Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.12.26) Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл батлагдсанаар бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох асуудал нь тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тодорхой болсноор хуулиудын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цахимаар казиногийн тоглоом болон бооцоот таавар эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааг зохицуулах, хянах, татвар ногдуулах боломжтой болно гэж үзжээ. Энэ хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцэх бөгөөд хуулийн төслийг Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон Казиногийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулах юм байна.
Казиногийн тухай хуулийн төслийн тухайд казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулахаар тусгасан. Гэхдээ казиногийн тусгай зөвшөөрөл олгох нь мөрийтэй тоглоомыг зайнаас буюу цахимаар зохион байгуулах эрх олгохгүй бөгөөд нийгмийн дэг журмыг хамгаалах үүднээс Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагааг зайнаас зохион байгуулахыг хориглохоор тусгасан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр, хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан.
Тухайлбал
- Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулах
- Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулах
- Төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлах.
- Бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх
- Тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн 30 жилийн хугацаагаар Засгийн газар олгох
- Хууль тогтоомжийг мөрдөж ажилласан бол энэхүү хугацааг 10 жилээр сунгах
- Казино эрхлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ зөрчиж, Зөвлөлөөс өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, дээрх хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
- Харин дотоод мэдээллийг ашиглан хожих, албан үүрэгтэй нь хамааралгүй шалтгаанаар Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг ноцтой зөрчилд тооцохоор заажээ.
- Дээрх зөрчлийг гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
- Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгасан.
Уг хуулийн төслийг Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулах юм байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …