ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд ярилцлаа.
-Монгол Улсад уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж эхлээд хагас зуун жил болжээ. Өнөөдрийн цаг үе хийгээд цаашид анхаарах хүчин зүйлсийн талаар яриагаа эхэлье.
-Монгол Улсад орчин цагийн Уул уурхай үүсэж хөгжөөд 100 жилийн болж байна. Мөн уул уурхайн дээд боловсролтон бэлтгэж эхэлсний 50 жил тохиож байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн анхны инженерийг Монгол Улсад бэлтгэж эхэлсний ой болж байгаа. 50, 100 жил гэдэг богино хугацаа биш. Энэ хугацаанд уул уурхайн салбар, тэр дундаа энэ салбарын мэргэжилтнүүд зогсолтгүй урагшилж, хөгжиж дэвшиж байна.
Бидний төгсгөж байгаа инженерүүд техник технологийн үсрэнгүй хөгжилтэй уялдаж ажиллах шаардлагууд үүсэж байна. Наад зах нь, уул уурхайн операторгүй тээврийн машин, операторгүй уул уурхайн тоног төхөөрөмжүүд ойрын хугацаанд Монгол орны уул уурхайн салбарт нэвтэрч ашиглагдахаар болчихсон байна.
Дэлхий олон улсад туршилтын байдлаар ажиллагаанд ороод явж байх жишээний.
Тиймээс төгсөгчид маань шинэ дэвшилтэт техник технологи дээр шууд ажиллах боломжтой юу гэдэг асуудал яахын аргагүй гарч ирж байна. Нөгөөтээгүүр баяжуулах үйлдвэрүүдэд процесс, технологийг хянаж, нарийн удирдах гэдэг чухал асуудал бий. Хэдийгээр технологийг тогтоочихсон ч горимыг нь барих чухал. Одоогоор технологийн шаардлагатай параметр, дата дээр суурилж өгөгдөл өөрчлөлт дээр инженерүүд тохиргоо хийж явдаг. Гэтэл энэ байдал явцдаа өөрчлөгдөх магадлалтай болоод байна. Товчхондоо, хиймэл оюун ухаанд суурилсан чиглэл рүү орж байгаа. Сүүлд гарч ирсэн машин сургах чиглэл л гэхэд бүх салбарт хэрэгжих боломжтой байгаа. Ингэснээр үйлдвэр ажиллаж байхад автомат удирдлагын систем өөрийн өгөгдөл, дата дээр анализ хийх юм.
Нэг ёсондоо инженер, техникчийн оролцоогүйгээр өөрөө өөртөө тохиргоо хийдэг ийм технологийн дэвшил бий болж хөгжиж байна.
Ойрын хугацаанд Монгол Улсын уул уурхайн салбарт, тэр дундаа баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ийм төрлийн технологи нэвтрэхээр байгаа.
-Тэгэхээр дэлхий дахинд техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед боловсон хүчин, инженер техникчдээ хөл нийлүүлэн бэлтгэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа гэсэн үг биз?
-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь үздэг байсан хичээлийн агуулга өнөөдрийн хөгжлөөс хоцорч байгаа гэсэн үг. Тиймээс манай сургуулийн хувьд хэд хэдэн удаа сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн. Гэхдээ л программчлал, машин сургах, хиймэл оюун ухаан чиглэлийн хөтөлбөрийг нэмж суулгах шаардлагатай байгаа. Цаашид төгсөгчдөд эрсдэл үүсгэхгүй байх суурийг бид бэлтгэж өгөх ёстой гэдэг утгаар үүнд анхаарч ажиллаж байна.
“Уул уурхай-Шинэ хөгжил” үндэсний хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Хэлэлцүүлгээр мэргэжилтэн бэлтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч явуулах ажил хөтөлбөрөө ярилцах юм. Ажил олгогчид хийгээд холбогдох байгууллагууд оролцоно.
-Мөн оюутны Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа гэж сонссон?
-Оюутнуудаа уул уурхайн салбарт дур сонирхолтой болгох, энэ салбарын ирээдүйн чиг хандлага, өөрсдийнх нь амьдралын баталгаа, техник технологийн дэвшлүүд, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан гээд олон зүйл дээр судалгааны ажлуудыг хэлэлцүүлэх юм. Бакалаврын түвшинд оюутнууд мэргэжлийн хичээлээ үзэхээс биш судалгаа хийх нь бага байдаг. Тэгэхээр оюутнуудыг эрдэм шинжилгээний хуралд оролцуулснаар шинэ санаа, дэвшилттэй зүйл, өөрийнх нь дур сонирхол чиглэлийг нь харж болно. Нөгөөтээгүүр зөвхөн багшийн заасан, эсхүл хичээлийн хөтөлбөрт хязгаарлагдахгүй сонирхсон чиглэлээрээ итгэл үнэмшлээ олж авах боломжтой болдог.
Уул уурхайн салбартай холбогдож байгаа бүхий л мэргэжлийнхэн оролцох боломжтой.
-Яг Эрдэс боловсруулах, инженерчлэлийн салбар хэдэн мэргэжлээр оюутан бэлтгэж төгсгөдөг вэ?
-Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэсэн хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулж уул уурхайн инженерүүдийг бэлтгэн төгсгөж байгаа. Энэ жил бакалаврын хөтөлбөр шинээр нэмж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдэг хөтөлбөрөөр элсэлт авч эхэлснээр нийт дөрвөн хөтөлбөрийн дагуу элсэлт авч дөрвөн мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна. Сүүлд нэмсэн хөтөлбөр дээр докторын түвшинд сургалт нээгдээгүй байгаа бөгөөд удахгүй нээх тал дээр ажиллаад явж байгаа.
-Төгсөгчид хувьд 100 хувь ажлын байраар хангагддаг уу?
-Ерөнхийдөө манай төгсөгчдөөс маш бага тооны оюутнууд өөрсдийн дур сонирхлоор өөр ажил хөдөлмөр хийгээд явдаг. Үлдсэн 70, 80 хувь нь уул уурхай, эрдэс баялгийн салбартаа ажиллаж байна.
Ажлын байр баталгаатай гэдэг утгаараа бусад салбараас арай давуу талтай байж болох юм. Уурхай, үйлдвэрүүдээр ажиллаад явахад манай төгсөгч нар хаа сайгүй байж байдаг. Нэр бүхий баяжуулах үйлдвэр дээр нэг ангийн төгсөгчдийн 70-80 хувь нь оччихсон тухайн үйлдвэрийг ажиллуулаад явж байх жишээний.
-Уул уурхайн салбар гэдэг Монгол Улсын хөгжил дэвшил, тэр дундаа эдийн засаг, төсөвт томоохон хувь нэмрээ оруулаад явдаг шүү дээ. Танай сургуулийн оюутнуудтай уулзаад ярилцаж байхад энэ талын ойлголтыг маш сайн авсан байдаг юм билээ. Магадгүй мэргэжил сонголтоо хийхэд нь нөлөөлсөн ч байхыг үгүйсгэхгүй юм?
-Монгол орон газрын хэвлийн баялаг дээрээ тогтсон эдийн засагтай. Олон хүчин зүйлээс нөлөөлж тодорхой хугацаанд уул уурхайн салбар дээр эдийн засаг тогтох нь ойлгомжтой. Тэр утгаар нь залуучууд илүү ирээдүйтэй салбар гэж сонголтоо хийдэг байх. Эцэг эхчүүд нь ч энэ талаас нь зөвлөдөг.
Гадаад валютыг төвлөрүүлж байгаа энэ салбар маань хөгжиж байж бусад салбарууд дагаж явах учиртай. Өөрөөр хэлбэл, гаднаас валют оруулж ирдэг гол салбар шүү дээ. Манай улс олон төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас худалдаж авдаг буюу тэр бүр өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй. Тэгэхээр төгрөгийн ханшийг унагаж, валютын хомсдолд оруулчихгүйн тулд яах аргагүй гадаад худалдааны тэнцэл гэдэг юм байх ёстой. Үүний цөм, суурь бол уул уурхайн салбар.
-Уул уурхайн салбарт хүний нөөцийн хомсдол үүсэх нь гэж салбарын зарим хүмүүс онцолж байна лээ. Энэ нь энэ салбарынхан ажлын байраар маш сайн хангагдаж байгаагийн илрэл мөн биз?
-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-той бүхэлд нь танилцсан. Улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох, эдийн засгийн сууриа хүнд үйлдвэр дээрээ төвлөрүүлсэн, тэр талын дэмжлэг ихтэй, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан бодлогын баримт бичиг байна лээ. Уул уурхай, хүнд үйлдвэрүүдтэй холбоотой төслүүд тусгагдаж өгснөөр цаашлаад “Шинэ сэргэлтийн бодлого”-оор явж чадвал магадгүй 5-10 жилийн дараа гэхэд үйлдвэрүүд дээр ажиллах инженер техникийн ажилчид, боловсон хүчин илүү олноор бэлтгэгдэх шаардлага үүсэх юм. Өөрөөр хэлбэл ажлын байр олноор бий болж, энэ салбарт ажиллах инженерүүдийн хэрэгцээ нэлээд өсөхөөр харагдаж байна.
Түүнчлэн уурхайчдын санал хүсэлтийн дагуу ростерын буюу уртын ээлжийн ажил, амралтын цагийг 14/14 болгож өөрчилсөн. Ингэснээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа уурхай, үйлдвэрүүд ажиллах хүчээ нэмсэн. Товчхондоо, хүний нөөцийн зах зээл дээр чөлөөтэй, сул явж байсан инженер техникийн ажилчид бараг байхгүй болсон гэсэн үг.
Харин Засгийн бодлоготой уялдаж, авцалдаж өгөхгүй нэг зүйл боловсролын салбарт байгаа.
-Тэр нь юу юм бол?
-Тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүд гэж байдаг. Тодруулбал, 30-аас дээш насны, 3-аас доошгүй жил ажилласан хүмүүсээс Тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад орсон мэргэжлээр ЭЕШ өгөхгүйгээр суралцах боломжтой байхаар бодлого зохицуулалт хийгдсэн. Гэвч Тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдийн жагсаалтад манай салбараас Газрын тосны инженер, Уул уурхайн ашиглалтын технологи гэсэн хоёр мэргэжил л багтсан.
Ингэснээр бусад хөтөлбөрүүдэд дээрх нөхцөлөөр элсэлт авах боломжгүй болчхож байгаа юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээгээ хараагүй, салбар хоорондын уялдаагүй байгаагаас үүдэлтэй энэ жагсаалт гарсан харагдаж байна.
Уул уурхайд ороод үйлдвэр дээр ажиллаад практикаа эзэмшчихсэн хэдий ч мэргэжлийн дипломгүй байгаа хүмүүс рүү буюу тэр эрэлт хэрэгцээ рүү бид чиглэх боломжгүй болчхож байгаа юм. Харамсалтай нь Тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад уул уурхай эрдэс баялгийн салбараас дээрх хоёрхон хөтөлбөр буюу мэргэжил орсон байгаа тул үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүсийн хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болоод байгаа юм.
Иймээс Монгол улсын засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Эрдэс баялгийн салбар дахь хүний нөөцийг хангалттай бэлтгэх явдал зайлшгүй бөгөөд үүний тулд наанадаж эрдэс баялгийн салбарын сургалтын хөтөлбөрүүдийг тэргүүлэх чиглэлийн мэргэжилд бүрэн хамруулах шаардлагатай байна.
Б.Маргад-Эрдэнэ
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
МУСТА, дуучин Н.ОЮУНЧИМЭГ: БИ УРЛАГИЙН ТӨЛӨӨ ЭНЭ АМЬДРАЛАА ЗОЛИОСЛОЧИХСОН ХҮН БАЙХГҮЙ ЮУ
“Өргөстэй цэцэгтэй хорвоо”,“Эхийн ариун сэтгэл”, “Чи бидэн хоёр”, “Миний үр ээждээ ир”, “Цасан дээрх танго” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан …