Монголын Геологийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, геологич Б.Одхүү:
Хорь дахь жилдээ салбартаа тууштай ажилласан тэрбээр хуулийн нэмэлт өөрчлөлт, салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого шийдвэрийн алдаа оноо гээд олон зүйлийг ний нуугүй ярьсан юм. Салбарын манлайлагч залуу боловсон хүчний байр суурь, үзэл бодол, зорилго тэмүүлэл гэдэг юу юунаас чухал. Мөн салбарын ууган холбооны нэгэн төлөөлөл гэдэг утгаар нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа энэ цаг үед ийнхүү ярилцлагын зочноороо урин оролцууллаа.
–Геологичид байгалийн судлаачид учир байгальдаа хайртай. Хайгуул хийж байгаа эрлийнхэн хүртэл байгальд барагтай бол ширхэг чихрийн цаас ч хаяхгүй шүү–
–Салбарын хоёр том хууль буюу Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсгүүд гарсан байна. Хуулинд салбарын мэргэжилтнүүдийн санал тусгагдана гэдэг маш чухал шүү дээ. Таны хувьд л гэхэд хэр оролцоотой байна. Анхаарал татахуйц зүйлс юу байна?
–Геологийн салбар Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулагддаг. Ашигт малтмалын тухай хууль нөхсөөр байгаад ноорхой, цоорхой болчихсон гээд хэлчихэд хэлсдэхгүй. Гарч ирсэн парламент нь жилд хэдэн удаа ч сайжруулж байгаа нэрийдлээр нэмэлт хийдэг юм бүү мэд.
Харин Газрын хэвлийн тухай хууль 80-иад оны дундуур батлагдаж, 1994 онд нэг удаа өөрчлөлт оруулсан. Олон дахин гар хүрээгүй хууль гэж хэлж болно. Геологийн салбар ухааныг энэ хуулиар зохицуулж, шаардлагатай өөрчлөлт, нэмэлтийг оруулах нь зөв.
Үндэсний Геологийн алба гэдэг нэр томъёоны тухай л гэхэд Ашигт малтмалын тухай хуулинд ганцхан заалт байдаг. Угтаа энэ албаны үндсэн хийх ёстой ажил, судлагдахуун нь геологийн суурь судалгаа, байгаль орчин, ус, хөрс гэхчлэн судалгаа шүү дээ. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх том талбайг хамарсан суурь судалгааны ажлуудыг л эрхэлж байгаа гэсэн үг. Үүгээр, Геологийн салбарыг Газрын хэвлийн тухай хуулиар илүүтэй зохицуулаад явах ёстой гэж хэлмээр байна.
Харин Ашигт малтмалын тухай хуулиар АМГТГ гэдэг агентлаг илүү зохицуулагдах ёстой. Учир нь тэнд лиценз олгож, кадастрын бүртгэл хийж байгаа.
–Салбарын мэргэжилтэн та бүгдийн энэ мэт санал хоёр хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдаад явах байлгүй дээ?
–Хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар хоёр талд ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсэгт Монголын Геологийн холбоо, холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллүүд ороод явж байна. Яг хийгдчихсэн байгаа хуулийн төсөлтэй хараахан танилцаагүй. Хэлэлцүүлгийн тов гуравдугаар сарын 9, 10-нд болно гэж зарлагдсан.
Одоогоор салбарын мэргэжлтнүүдийн санал бодлууд тусгагдаагүй гэж харж байгаа. Хаалттай ажлын хэсэг, хаалттай маягаар л яваад байх шиг байна. Хуулинд өөрчлөлт оруулахын өмнө хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийгээд, нэгдсэн зарчмын дагуу явах ёстой.
Орон нутгийн эсэргүүцэл их байна гээд л хүн болгон ярьдаг. Малчид газраа ухуулж, судлуулахгүй байна гэхчлэн ярьж байна. Тэгвэл үүнтэй холбоотой заалт оруулахын тулд орон нутгийн иргэдтэй хамтарсан хэлэлцүүлэг хийх ёстой. Тийм биз.
Төрийн байгууллага талаасаа ямар санал тусгагдах юм. Мөн л хэлэлцүүлэг хийгдэх ёстой. Тухайлбал, тусгай зөвшөөрөл л гэхэд нэг хэсэг өргөдлөөр олгогддог байсан бол одоо сонгон шалгаруулалт гэдэг нэртэй мөнгөтэйд нь өгдөг ажил болчихсон байна. Тэгвэл энэ лицензийг яаж олгодог байвал зөв болох юм. Үүнд геологичдын төлөөлөл, аж ахуй нэгжүүдийн алба хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг хийх л хэрэгтэй.
Мөн мэргэжлийн боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж байна. Хатуухан хэлэхэд, одоо бол манай салбарын боловсон хүчин тасарчихлаа шүү дээ. Өөрөө геологич болох хүсэлтэй, хүүхдээ геологич болгох бодолтой нэгэн үе байсан. Гэтэл одоо жилд 10 хүүхэд Геологич болохоор очиж байгаа юу. Боловсон хүчний хангамж арван жилийн дараа ямар байх уу. Ямарч нөөц байхгүй болж байна. Тэгэхээр боловсролын байгууллагуудтай ч хэлэлцүүлэг хийх учиртай.
Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлөөс санаачлаад улсын хэмжээний томоохон зөвлөгөөнийг энэ сард зохион байгуулахаар ажлын хэсэг гарсан байгаа. Дээр хэлсэнчлэн орон нутаг, төрийн байгууллага, хөрөнгө оруулалт, боловсрол хүний нөөцийн өнөөгийн байдал, хууль эрхзүйн орчин зэрэг асуудлуудаа цуглаж ярилцаж зөвшилцөх зорилготой зөвлөгөөн болно.
–Геологийн судалгааны ажлыг орон нутгийн иргэд уул уурхайтай холбож ойлгоод эсэргүүцээд байдаг талтай. Хэлэлцүүлэг, зөвлөгөөн дээрээ энэ бүхнээ ойлголцох хэрэгтэй байх. Тийм үү?
-Олон зүйлээс болж энэ асуудлууд үүсч байгаа. Тухайлбал, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт байгалийн ухааны хичээл бүр хаягдчихсан байх жишээний. Үүнээс болж шинжлэх ухаан, судалгаагаа ялгаж танихгүй болчихсон. Зарим нь бараг геологийн судалгаа гээч зүйл байх хэрэгтэй, үгүйг ч мэдэхгүй. Уг нь геологи гэдэг ганц уул уурхайтай холбоотой биш. Газар хөдлөлт, ус, байгалийн бүх процесс геологитой л холбоотой. Нэг талаасаа цэвэр шинжлэх ухаан. Ард иргэд шинжлэх ухаан гэдэг талаас нь харж чадахгүй байна.
Хайгуул гэдэг маш их эрсдлийг үүрч байгаа зарлагын ажил. Юм олвол бараг аз. Нэг ёсондоо мөрийтэй тоглоом шиг. Юм олдохгүй бол хохироо л үлдэнэ. Гэтэл геологи хайгуулын судалгааны ажил хийгээд эхлэхээр улстөрч, бөхчүүдээс эхлээд иргэдийг турхирдаг, шантаажилдаг. Орон нутгийн харьяалалтай газрууд ч ялгаагүй. Яг үнэнийг хэлэхэд малчидтай уулзаад, учирлахад ойлгодог байхгүй юу. Тэр хүмүүс чинь тэнэг биш шүү дээ. Яг ямар ач холбогдолтой судалгаа вэ гэдгийг ойлгодог.
–Судалгаа, хайгуулын ажил таны хэлсэнчлэн ёстой л мөрийтэй тоглоом шиг санагддаг.Төр засгаас дэмждэггүй л юм бол чанга байх.
-Одоо бол ямарч дэмжлэг байхгүй. Социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс гэдэг нэг л данс байсан. Ирэх жил бид хэр хэмжээний төсвөөр хаана судалгаа хийж, ямар үйлдвэр барих вэ гэдгээ төлөвлөдөг байсан учраас энэ салбараа төр нь өөрөө дэмжиж, томоохон ордын хайгуулын ажлыг хийчихдэг байсан. Зах зээлрүү шилжихэд гол судалгааны ажилд дандаа л гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө хаясан. Өөрөөр хэлбэл, муулаад байдаг нөгөө гадны хөрөнгө оруулагчид л Монголд судалгааны ажилд хөрөнгө оруулсан байдаг. Тухайлбал, 2010-2012 онд манай Геологийн салбар ид бүүм болж, ДНБ-ний хувь хэмжээ ч өссөн. Бид жинхэнэ хөөсөрч байлаа шүү дээ. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалттай Геологи хайгуулын нөлөөлөл байсан. Гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн энэ салбарт л орж ирж байсан гэсэн үг. Харамсалтай нь тухайн үед хэвлэлээр Монголын газар нутгийн тэдэн хувь зарагдчихлаа. Хятад, Канадад зарагдчихлаа гэсэн улаан алаг зурагтай шүүмжлэлүүд газар авсан. Гэтэл арван жилийн дараа эргээд харахад гадны хөрөнгө оруулагчид Монголын газар нутгаас үүрээд аваад явчихсан зүйл байхгүй л байна. Харин бид нар л эргээд “алтан загасны эмгэн” шиг нөгөө л эвдэрхий тэвштэйгээ сууж байгаа. Гадны хөрөнгө оруулагчдаа айлгаад хөөгөөд явуулчихсан. Өөрөө ч судалсан юмгүй, өрөөлд ч судлуулсан юмгүй л байж байна.
–Монголын баялаг дуусашгүй л гэх юм. Баялаг шавхагддаг л гэх юм?
-Хязгааргүй хүсэл хэрэгцээг, хязгаарлагдмал нөөцөөр хангах зөв зохицуулалт гэдэг Эдийн засгийн ухааны үндсэн тодорхойлолт байдаг шүү дээ. Үүн шиг байгалийн баялаг ч гэсэн шавхагддаг. Тэгэхээр зөв зохистой л ашиглах ёстой. Гэхдээ энийгээ дараагийн үр хойчдоо өвлүүлж, үлдээнэ гэх мэтийн сонин ойлголтыг хэлээгүй шүү. Хэрвээ бид олж чадаж л байвал, ашиглаж л байх хэрэгтэй. Харин орж ирсэн хөрөнгө оруулалт, төгрөгөө хааш нь юунд зарцуулах вэ гэдэг төрийн хийх ажил. Үүнд л зөв зохицуулалт хэрэгтэй. Ухаалаг хандах ёстой. Геологийн ажил болгон дараагийн Оюутолгой, Тавантолгой болохгүй. Гэлээ гээд зүгээр сууж болохгүй.
Энэ салбарт төрийн маш зөв зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Хувийн аж ахуй нэгжүүдээ ажиллах боломжоор нь хангаад, магадгүй тэр тусгай зөвшөөрлийг нь олгоод явчихсан тохиолдолд тэр хүмүүс чинь өөрсдөө дэлхийгээр тойрч явж байгаад хөрөнгө оруулагчдаа олоод л ирнэ. Гадны хөрөнгө оруулагчид ямарч төсөл, төлөвлөгөөгүй зүйл дээр ордоггүй л байхгүй юу. Гоё судалгаа хийгдсэн, потенциалтай хайгуул судалгаа, өрөмдлөгийн ажлын төсөлд гадныхан орж ирнэ. Гэтэл төр ийм бодлого барьж байна, бараг манай төр гоё гэж яриад хөрөнгө оруулагчдыг татах гээд байдаг. Бодлого буруу явж байна. Хувийн хэвшил төслөөрөө өөрсдөө хөрөнгө оруулалтыг татаж, харин түүнд нь төр дэмжлэг үзүүлэх ёстой.
–Тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа, сонгон шалгаруулалтын тухайд?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог сонгон шалгаруулалт гэгч зүйлийг болиулах хэрэгтэй. Өргөдлөөрөө л олгодог баймаар юм гэж би хувьдаа үздэг. Сонгон шалгаруулалт гээч юманд нь мөнгөтэй компаниуд л тэнцдэг.
Тухайлбал, миний хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг гэдэгт төрийн бус байгууллагын төлөөлөл болж нэг удаа сууж, ажиллаж үзсэн. Сонгодог зарчим нь их өрөөсгөл юм билээ. Хэрвээ чи хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч байвал, өрөмтэй, мөнгөтэй, ажиллах хүчнүүдтэй, геофизикийн багажтай байх ёстой гэхчлэн маш олон шаардлагыг тавьдаг. Тэгээд дээрээс нь тухайн талбайг худалдаж авахын тулд өрсөлдөж, үнийн саналаа лацдаад төрд аваачиж байгаа байхгүй юу. Ийм олон зүйлс шаардаж байгаа чинь өөрөө нөгөө компанид маш их ачаалал өгнө. Жишээ нь, би геологич хэрнээ санхүүч, уул уурхайн инженер, механикийн инженер, комьютерийн инженерийн хэмжээнд байж чадахгүй шүү дээ. Гэхдээ хэрвээ надад мөнгө байвал энэ бүх боловсон хүчнээ авч ажиллуулаад, багаа бүрдүүлчихэж болох байхгүй юу. Гэтэл сонгон шалгаруулалтаар шаардаж байгаа юм “чи бүгдийг чаддаг байх, бүх юмтай байх” гэдэг зарчим. Уг нь нээлттэй, аж ахуй нэгжүүдэд хэт ачаалал өгөхгүй л байх хэрэгтэй.
–Уурхайчдын санал хүсэлтийн дагуу ростерын буюу уртын ээлжийн ажил, амралтын цагийг 14/14 болгож өөрчилсөн. Энэ шийдвэр та бүхэнтэй ч хамааралтай байх. Зөв шийдвэр байсан уу?
-Геологийн салбарт тохирохгүй өөрчлөлт хийгдсэн. Уурхайн хувьд бол өөр. Очих газар, хийх ажил нь тодорхой буцаад ирнэ. Гэтэл яг энэ хуульд Геологийн компанийг хамааруулчихаар, тухайлбал Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд зураглалын ажил хийх гэж байгаа Геологийн компани байвал яах уу. Пургонтойгоо дөрвөн хоног явчихаад очоод 3-4 хоног ажиллачихаад, буцах юм уу. Геологийн суурь судалгааны ажил хийж байгаа компаниуд зуны улиралд л ажлаа амжуулна шүү дээ. Тэгэхээр 14/14 хоногоор яваад байх боломжгүй.
Геологийн компаниудыг уул уурхайн компани гэж үзэх юм уу, яг аль талд нь гаргах уу зэрэг асуудал байна. Нөгөө талаараа, хэрвээ бид арчилсан чөлөөт эдийн засагтай улс юм бол хувь хүнд сонголтыг нь өгөх ёстой. Залуу мэргэжилтэн, ачаалал даах чадвартай гэж хүн өөрийгөө үзвэл компанитайгаа тохироод хэдэн ростероор явсан ч яадаг юм. Хувь хүнд сонголт хийх эрх өгөхгүйгээр төр голоор нь орж ирж 14/14 гэж байгаа нь хүний сонголт хийх эрхэд халдаж байна шүү дээ. Яахав хуулиар үүнийг хатуу зохицуулж өгөхгүй бол хүнийг боолын хөдөлмөр маягаар ажиллуулах гээд байдаг тал байдаг байхыг үгүйсгэхгүй.
More from Ярилцлага
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Д.Батдулам: Ажил олоход хүндрэлтэй иргэдийг олон чиглэлийн сургалтад хамруулж, ажлын байранд зуучилж байна
Нийслэл хийгээд дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтэс, албадууд иргэд рүү чиглэсэн олон талт ажлыг цаг алдалгүй зохион байгуулж байгаа. Нэн ялангуяа …
Б.Батцэцэг: БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь айлчлалын зорилго байлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй саяхан БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын нь үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр 2023 оны 5 дугаар сарын …
6 Comments
Зөв л асуудлыг хөндсөн байна. Бид олон талаас нь харах хэрэгтэй.
Лицензийн наймааг үгүй хийх үнэхээр хайгуул хийр чадалтай коипанид нь тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар өгье гэдэг л өөрчлөлт хийгдээд явсан, ямар ч чадалгүй цаас барьсан нөхдүүд өргөдлөөр мөнгө төлөхгүй лизенз зараад л явдаг үүнийг болиулсан хууль одоо үйлчилж байгаа. Гэхдээ шинэ хуулийн төслөөр өргөдөл хамт орсон байна лэ, хуулийн төслийг нь уншуулчихаад саналыг нь авч байлдаа