Найз залуугаа согтуу машин бариулахгүйн тулд жолооч биш хүн жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй бяцхан охид гэмтэж бэртсэн талаарх мэдээллийн “гал бөхөөгүй” байна. Бөхөх ч ёсгүй. Хүний амь нас, бусдын эд хөрөнгөнд хор хөнөөлтэй ийм гэмт үйлдэл дарагдаад өнгөрөх, эсхүл чадалтай нэгэн нь өөрийн талд асуудлыг шийдвэрлээд явж болохгүй.
Эх сурвалжийн мэдээллээр, осол гаргасан этгээдийн ар гэрийнхэн нэлээн боломжийн хөрөнгө мөнгөтэй хүмүүс учир хэргийг дарж, хохирогчидтой “нууцын зэрэглэлтэй” хэлцэл хүртэл хийсэн гэх. Гэвч хохирсон бяцхан охидын биеийн байдал, сэтгэлзүй бодит байдал дээр ямархуу байгаа нь одоо ч тодорхой бус байсаар. Осол гаргасан эмэгтэйн найз залуу гэх этгээд өмнө нь хэд хэдэн удаа согтуугаар жолоо барьж, эрхээ хүртэл хасуулж байсан гэхээр тухай бүрт нь мөнгө, танил талаар бүгдийг зохицуулдаг байсан нь илэрхий.
Тэгвэл нийгэмд ил болоод байгаа нь л энэ болохоос олны танил хийгээд мөнгө төгрөг, эрх мэдэлтэй хүмүүс хүний амь насанд аюултай, бүр амь насыг нь хохироосон үйлдэл гаргачихаад дарагдаад, эсхүл мартагдаад өнгөрсөн нь олон.
23 САЯЫН ҮНЭТЭЙ АМЬ ГЭЖ БАЙХ УУ?
Эргэн сануулахад, "Тайгам Алтай" компанийн гүйцэтгэх захирал Ц.Содномцэрэн гэгч 2008 оны дөрөвүгээр сарын 3-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хоёр хүний амийг хохироосон байдаг. Нэг нутгийн залуусын аминд хүрч, цөөнгүй иргэдийг бэртээсэн хэргийн талаар тухайн үед шуугиж байсан ч тэгсхийгээд намжсан.
Тухайн үед Ц.Содномцэрэн Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн ажилтан, цагдаагийн дэслэгч Н.Ганбат нарын найзуудтайгаа Өргөө кинотетрын орчимд нэгэн бааранд наргисан байдаг. Шөнө дунд согтуугаар 46-46 УБЗ улсын дугаартай "Тоёото Ланд круйзер 200" маркийн машинаа жолоодон 100 айл дахь гэр рүүгээ явж байгаад осол гаргасан.
Тэрбээр машинтайгаа Хүнсний I дэлгүүрийн дэргэдэх замын хашлага даван, ТҮЦ, цаашлаад үсчний газар мөргөөд зогссон. Ингэхдээ ТҮЦ-ийн дэргэд такси барихаар зогсч байсан Ш.Э, Ж.Г нарыг дайрч амь насыг нь хөнөөсөн юм. Мөн ТҮЦ-ийн худалдагч Н.Батжаргалыг охинтой нь, худалдаа хийж байсан С.Батмөнх, Д.Даваадулам нарыг дайрч гэмтээсэн гэх маш ноцтой зам тээврийн ослыг гаргаж байв. Хохирогч Н.Батжаргал нуруундаа гэмтэл авч, худалдагчийн охин С-ийн нүд рүү шилний хэлтэрхий орсон байдаг.
Эл хэргийг нэхэн сурвалжилваас, “Согтуу” жолооч Ц.Сономцэрэнд холбогдох хэрэг Өршөөлийн хуулийн дагуу өршөөгдсөн гэх. Тодруулбал, түүнд эрүүгийн хуулийн 125.4-т заасан үндэслэлээр 5.1 жилийн хорих ял ногдуулсан байсан юм. Анхан болон давж заалдах шүүх хурлын үеэр хохирогчдын зүгээс Ц.Сономцэрэн хэдий гэмт хэрэг үйлдсэн ч учруулсан хохирлоо төлж барагдуулсан учир ялыг нь хөнгөрүүлж өгөхийг шүүгчдээс хүсч байсан. Тэрээр хохирогчийн ар гэрийнхэнд тус бүр 23 сая төгрөг өгсөн гэдэг мэдээллээс хэтэрсэнгүй. Энэ үнэн бол үнэхээр аймшигтай.
ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙХ ЯВЦАД Ц.СОДНОМЦЭРЭН АНУ РУУ ЯВЖ БАЙСАН
Согтуу жолоочийн балгаар 20 гаруйхан насандаа хорвоогоос хальсан Ш.Э, Ж.Г нар Булган аймгийн Тэшиг сумын харьяат. Ш.Э нь Батлан хамгаалах их сургуулийн Төрийн захиргааны удирдлагын ангид, Ж.Г "Улаанбаатар-Эрдэм-Оюу" дээд сургуулийн Татварын эдийн засаг, ня-бо-гийн ангид хоёр дахь жилдээ суралцаж байжээ.
Эх сурвалжийн мэдээллээр осол гаргасан Ц.Содномцэрэн хэргийн дараахан АНУ руу яваад, хохирогчдын ар гэрийнхэнтэй дээр дурдсанаар тохироод дууссан гэх. Тухайн үеийн хэвлэлүүдэд гарсан мэдээллээр, тэрбээр ослын үеэр хүнд гэмтэл авч, тэр нь мэдрэлд нь нөлөөлсөн, хэрэг хүлээх чавдаргүй гэдэг шалтгаанаар батлан даалтад байлгасан байдаг.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДСЭН НЬ МӨН Л ТОДОРХОЙГҮЙ
Энэ хэрэгтэй адил олныг цочроосон осол 2007 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Гачууртын замд гарч, мөн л хоёр хүн амиа алдсан юм. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гадаад паспортын хэлтэст байцаагчийн ажилтай Д.Төмөрбат, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч М.Лханаасүрэн, Мөрдөн байцаах газрын тамгын хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Баянмөнх, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн "Да хүрээ" захын гэрээт хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл нарын төрийн албан хаагчид Гачуурт дахь амралтын газарт архи уун согтсоныхоо дараа нийслэл рүү явж байхдаа зам хөндлөн гарч байсан Д, Э нарыг дайрч, амийг нь хөнөөсөн. Мөн л хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй. Магадгүй дээрх Ц.Содномцэрэнгийн адилаар Ц.Элбэгдоржийн үед гарч байсан Өршөөлийн хуульд хамрагдсан байхыг үгүйсгэхгүй.
Олон нийт шүүх хяналтын байгууллагаас энэ мэт олны танил, танил нөлөөтэй, хөрөнгө чинээтэй нөхдийн хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн талаар ам асуух цаг нь ирсэн. Бага насны хүүхдүүдэд сэтгэлзүйн айхавтар эмгэг үлдээчихээд, аль эсхүл хүний амь насанд халдчихаад Өршөөлийн хуульд хамрагдаж, үгүй бол мөнгөөр хэргийг хааж явдаг байдлыг таслан зогсооё.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …