Телевизийн олон үзэгчтэй контентуудын нэг болох "The Voice Of Mongolia" шоунаас төрсөн охидын NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production"-тай хийсэн гэрээ болон ажлын үйл явцын тухай олон нийтэд дэлгэсэн нь сонсогч түмний анхаарлыг татаад амжлаа.
Тодруулбал, Н.Энэрэлсайхан: “"B" production-нд харъяалагдаад 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Уран бүтээл толилуулах бүрт 90 хувийг нь продакшн, 10 хувийг нь артистууд авахаар гэрээлдэг. Энэ жилийн шинэ жилээр олон ч газар дуулсан. Гэтэл нэг ч төгрөг надад өгөөгүй. Тэр битгий хэл байгууллагуудтай хамтарч ажилласан 10%-аас ч өгдөггүй. Иймийн учир тус production-наас гарахаа мэдэгдэхэд менежер нь: Тоглолт, шоунд өмсдөг хувцасаа авчирж өг. Өгөхгүй бол иргэний үнэлэхний хаягаар чинь хүн явуулж авахуулна. Таксиний мөнгийг нь төлөөрөй гэж дарамтласан” гэх мэдээллийг ил гаргасан.
Энтертайнмент салбарын уран бүтээлчид уг асуудалд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд дээрх уран бүтээлчийн адилаар хөдөлмөрийн хөлсөө авалгүй хохирсон уран бүтээлчид ч цөөнгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Залуу уран бүтээлчийн хувьд ийнхүү түрүүлж ам нээсэн нь шүүмжлэл, асуудлыг зэрэг хүртээд байгаа. Өөрөөр хэлбэл, зарим иргэд “цомгийг нь гаргаж өгчихөөд байхад, илүү төлбөр нэхлээ” гэдэг өнцгөөр харж байгаа бол үлдсэн нь “цэвэр хөдөлмөрийн мөлжлөг” гэж онцолжээ.
Гэхдээ шүүмжлэлээс илүүтэй асуудал болгож, далд байгаа хөдөлмөрийн мөлжлөгийг ил гаргаж, шүгэл үлээж, зоригтойгоор өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадлаа гэх иргэдийн үзэл бодол давамгайлж байна.
Нөгөө талаараа эл асуудал “Монголын ёс гурав хоног” гэдэг шиг хэдхэн хоног сэвэгдээд өнгөрвөл залуу уран бүтээлчийн карьер, урлагт хөлөө олох асуудал нь ээдрээтэй болж үлдэнэ. Учир нь Д.Болд бол урлагийн салбартаа “дархлагдсан” нэгэн. Энэ мэтээр өөр олон залуу уран бүтээлчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа бол тэдний гэрээ яг ямар чиглэлээр хийгдэж байгааг хэн ч мэдэхгүй юм. Гэрээнд заасны дагуу ажилуулж, цалинг нь олгож байгаа үгүйг тогтоож, шалгах газар яг одоо байна уу. Хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? гэдэг асуулт урган гарна.
Н.Энэрэлсайхантай манай редакц холбогдож, тодруулга мэдээлэл авахыг хүссэн. Товчхондоо, "B" production-ний зүгээс цалинг нь олгох эсвэл шахалт дарамт байсан үгүйг тодруулах гэсэн боловч тэрбээр мэдээлэл өгсөнгүй.
Мөн энэхүү асуудлаар "B" production-ний менежер болох Ж.Бямбасүрэн, Захирал Д.Болд нараас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодруулга авах гэсэн ч тэд одоогоор албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгааг уншигч та бүхэн анзаарч байгаа биз ээ. Гэхдээ асуудал дэгдсэний дараахан Д.Болд өөрийн цахим хаягтаа “Цомгийг нь гаргасан” гэдэг утга бүхий жилийн өмнөх постоо дахин сийрүүлсэн байсан нь асуудалд өөрсдийгөө өмгөөлсөн байр суурьтай байгаа нь илэрхий юм.
Тэгвэл урлагийн салбарын хөдөлмөрийн мөлжлөг гэж нэрлэгдээд байгаа Н.Энэрэлсайханаар жишээ татагдсан энэ асуудалд урлагийн тодотголтой нөлөө бүхий хүмүүс ямар байр суурь илэрхийлснийг дор онцолж байна.
Продюсер:Б.Ангирмаа
(КИВИ) хамтлагтай гэрээгээ маш нягт хийсэн хүн би билээ. Дэлгэж хэлье дөнгөж байгуулагдаад 60/40 байлаа 5 жилийн нүүр үзлээ тэнд 90/10 байсангүй. 5 жилийн дараа гэрээ сунгагадаад 50/50 болж гэрээ хийгдлээ тэнд 90/10 байсангүй гэрээ дууссан. Одоог хүртэл охидоос минь мөнгө ирдэг юм. Ийм сайхан хамтлаг байгуулжээ, ухаантай охидтой. Мөлжлөг байж болохгүй, үнэнч байх ийм чухал!!! хэмээжээ.
Загвар өмсөгч Э. Оюунбилэг:
Жаахан байхад ч ийм юм болж байсан шүү. Жаахан хүүхэд ч байж бас зориггүй байж, зоригтой ингээд хэлж байгаа нь мундаг байна.
Загвар өмсөгч:Ю.Балжидмаа
Би бүүр цалингаа нэхээд алагдуулаж байлаа.
“The voice of Mongolia” шоуны оролцогч: Д.Онон
Анх “The voice of Mongolia”-д орж танигдаж тэгээд ч Б.Болд дуучин боломж олгоод за бүүр артист аваад хэдэн сайхан уран бүтээл хийж өгөөд нилээдгүй олны танил болгож өглөө. Тэгээд ханаж талархаж сурах хэрэгтэй шүү. Тэр 10%-тай хувьгүй яаалаадаа ер нь жижигхэн зүйлд ч талархаж сураагүй хүн, хүний том ач гавьяа, өгсөн нэр хүндэд талархаж чадахгүй байх нь аргагүй. "B" production тэгж залж урлагийн гараанийх нь замыг нь сайхан засаж тавьж өгөөгүй байсан бол өнөөдөр хэнийн зүгээр ковер дуучин л явж байгаа. өөрийнхөө бодлыг бичлээ.
Жүжигчин:А.Төгсбаяр
Миний хувьд Acapella, Maaz, дуучин, гитарчин Гантулга зэрэг хамтлаг дуучидыг Монголын урлагт сохор зоос ч авалгүй өдий хүргэсэн шүү дээ. “90/10 60/40 50/50 ч гэх шиг” гэжээ.
Ерөнхийдөө энэ салбарт продюсерүүд өөрсдийн арга барилаар залуу уран бүтээлчидтэй гэрээ хийн, хамтарч ажилладаг. Тэгвэл Д.Болд, Н.Энэрэлсайхан нарын асуудал хөндөгдөхөд, зарим нь ямар ч гэрээ хийдэггүй, төлбөр мөнгө авч байгаагүй тухайгаа дэлгэсэн бол цөөнх нь гэрээний дагуу орлогын талаас дээш хувийг авдаг болохоо илэрхийлэв.
Бэлтгэсэн:Н.Цацрал
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …