Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ хуралдаанд Байгаль орчны төлөв байдлын тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого хөтөлбөрт туссан зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийн талаарх судалгаа шинжилгээний дүн, мэдээ, статистик тоо баримт нэн шаардлагатайг тэрбээр тайлангийн эхэнд дурдав.
Монгол орны цаг агаарын 2019-2020 оны жилийн дундаж агаарын темпратур 1.1-1.2 хэм буюу 1940 оноос хойш ажиглагдсан 5, 6 дахь дулаан жил болсон байна. Нийлбэр хур тунадасны хэмжээ 1940 онтой харьцуулахад 2019 онд 35 дахин хур тунадас багатай, 2020 онд 12 дахин хур тунадас ихтэй жил байжээ. Улсын хэмжээнд 2019-2020 онд цаг агаарын аюултай үзэгдэл 168, гамшигт үзэгдэл 32 удаа тохиож, нийгэм эдийн засагт 22.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулсан байна. Хүлэмжийн дундаж агууламж тасралтгүй нэмэгдэж, нүүрс хүчлийн хийн агууламж олон жилийн дундажтай харьцуулахад 16.5 хувиар, метаны агууламж 8.8 хувиар тус тус нэмэгдсэн. Монгол Улс Озоны үе давхаргыг хамгаалах тухай конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ биелүүлж, тайлант хугацаанд озон задалдаг бодисын импорт хэрэглээг 6.73 тонноор буурууллаа.
Улсын хэмжээнд ойжуулах, ойг нөхөн сэргээх ажлыг 2019-2020 онд 12.9 мянган га талбайд, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 132.9 мянган га талбайд тус тус явуулсан байна. Тайлант онуудад 140 суманд 263 удаагийн ой хээрийн түймэр гарч, 25.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Гол мөрний нийт урсац 2019-2020 онд 34-36.2 хувийн хангамжтай байж 32.8-33.3 километр куб урсац бүрэлдсэн нь олон жилийн дундаж урсацаас 1.7 куб километрээр их устай жил болсон гэв. Гадаргуун усны чанарын үнэлгээгээр нийт гол мөрөн, нуурын 92-93 хувь нь маш цэвэр, 5-6 хувь нь бага бохирдолтой, 2 хувь нь маш бохир ангилалд хамрагджээ. 2019-2020 онд гадаргын усны 1950 эх үүсвэр хатаж ширгэсэн бол 930 эх үүсвэр сэргэж, 456 булаг шандын эхийг хашиж хамгаалсан гэлээ. Тайлант хугацаанд нийт 578.2-591.0 сая метр куб ус олборлон ашиглаж, ус ашигласны төлбөрт жилд дунджаар 45-46 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Монгол орны ургамлын аймагт бүртгэлтэй 7725 зүйл ургамлаас тайлант хугацаанд 11.4 хувийг улаан дансны үнэлгээгээр үнэлэхэд үнэлгээнд хамрагдсан нийт ургамлын 72.5 хувь нь хүний буруутай үйл ажиллагаа буюу амьдрах орчны доройтол, байгалийн гамшигаас үүдэлтэйгээр хомсдож, хамгаалах шаардлагатай болохыг тогтоосон. Байгалийн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, менежментийг сайжруулах зорилгоор Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгааг дурдав.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …