөх геофизикч нарын төрөл бүрийн мэргэшлийн геологичид ажилладаг нь нэр төрийн хэрэг. Мөн манайх доктор П.Дугараа, доктор Огата Такеюуки (Японы Акита Их Сургуулийн проф), доктор Ж.Эрдэнэбаяр нартай хамтран ажиллаад удаж буй. Хээрийн ажлын гүйцэтгэлийн сайн багууд ч бий.
Үүнд: Геофизикийн Э.Ундрахжаргал, Л.Пүрэвням (магистрантур) ахлагчтай багууд, Геологийн Ц.Энхбат (зөвлөх), У.Пэрэнлэй (мэргэшсэн) М.Нурхадел нарын багийг нэрлэх байна. Боловсруулалтын багт М.Отгонбаяр (мэргэшсэн), Ч.Энхсайхан (мэргэшсэн) нар голлож бусад гүйцэтгэгч нартай хавсран ажилладаг. Тэд бүгд магистр, түүнээс дээш мэргэшлийн зэрэг дэвтэй залуу боловсон хүчнүүд. Одоогоор манай компаний хоёр ажилтан эрдмийн ажилд шамдан суралцаж буйг дуулгая. Инженер Л.Пүрэвням магистрт, М.Отгонбаяр доктрантурт сурч байгаа.
Манай компани Геологичдын дунд зохион байгуулагддаг ажил мэргэжлийн уралдаануудад удаа дараа амжилттай оролцож ирсэн. Тухайлбал, 2013 онд Хөгнөтарнайд болсон уралдаанд манай компаний геофизикч М.Отгонбаяр нь “тэргүүний залуу геофизикч”-р, Я.Уламсайн миний бие “тэргүүний ахмад геофизикч”-р тус тус шагнуулсан Мөн 2017, 2019 онд болсон ажил мэргэжлийн уралдаанд Геофизикийн төрөлд багаар амжилттай оролцон “тэргүүн болон дэд” байранд шалгарч байлаа.
-Танай хамт олон энэ жилийн тухайд ямар, ямар судалгаанууд хийв?
-Геологийн судалгааны бүтэц ямархуу байдаг, тэр дундаа манайхны хийж байгаа ажлын талаар яривал уншигчдад ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. Аливаа төрлийн ашигт малтмалын ордыг эрж хайх нь ихээхэн төвөгтэй, шинжлэх ухаанчаар хандаж, өндөр өртөг зардал гаргаж, урт хугацаанд хийгддэг ажил бөгөөд 100 оролдлогоос нэг нь амжилт дагуулан орд болж үр дүнтэй ашиглагддаг гэж үздэг, эрсдэл ихтэй салбар. Орчин үед дэлхийн практикт ашигт малтмалыг эрж хайж, олохоос уурхайлан олборлох хүртэл хэд хэдэн шатыг дамждаг тогтсон дэг жаягтай байдаг. Үүнд:
– Геологийн зураглал, ерөнхий эрлийн судалгаа, олон төрлийн сэдэвчилсэн судалгаа: Манай улсын хувьд энэ судалгааг төрөөс бодлогоор зохицуулж төсвөөс санхүүжүүлдэг.
-Тодорхой нөхцлөөр сонгогдсон, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд цогц судалгаа, тухайлбал; геологийн – геохимийн – геофизикийн – өрөмдлөгийн судалгааг хийж лабориторийн үр дүнд тулгуурлан ашигт малтмалын орд олох найдлагатай талбайг ялгаж хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулах судалгааг хийдэг. Энэ судалгааг гарч болох эрсдлээ даах эдийн засгийн чадвартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлдэг.
– Тодорхой арга аргачлалаар хайгуул хийж, үүний үр дүнд ашигт малтмалын ордын нөөцийг тогтоож, ордыг ашиглах арга, техникэдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулдаг. Энэ судалгааны зардлын ихэнх нь өрөмдлөг байх тул өндөр өртөгтэй. Тиймээс томоохон хөрөнгө оруулагчид хамтран оролцож санхүүжүүлэх нь олонтоо байдаг.
Энэ бүх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх нэр төртэй хамт олон, багууд Монголд олноор бий болж, төлөвшсөөр ирсэн. Манай баг, хамт олон ийм багуудын нэг бөгөөд цэвэр хувийн хөрөнгөөр байгуулагдан, дээр дурдсан бүхий л шатны судалгаануудыг хийх чадвар, туршлагатай мэргэжлийн баг гэдгээ энд онцлох байна.
“Гео-Орон” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа ашигт малтмалын ордын эрлийн геофизикийн төрлөөр дагнан ажиллаж, цогц судалгааны арга болох СОРОНЗОН ЗУРАГЛАЛ, ЦАХИЛГААН ХАЙГУУЛ, СЕЙСМО ХАЙГУУЛ, ГАММА-СПЕКТРОМЕТРИЙН судалгаануудыг хийдэг байсан бол 2014 оноос геофизикийн судалгаагаа идэвхжүүлэхийн зэрэгцээ ГЕОХИМИЙН болон ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ, СЭДЭВЧИЛСЭН СУДАЛГАА, ЭРЭЛ, ХАЙГУУЛЫН бүхий л шатны АЖЛУУДЫГ гүйцэтгэж эхэлснээр геологи-геофизикийн бүхий л үе шатны судалгааг дагнан хэрэгжүүлэх боломж бололцоо, ажлын арвин туршлагатай хамт олон болон өргөжиж, өөрсдийн судалгааны арга аргачлал, товчхондоо өөрсдийн гэсэн Брэнд бий болгож чадсан.
Компани нь геологийн судалгааны бүхий л шатны ажлыг гүйцэтгэх чадвартай мэргэжлийн баг, багаж тоног төхөөрөмжүүдээр хангагдсанаас гадна хайгуулын ажлыг бие даан явуулах зорилгоор шинээр өрөмдлөгийн багтай болсон. Мөн ДРОН ашиглагдан хийдэг соронзон, гамма-спектрометрийн болон топо-зураглалын технологийг эзэмших туршилтыг хийж эхэлсэн.
Манай хамт олны онцлох чадвар гэвэл анхнаасаа геофизикийн ажлууд их хийдэг байсан. Одоо ч хийсээр. Энэ нь багаж техникээр газрын физик онцлогуудыг тандан судалж хийхийг хэлнэ. Нийтэд тайлбарлахад өвчтөнд онош тавихад эхо, электрокардилограм рентген зураг авах мэттэй төстэй судалгаа. Мөн цусанд хийдэг олон тооны шинжилгээтэй дүйцэх геохимийн судалгаа гэж бий. Эмч өвчнийг оношилж эмчлэх бол геологич орд олох, ашиглах явдал юм. Геофизикчид геологичдын хамгийн дотны шадар туслагч төдийгүй орчин үед улам шийдвэрлэх үүрэгтэй судалгааг нь хийж өгдөг болсон. Товчхондоо техникээ даган хөгжиж байгаа судалгааны арга юм. Геофизикчид геологийн мэдлэг сайн байх хэрэгтэй, тэгж байж ямар арга, техник, аргачлаар юу шийдэхээ мэднэ шүү дээ. Мөн боловсруулалтын арга техник ч маш чухал. Эцэст нь геологичдын мухардаад байгаа асуудлуудад шийдэл гаргаж өгөх нь бидний үүрэг. Нэг стандартаар бүх асуудлыг шийдэхгүй, их бүтээлч, шинжлэх ухаанч хандлага, цаг хугацаа ч их шаардана. Энэ манай салбарын, миний мэргэжлийн онцлог.
-Танай компанийн нээсэн, олсон гэх юм уу хайгуул хийсэн ямар ордууд байна. Ийм хэмжээний хайгуул хийгээд ийм, ийм ордууд олоод тэд нь Эх орны хөгжилд тийм хувь нэмэр оруулж байна гэж дүгнэж хэлэх юу байна?
-Дээр хэлсэнчлэн геологийн судалгаа, хайгуул нь олон шат дамжлагатай олон санхүүжүүлэгчтэй, олон судалгааны баг янз бүрийн цаг үед ялгавартай арга барилаар судалсны эцэст үр дүн нь гардаг. Иймээс хэн нэгэн нээсэн гэх яриа ховордсон, эргэлзээтэй, одоогоор үүнийг чухал болгохгүй байгаа нь зөв юм. Гэхдээ ямар нэг багийн хийсэн судалгаа илүү шийдвэрлэх ач холбогдолтой байж болно. Тиймээс тэр эрлийн баг, тэр хайгуулын баг гэж ярих нь илүү зөв хандлага, тийм ч байгаа. Багийн дотор хэн нь илүү үүрэгтэй байсныг хамт олон нь үнэлэх нь нийгэмшилтэй, зөв гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр энэ эрсдэлтэй судалгааг Санхүүжүүлэгч илүү их нөлөөтэй, хохиролыг ч хүндэтгэлийг ч хүртэж байгаа юм. Иймээс би манай багийн оролцсон судалгаа, хайгуул гэх зэргээр ярьж байна. Манай хамт олны оролцож судалгаагаа хийсэн талбайнуудыг орд, илрэл, ашигт малтмалын төрлөөр нь зурагт харуулан сонирхуулж байна, болгооно уу. Манай компани энэ 20 гаруй жилд 300 гаруй талбайд янз бүрийн оролцоотой 400 гаруй төсөл, судалгаанд оролцсон байна. Ихэнх нь алт, зэс, нүүрсний эрэл хайгуулд геофизикийн судалгаа хийсэн байна. Эдгээрээс хэд нь ашиглагдаж байгааг судлаагүй, нэлээд хэд байгаа даа. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нь илүү олон байдаг.
Манай хамт олны оролцоотой судлагдсан олон орд, илрэл, талбай нь эх орны өнөөгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсаар байна. Бидний хамтран хэрэгжүүлсэн төслүүдээс төмрийн хүдрийн ордуудын судалгаа их үр дүн өгсөн байдаг юм. Төмрийн ордын эрэл, хайгуулын гол арга нь геофизикийн судалгаа байдагтай холбоотой. Миний анхны ажил нь Хүдэр, Ерөө, Хараа голуудын сав нутагт агаарын геофизикийн зураглалаар тэмдэглэгдсэн төмрийн хүдэртэй холбоотой байж болох гажлуудыг шалгах газрын соронзонметр зураглалын ажил байлаа. Тэр судалгаагаар Хүдэр суманд Төмөртэй, Ерөө суманд Хустайн ордууд нээгдэж хайгуулын төсөл нь амжилттай хэрэгжсэн байна. Энэ төслийн ахлагч нь зөвлөх геологич Ж.Цэнд-Аюуш гуай байлаа. Манай хамт олны оролцсон Баянголын бүлэг, Соронзон хадны, Таяннуурын бүлэг орд, Элстэй, Худаг байшинт, Чандмань (Дорноговь Дэлгэрэх) зэрэг ордууд одоо уурхайлагдаж байна. Эдгээр нь Монголын металлургийн гол эх үүсвэр болох төлөвтэй томоохон төслийн тухай яригдаж байна.
Олон тооны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ордууд байна. Сонирхуулахад төмрийн чиглэлээр 80-аад талбайд их бага хэмжээний ажил (оролдого) хийгдсэн байдаг юм. Дээрх зуугийн нэг гэдэгтэй харьцуулахад одоо ашиглагдаж байгаа найман орд, ашиглалтын лицензтэй 10 орд байгаа нь их өндөр үзүүлэлт юм. Эдгээр ордуудын зарим нь урт хугацаанд олон дахин судлагдсан, зарим нь дахин дахин нөөц тогтоох судалгаа байсан ч манай хамт олны 2005 оноос хойш хийсэн судалгаанууд шинэ түлхэц, итгэл найдвар өгсөн учраас хөрөнгө оруулагчид амжилтанд хүрсэн юм. Зарим (лав л дөрвөн жижиг орд) төмөр замд ойр, хил орчмын ордууд бүрэн ашиглагдсан бололтой.
-Та, танай компани хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших, хувь оролцоотой байна уу?
-Манай компани болон би хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй, эзэмшдэггүй, хувь оролцоо ч байхгүй. Ийм ажиллагаа эрхлэхийг хуулиар хориогүй ч гадаад ертөнцөд судалгааны баг орд ашигладаг байвал ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэж үздэг. Бид ийм ёсзүйн зарчмыг мөрддөг. Судалгааны бусад багууд ч ихэнхдээ ийм байгаа.
-Монгол орны геологийн салбарын хөгжлийн хэтийн төлвийг та хэрхэн харж байна?
-Өмнө нь голдуу нүүрс, хайлуур жонш, алт, зэс төмрийн орд хайх ажил ихээр хийгдэж байсан нь манай компанийн гүйцэтгэсэн судалгааны үзүүлэлтүүдээс харагдаж байна. Сүүлийн жилүүдэд шинэ технологийн түүхий эд болох литий, никель, кобальт, мангаан, графит, газрын ховор элементүүд зэрэг “критикал” металлуудын судалгаа, хайгуулын ажлууд хийгдэж эхлээд байгаа.
Монгол орон геологийн тогтцын хувьд Төв Азийн ороген бүсэд бүхэлдээ хамрагдаж, энд нэн эртнээс өнөөг хүртэлх геологийн хөгжлийн бүхий л цаг хугацаанд үүсэн бүрэлдсэн хурдас чулуулаг тархсан байдаг. Энэ урт хугацааны хөгжлийн явцтай холбоотойгоор металл, металл бус, газрын тосны гэх мэт олон төрлийн орд илрэлүүд тогтоогдон судлагдаж байна. Хойшид ч шинээр судалгааны чиглэлүүд нэмэгдэх нь дамжиггүй юм. Москвад биднийг сурч байхад багш нар Манай ЗХУ-д Менделевийн үелэх системийн элементүүд бүгд байдаг, тийм баян гэдэг байлаа. Бид ч тийм оронд амьдардаг гэдгээрээ бахархах хэрэгтэй.
Өнөөгийн нөхцөлд Монгол орны эдийн засгийн хөгжлийн түлхүүр, нөхцөл боломж нь хариуцлагатай уул уурхай байх нь тодорхой болж, Засгийн Газраас боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогын гол цөм бол геологийн судалгаа, уул уурхайг эрчимтэй хөгжүүлэх, үүнд хөрөнгө оруулалтыг татахаар тусгагдаж шийдвэртэй хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархаж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх дэлхийн хэмжээний боловсрол мэдлэгтэй, практик туршлагатай мэргэжилтэн, боловсон хүчин, техник хэрэгсэл манайд бүрэн хүрэлцээтэй байна. Уул уурхай Монголын эдийн засгийг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой, ингэснээр эдийн засгийг солонгоруулах, санхүүгийн эх үүсвэр бүрдэх нь ойлгомжтой байгаа юм. Монгол орон хөгжлийн эрчимтэй хурдаараа дэлхийд гайхагдаж, цалин, тэтгэвэр, олон төрлийн халамжууд жил болгон өсөн нэмэгдэж, ямбанд төдийгүй, ямаанд цалин өгч байсан саяхан, 10-аад жилийн өмнө билээ.
-Энэ сайхан боломжийн тухай бүгд ярьдаг ч яагаад хэрэгжихгүй байна гэж бодож байна вэ?
-Манай валютын урсгал болох экспортын орлогын 90 гаруй хувийг дангаараа эзэлдэг хариуцлагатай уул уурхай хөгжих үндэс суурь болсон геологийн төрөл бүрийн судалгаа явуулахад гагцхүү хувиа хичээсэн, нийгэмшээгүй, байгаль орчноо доройтуулахад тодорхой хувь нэмэр оруулж буй нүүдлийн мал аж ахуй эрхлэгч малчдын эсэргүүцэл, тэднийг өөгшүүлэн турхирагч жалга довны, амин хувиа хичээсэн бэртэгчин үзлийг тээгчид болсон ТББ нэртэй хуурамч эх оронч дүр эсгэсэн элдэв хөдөлгөөн л энэ замд саад болж байна. Нутгийн оршин суугчид, малчдыг геологийн судалгаа, шинжилгээний ажил явуулахын эсрэг зориудаар зохион байгуулж, элдэв жагсаал цуглаан хийдэг тодорхой хэсэг, бүлэглэл байх магадлал ажиглагдаж байна.
Дэлхий нийтийн жишгээр хариуцлагатай уул уурхайгаас 10, 20 жилийн өмнө түрүүлж хийгддэг геологийн судалгааны ажлын гацаа, алдаатай бодлогыг Шинэ Сэргэлтийн бодлого арилган засч, хөгжлийн замд орох нь дамжиггүй. Цаашдаа ч цахим засаглал тогтсноор элдэв хоосон хардлага арилж, нээлттэй ил тод байдал, итгэл үнэмшил дээшлэх нь гарцаагүй. Их цаг алдсан ч ийм хандлагатай шийдвэрүүд гарч эхэллээ. Үйлдвэржүүлэлт нь геологиос, уурхайгаас эхэлдэг. Эхний гарцан дээрээ л гацаж байхад хэзээ хөгжих вэ. Гэхдээ бид энэ асуудлыг зоригтойгоор шийдвэрлэнэ гэж найдаж байна. Өндөр технологи хөгжүүлнэ гэж мөрөөддөг, гэтэл Их Орос нь технологийн өндөр түвшнээс хоцорсон байна. Бидэнд тийм жишээ 10-аад жилийн өмнө харагдаж хөөрцөглөж байсан.
-Өнөөдөр манай нийгэмд байгаа сөрөг үзэгдлийн талаар та юу хэлэх вэ, сайны хажуугаар саар байдаг даа. Тэр талаар яривал?
-Манайд бүтээн байгуулалтанд, үйлдвэржилтэнд саад их учирдаг. Өнөөдрийн зогсонги байдлаараа 100 жил байсан ч болно гэж боддог юм уу, шинэ бүгдийг сонсохгүй эсэргүүцдэг зөрүүдийн давхарга байна. Тэд зохион байгуулалттай мэт. Энд асар олон шалтгаан бий. Үүний нэг л жишээ хэлье. Хамгийн ихээр жигшмээр зүйл нь алтыг зөвхөн хуулийг уландаа гишгэдэгүүд нь хулгайлах боломжтой болтол доройтуулсан эрхзүйн орчин юм. Аж ахуйн нэгж байгуулаад хууль дүрмээр явах боломжийг төр хангахгүй байгаад гол нь байгаа.
Улмаар дарамтлагчид малчдаас эхлээд бүлэглэлүүд байгаад байна Хэрвээ хуулийн дагуу бол татвар төлөгдөж шударга ёс тогтож нийгэмшилтэй байх байтал малчдын нүдэн дээр хулгайчид баяжаад алга болж байгаа нь нийт малчдын дургүйцлийг хүргэж байна. Судалгаа хийх гэж яваа геологичдыг сайхан цайлаад гаргадаг монгол уламжлал алдагдсан. Энэ тухай нарийн судалгаа их хэмжээтэй байгаа даа. Нинжа маягаар олборлогчид сорчилж аваад байгалийг самарч хаяад явна. Хэн нинжа вэ гэж үү. Орлого ажилгүй тэнүүлчдээр эхэлсэн байж болно. Зудад бүгдээ алдсан малчид байсан цаг ч бий. Одоо тэр техникжсэн, мафижсан, зохион байгуулалттай хэн ч байж болох түвшинд хүрсэн. Энэ үнэхээр харамсмаар. Алтнаас бусдыг хялбар авч чадахгүй учраас голдуу хөрөнгө оруулагч эрэх, борлуулах зах зээлээс эхлээд олон асуудалтай их хүлээгддэг. Нүүрс, ялангуяа эрчим хүчний агуу их нөөцүүд хэнд ч хэрэггүй шороо болоход ойртсоор. Гэтэл бид эрчим хүчний гачигдалд орсон, хөгжлийн зогсонги төлөв байна. Одоо ч уран, атомын эрчим хүч хаягдалгүй шахам, бүр эко эх үүсвэр гэгдэх болсон. Гэтэл бид уран гэхээр аюул гэж ойлгодог тэгж ухуулдаг хүчирхэг нийгмийн давхаргатай болсон.
-Геологчдын баяр болж байна, та мэргэжил нэгтнүүддээ хандан мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Сайхан боломж олгосон танай сэтгүүлийн хамт олонд талархаж байна.Энэ өдрүүдэд Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 83 жилийн ойн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, эрдэм шинжилгээний хурлаар олон сайхан илтгэл хэлэлцэгдэж, харилцан туршлага, мэдээлэл солилцож, хээрийн судалгааны олз омгоо дэлгэж байна. Мөн энэ жил Монголд уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ой тохиож байгаа. Дээрх бүх судалгааг санхүүжүүлэгч өглөгийн олон эздэд талархал илэрхийлж, хойшид ч үр өгөөжтэй хамтран ажиллах болтугай гэсэн ерөөл өргөе.
Онцолж хэлэхэд Болд төмөр ерөө гол, Өсөхзоос, МоЭнко, МонЛаа, Эрдэнэт, МонРосЦветМет, Монголгазар, Эрдэс холдингийн хамт олонд талархал илэрхийлж байна. Мөн бидний шинээр сэргэлт авах хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн Эрдэнэжас компанийн хамт олонд, А.Готовсүрэн ахад онцлон талархаж буйгаа илэрхийлье. Бидэнтэй хамтран ажиллаж байсан олон гадаадын хөрөнгө оруулагчид одоо бидэнтэй байхгүй нь харамсалтай. Энэ нь Монголд том сургамж болсон юм. Баян, сайхан Монгол орныхоо үүцийг нээгч, хөгжлийн замыг гэрэлтүүлэгч Геологи, уул уурхай салбарт ажиллаж буй бүх хүмүүст баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе. Баян сайхан Монгол орон хөгжин цэцэглэж мандан бадрах болтугай. Эцэст нь хэлэхэд Монгол орны ард иргэд ядуу зүдүү, яршигтай бэртэгчин сэтгэлгээндээ идэгдэж байх учиргүй, эх орон шигээ баян сайхан нийгэмшсэн сэтгэл тэнүүн байх болтугай.
More from Ярилцлага
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Д.Батдулам: Ажил олоход хүндрэлтэй иргэдийг олон чиглэлийн сургалтад хамруулж, ажлын байранд зуучилж байна
Нийслэл хийгээд дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтэс, албадууд иргэд рүү чиглэсэн олон талт ажлыг цаг алдалгүй зохион байгуулж байгаа. Нэн ялангуяа …
Б.Батцэцэг: БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь айлчлалын зорилго байлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй саяхан БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын нь үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр 2023 оны 5 дугаар сарын …