“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн.
“Шувуу” ажиллагаа өнөөдрөөс эрчимжиж байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна” хэмээн Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ зэрэгт албан бичиг хүргүүлсэн. Хариу ирсэн албан бичигт дурьдагдсаны дагуу нийтдээ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоо, өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, иргэн Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан байгаа. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. Улмаар Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай бид уулзаж ярилцсан. Энэ хоёр хүний тухайд яллагдагчаар татах саналыг өнөөдөр НПГ-т хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар болон АСАП санд тэмдэглэж нэмж эрэн сурвалжилах ажиллагааг зохион байгуулна.
Хоёрдугаарт, өнөөдөр би УЕПГ -т албан бичиг хүргүүлж байгаа. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийг хилээр орж, гарахыг хориглочихоод байхад гадаад улсруу зорчоод байгаа нь энэ чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авч болох вэ, мөрдөгчийн саналаар манайд нэг эргэж санал хүргүүлээч ээ гэж хүссэн. Товчхондоо, улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа энэ хүмүүсийн гадаад паспортны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байна уу гэдэг бичгийг УЕПГ-т хүргүүлж байгаа. Эндээс мөрдөгчийн санал ирвэл эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлэх чиглэлийн арга хэмжээг авна. Түүнээс биш Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрөө дур мэдээд иргэдийн энгийн болон албан паспортыг түдгэлзүүлэх чиглэлийг УБЕГ-т өгч болохгүй. Гагцхүү мөрдөгчийн саналыг үндэслэж прокурорын байгууллагаас албан бичиг ирсэн тохиолдолд шийдэж болно.
Гуравдугаарт, Монгол Улс 23 улстай эрхзүйн туслалцаагаар харилцан туслалцах гэрээтэй. Эдгээр улсуудаас эрхзүйн туслалцааг дахин үзүүлэх хүсэлтийг явуулах гэж байна. Мөн интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг хөх болон улаан булантад тавиулсан. Одоогоор 90 хүнээс 22 хүнийг улаан булантад зарлуулсан байгаа. Үлдсэн хүмүүсийг нь хөх булантад зарласан байгаа. Энэ үйл ажиллагааг дахин эрчимжүүлсэн талаар арга хэмжээ авсан. Оргон зайлсан хүмүүсийн 80, 90 хувийг аль улсад амьдраад байгааг нь мэдэж байгаа. Ерөнхийдөө мэдээллүүд нь байгаа. Эдгээр улсуудын хууль шүүхийн байгууллагатай гадаад харилцааны шугамаар хамтран ажиллах асуудлыг төлөвлөж байна. Бусад улс орнуудын “Шувуу” ажиллагаатай адил оргон зайлсан хүмүүсээ авчирсан туршлагыг судалж ярилцсан. Мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх, цаашид шударга шүүхэд аваачих ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ялангуяа “Шувуу” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаад мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг авчрах бүх талын арга хэмжээг авч эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагаа ГХЯ, ХЗДХЯ бусад төрийн байгууллагуудын дэмжлэг туслалцааг авч хуулийн хүрээнд ажиллана” гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?
Ч.Сайханбилэгийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрээс Буянт-Ухаа боомтоор гарсан байгаа. Н.Удаанжаргал өнгөрсөн намар БНСУ чиглэлд явсан. Т.Бадамжунай 2018 оны үед Замын-Үүд боомтоор гарсан байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-ын аль хотын хаана байгаа зэрэг тодорхой байршил нь байдаг. Төмөрбат, Болортуяа зэрэг байршил нь тодорхойгүй хүмүүс ч байна. Сая битүүний урд өдөр Эрүүгийн цагдаагийн холбогдох албан тушаалтнууд Европын холбоонд хэд хэдэн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, хохирогчоор асуух ажлуудыг хийсэн. Бидэнд гашуун туршлага байгаа. Б.Хурц гэдэг хүн Европын холбоонд хүнийг хүчээр авч гарч, Монголд авчирсантай холбоотойгоор өөрөө хоригдож байсан. Манайд бас нэлээн асуудал үүссэн. Тиймээс бид гадаад улсад мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа зөвхөн Элчин сайдын яамны байранд тэр хүмүүсийг асууж тодруулах ажиллагааг явуулна. Яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах төдий хүрээнд л ажиллагаа явуулах юм. Түүнээс биш бид өөрсдөө дайчлан баривчлах ажиллагаа зохион байгуулах ямарч хууль эрхзүйн боломжгүй. Эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээтэй улс орнуудад тэдгээр улсын хууль сахиулагчдаар дамжуулж харин ажиллагаануудыг хийх боломжтой байгаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …