Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.01.30) Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж, хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж ажиллах талаар зарим чиглэлийг өглөө.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим. Нийгмийн шударга ёсны зарчим гэдэг нь хүн бүр нийгмийн гарал үүсэл, эсвэл хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн шаардлага юм. Хүүхдийн мөнгө бол халамж биш.
Сангийн яам төсөв өргөн барихдаа хүүхдийн мөнгийг халамжийн төрөл, тэтгэмж гэж оруулсан” хэмээв. Мөн Хувь хүний орлогын албан татварын хуулиар татварын шаталсан тогтолцоотой болж байгаа. Гэтэл уг тогтолцоо нь татварын тэгш, шударга байх зарчимтай нийцэж байгаа эсэхэд иргэд шүүмжлэлтэй хандаж байгааг хэллээ.
Монгол Улсын хувьд 2007 он хүртэл шаталсан татварын тогтолцоотой байсан. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг дагаад орлогын ялгаа нэмэгдэх хандлагатай болсон учраас татварын тэгш, шударга байдлыг хангах зорилгоор шаталсан татварын тогтолцоог хуульд оруулсан. Дэлхийн олон улс шаталсан татварын тогтолцоонд шилжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Латви, Литви, Чех зэрэг улс шаталсан татварын тогтолцоо руу эргэж шилжсэн байна. Одоогийн байдлаар дэлхийн 190 гаруй улсаас 18 улс шаталсан татварын тогтолцоонд шилжээгүй байгааг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн танилцууллаа.
Тэрбээр, “Хуулийн өөрчлөлтөөр бол сарын арван сая төгрөгөөс дээш хөдөлмөр эрхлэлтийн орлоготой хүмүүсийн ажил олгогчоос суутгадаг татварын тухай энэ асуудал яригдаж байгаа. Сард арван саяас дээш цалингийн орлоготой хүмүүсийн хувьд арван саяас давсан хэсэгт нь 15 хувийн татвар ногдуулах өөрчлөлт орсон. Олон нийтийн сүлжээнд иргэдийн банкны дансны орлого, дансны гүйлгээнээс авна гэх мэт өөр утгатай тайлбар явагдаж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Банкны гүйлгээнээс татвар авах тухай хууль байдаггүй, ийм хуулийн талаар хаана ч яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл. Энэ хуулийн босгыг тогтоохдоо бид нэлээн тооцоо судалгаа хийсэн. Нийт иргэдийн 99.9% нь энэ татварт хамаарахгүй. Зөвхөн 1300 орчим хүний л асуудал яригдаж байна. Эдгээрт банк санхүүгийн байгууллага, уул уурхайн салбарт удирдах албан тушаал хашдаг иргэд, гадаадын өндөр цалинтай техникийн ажилчид дээр хамаарч, яридана. Үүнд хувиараа бизнес эрхлэгчдийн бизнесийн орлого хамаарахгүй. Мөн хадгаламжийн хүү буюу банкнаас орж ирж буй хүүгийн орлого хамаарахгүй. Зөвхөн ажил олгогчоос ажилтанд олгодог хөдөлмөр эрхлэлтийн орлогын хүрээнд яригдах асуудал. Үүний зэрэгцээ шаталсан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, орлого багатай иргэдийн татварын хөнгөлөлт өндөр, орлого нэмэгдэх тусам татварын хөнгөлөлт буурдаг” гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …