Сэлэнгэ аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсон Ч.Ундрамын гэр бүлийн асуудал олны анхаарлыг одоо ч татсаар байна.
Тодруулбал, дуулиан анх “УИХ-ын гишүүн Ч.Ундрамын үнэн дүр төрх” гэсэн гарчигтай мэдээллийг түүний экс нөхөр болох Б.Наранцацралт өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлснээр эхэлсэн.
Олныг цочирдуулсан, сенсаац тарьсан уг асуудал сар гаруйн өмнө дэлгэгдсэн ч нэр холбогдсон Ч.Ундрам, Д.Заяабаатар нар нь өөрсдийгөө өмгөөлж, хувийн харилцаа гэх утга бүхий зүйл хэлээд тэгсхийгээд өнгөрч байх шив.
Товчхондоо эрхэм гишүүн Ч.Ундрам цаг үеийн байдлаа үл анзаарч төлбөртэй нэвтрүүлэгт орж, ажил үүргийн хувьд ёс бус үйлдэл гаргаагүй гэж өөрийгөө хаацайлсан нь иргэдийн дургүйцлийг улам илүү хүргэсэн. Төд удалгүй өсвөр насны охиндоо халдаж байгаа бичлэг нь цацагдаж, өнөөх сэргээх гээд байсан нэр хүнд нь шалаар нэг болсон гэхэд хэлсдэхгүй. Энэ үед Ч.Ундрамтай нэр холбогдсон МУИС-ын доктор профессор Д.Заяабаатар ч зүгээр суусангүй. Хэдэн хэвлэлд хандаж, өөрийгөө ямарч хамааралгүй, зөвхөн ажил хэргийн холбоотой гэдэг тайлбарыг өгөөдхөв. Гэвч Д.Заяабаатарын энэ үйлдэлд МУИС-ынхан нь эгдүүцэж, оюутнуудаас нь эхлээд тэдний амрагийн холбоог ам хуурайгүй ярьж байх жишээний.
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг ардын үг бий. Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрамын албан тушаал, бүрэн эрхийн асуудал энд зайлшгүй яригдах ёстой юм. Эсвэл улстөрч хүнд ёсзүй, этик гэж байх ёсгүй юм уу. Албан тушаалдаа алдаа гаргаагүй гэдэг зүйл ярьчихаад ард нь гэр бүлийн хүчирхийлэл, амрагийн явдал нь асуудал биш болоод үлдэх ёстой гэж үү?. Угтаа УИХ-ын гишүүн хүн ч олны танил урлаг соёлын “од”-ын нэгэн адил бусдад үлгэр дуурайлал болохуйц, сонгогдсон нэгэн байдаг. Энэ утгаараа ч Ч.Ундрам төрийн албанд, парламентын тогоонд яавч байж болохгүй дүр төрхийг харуулсан гэж дүгнэж байна.
Түүнтэй нэр холбогдоод буй Д.Заяабаатарын хувьд ч ялгаагүй.
МУИС гэдэг зүгээр нэг нэр бүхий жижиг, хувийн сургууль, сектор биш. Бүх л бүтэн их, дээд сургуулийг тодорхойлогч улсын боловсролын салбарын гол хүчин. Тэнд профессор, Эрдмийн зөвлөлийн дарга хийдэг хүн айл гэр үймүүлэгч, албан тушаалтантай амрагийн холбоотой болчихлоо шүү дээ.
Мөн л Ч.Ундрамын адил бусдад үлгэр дуурайлал болохуйц түвшний ажил албатай хүн өнөөдөр ёсзүй, хариуцлага, этик гээч юм үзүүлэхгүй байгаад гайхаж байна.
Боловсролын салбарт, тэр дундаа Монголын ирээдүй болсон оюутан залууст ийм хүн үлгэр дуурайлал үзүүлж, нөлөөлж байна гэхээр ой гутам. Ер нь тэгээд төрийн алба гэдэг цаанаа ёсзүй, жудаг, хариуцлагыг эрхэмлэсэн, хатуу чанга байх ёстой бус уу. Энэ мэтийн асуудалд толгойг нь илээд өнгөрөх биш жинхэнэ төрийн төмөр нүүрээ харуулж байж эргээд энэ албыг чанаржуулж, төгөлдөржүүлэх нь дамжиггүй биз.
Сонгогчдыг төлөөлж их хуралд суугаа хүн, боловсролын салбарыг тодорхойлогч хүчинд алба хааж байгаа сурган хүмүүжүүлэгч гэр бүлийн хүчирхийлэл, араар тавилт, зүй бус харилцаа гэх хувь хүний шинж чанартай ч нийгэмд муу үлгэр дуурайлал үзүүлэхүйц асуудалд нэр холбогдчихоод байхад төрийн албаны ёсзүй, мөн чанарын дагуу ч хариуцлага хүлээлгэж болохгүй гэж үү?
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …