Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар ойртож байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахлаас үүдэж иргэд баяраа цомхон тэмдэглэсэн. Гэвч энэ жил сар шинийн баяр өргөн хүрээтэй нүсэр болох нь тодорхой харагдана. Зах худалдааны төвүүдээс эхлээд дэлгүүр хоршоо бүгд л хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр дүүрчээ. Үүнтэй зэрэгцэн арга хэмжээ, баяр ёслол, нэвтрүүлгүүд ч хоцорсонгүй.
Үүнд: Өв уламжлал ёс заншлаа бэлгэддэг жамтай Сар шинийн баярын томоохон ёслолуудын нэг бол "Хүрээ донж" цагаан эсгийн ёслол билээ. Тиймээс ч бид энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Тус арга хэмжээний талаарх сурвалжилгыг бэлтгэхээр UG Place-руу /2022.2.06/ хөдөлсөн юм.
“Хүрээ Донж” 2023 ёслолын үүд хэсгээр ороход л олон хүмүүс үндэсний хувцсаараа гангарсан харагдана. Тус ёслолд олны танил дуучин, жүжигчдээс гадна Энэтхэг, Европын холбоо, Вьетнам зэрэг улсын бүрэн эрхт элчин сайдууд уригдсан байлаа. Мөн тус арга хэмжээний ивээн тэтгэгч байгууллагууд болон хамтран ажиллаж байгаа үндэсний бүтээгдэхүүнүүд ширээн дээр өрөөстэй байсан нь шоуг улам чимж харагдана. Ирсэн зочдоо хүртэл цагаан идээ, айраг цагаагаар дайлав. Тэр чигээрээ л үндэсний өв соёл, ёс заншлаа дээдэлсэн сайхан ёслол боллоо.
ХҮРЭЭ ДОНЖ ЗАГВАРЫН ШОУ
Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус ёслолын ажиллагаанд үндэсний загвараа танилцуулахаар “Борголжин”, “Урбан”, “Ариунаа Сури”, “Ялгуун” “БОХО” “Шилмэл загвар” зэрэг 10 гаруй үндэсний үйлдвэрлэгчид тайзнаа гарч ирлээ. “Хүрээ донж” цагаан эсгийн ёслол нь 2019-2022 онд телевизийн контент хэлбэрээр 3 удаа цацагдсан. Харин энэ жил анх удаа үндэсний брэндүүдтэй хамтран загварын шоу зохион байгуулж байна.
Дээл гэхээрээ л хуучинсаг загвартай байна гэсэн тогтолцоо аль эрт өнгөрчээ. Илүү орчин үеийн шинжийг агуулсан шинэлэг бөгөөд хүмүүс өдөр тутамдаа өмсөж болохуйц таатай байдлыг эрхэмлэдэг болсныг тус загварын шоу илэрхийлж байв.
Гайхалтай бүтээл, шинэлэг загвар, давтагдашгүй өнгө аяс, урлаг бүтээдэг дизайнертай уулзаж энэхүү сурвалжилгаа баяжуулах зорилготой надад “БОХО” брэндийн загвар зохион бүтээгч А.Уянга нүдэнд тусаж байлаа. Тэр ч утгаараа түүнээс сэтгэгдлийг нь сонсох боломжийг эрэлхийлэв.
Тэрбээр “МҮОНТ-ийн урилгаар “Хүрээ донж-2023” загварын шоунд анх удаа оролцож байна. Мөн манай загвар шоуны хамгийн эхний гараа болсонд баяртай байна. Манай “БОХО” брэнд нь үндэсний хувцас нээг их хийгээд байдаггүй. Харин “Хүрээ донж” ёслолд зориулан тодорхой хэмжээнд загвар дээрээ түлхүү ажиллаж өгсөн. Үндэсний хэв маяг, чөлөөт загвар, өөрийн гэсэн өнгө төрх, өнгөлөг байдал нь бусдаас ялгарах байх гэж найдаж байна. Нэг хувцас нь олон төрлийн хувцастай зохицож өдөр тутам ч өмсөх боломжтойгоор бүтээсэн. Энэ арга хэмжээнд брэндээ танилцуулж, туршлага хуримтлуулахаар оролцсон, сэтгэгдэл их өндөр байна” гэв. Мөн тэрбээр удахгүй 2 дахь бие даасан шинэ шоугаа хийхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм.
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЗҮЙ ЁСООР ОРОХ ТЕЛЕВИЗИЙН ШОУ
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн "Хүрээ донж" цагаан эсгийний ёслолын ажиллагаа, загварын үзүүлбэр Сар шинийн баярын өдрүүдээр цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүрэх юм.
Тус загварын шоунд нийт 43 загвар өмсөгч оролцов. Мэргэжлийн үсчин, гоо сайханчид арын албанд нь ажиллав. 180 гаруй үндэсний хувцсыг тайзнаа толилуулсан гэхээр 180 төрлийн үс засалт, нүүр будалтын техникийг гаргасан гэсэн үг.
Мөн МҮОНТ-ийн урилгаар “Хүрээ донж-2023” шоунд “Моделс агент”-ийн 30 гаруй загвар өмсөгч үндэсний брэндийн хувцсыг тайзнаа хүргэлээ. Энэ удаагийн загварын тайзан дээр топ моделиуд харагдсангүй. Тэд өөрсдийн бэлтгэсэн залуу төлөөллөө оролцуулж байгаа нь илүү шинэ өнгө төрхийг харуулж чадлаа.
Хамтран ажиллаж буй ивээн тэтгэгч байгууллагуудын хувьд хувцасны олон брэндүүд байхаас гадна сувдан зүүлт, бүс, ээмэг гээд гоёл чимэглэлүүд харагдана. Зөвхөн үндэсний хувцсыг дэлхийд таниулах биш давхар үндэсний хэв маягийг оруулж дотоодоо үйлдвэрлэн бүтээсэн гоёл чимэглэлийг сурталчилж байгаа нь өвөрмөц байсан.
ГОЁ САЙХАН БАЙДЛЫГ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛЭЭС САЛГАЖ ОЙЛГОМГҮЙ
Гоё сайхан байдлыг гоёл чимэглэлээс салгаж ойлгомгүй. Тэр тусмаа өмссөн хувцастайгаа зохицуулж, аксесор чимэглэлээ сонгодог болсон загварлаг эмэгтэйчүүддээ зориулж нэгэн гоё мэдээллийг энэ дашрамд хүргэе.
Ёслолд “OPAL” брэнд хамгийн анхны коллекцоороо оролцож байлаа. Энэхүү брэнд нь цэвэр байгалийн чулууг үнэт эдлэлтэй хоршуулан байгалийн өнгийг гаргадаг гэдгээрээ онцлог аж. Байгалийн чулуу, үнэт эдлэлтэй хослоод ирэхээр үндэсний дээлтэй хэрхэн яаж зохицохыг бүсгүйчүүд маань гадарлаж байгаа биз ээ.
Төгс хослол гэж энийг л хэлэх байх. Тансаг, өвөрмөц, давтагдашгүй, үнэ цэнэтэй бүхнийг эрхэмлдэг бүсгүйчүүдэд зориулагдсан брэнд гэлтэй.
“OPAL”-ын гүйцэтгэх захирал Ү.Отгонжаргал “Үндэсний өв соёлоороо бахархъя” уриан дор үндэсний хувцсаа дэлхийд сурталчлан, шинэлэг загвар зохион бүтээж байгаа загварын салбарынхандаа талархал илэрхийлмээр байна. Монголоосоо гадна дэлхийн түвшинд өрсөлдөж байгаа чадварлаг загвар зохион бүтээгч залуучуудыг дэмжих, алдаршуулах зорилготой гайхалтай арга хэмжээ болж байна. Монголчуудад өв соёлоороо бахархах, үндэсний хувцсыг хэрэглэж хэвшүүлэх зорилготой энэхүү томоохон ёслолд уригдан оролцож байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Давтагдашгүй загвар, өв соёл, үндэсний тодотгол шингэсэн “Хүрээ донж” ёслол ийнхүү Сар шинийн өдрүүдэд үзэгч түмнийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө баясгах цаг ойртсоор. Ёслолын олон гайхалтай сюрпризийг нууц хэвээр нь үзэгчдэдээ үлдээе.
Бэлтгэсэн:Н.Цацрал
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …