УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Х.ГАНХУЯГ: Эрчим хүчний систем 79 тэрбумын алдагдалтай ажиллаж байна
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулиар бид багагүй асуудлыг зохицуулах боломжтой. Гэхдээ хэд хэдэн эргэлзээтэй асуудлууд байна.
Нэгдүгээрт, Төсвийн хуультайгаа хэрхэн, яаж уялдаж байгаа вэ. Бусад оронд хамрах хүрээ, төсөвт эзлэх хувиар хязгаарлаж өгдөг. Тэгж байж дараа нь бодитой болдог. Тухайлбал, Англи 10 хувьд барьдаг. Ингэснээр лоозонгийн шинж чанартай байхаа больчихдог.
Хоёрдугаарт, Хуулийн 3 дугаар бүлэгт төсөл хэрэгжүүлэгч төслийг санаачилж болно гээд орсон байна. Энэ хэрэггүй юм биш үү. Мэдээлэлд аль ойр байгаа хүмүүс нь таньдаг компаниараа оруулж, санаачлаад л явах нөхцөл байдлыг үүсгэхээр харагдаж байна.
Гуравдугаарт, салбарын зарим хуулиудаар Төр, хувийн хэвшлийн хууль хэрэгжээд явж байгаа шүү дээ. Эрчим хүч дээр л гэхэд нэлээн олон тооны гэрээ, тусгай зөвшөөрөл өгчихсөн байдаг. Тариф нь хуулиар зохицуулагддаг. Бүх өрхүүдээс сэргээгдэх эрчим хүчний дэмжлэг гэж мөнгө хурааж байгаа шүү дээ. Бараг л татвар шиг болчихсон. Гэтэл өнөөдрийн сэргээгдэх эрчим хүчний өртөг тухайн үед бодож байсан өртөг хоёр газар, тэнгэр шиг болчихоод байна. Бусад оронд тендерээр хамгийн шилдэг технологиор шалгаруулдаг бол манайд эсрэгээрээ. Эрчим хүчний системээ доголдох хэмжээнд хүргэчихээд байна. Эрчим хүчний систем 79 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Цаашид энэ бүхнийг яаж зохицуулах юм.
Концессын хуулийг жигтэйхэн гоё хууль гэж явж байгаад сүүлдээ “концессын хулгайчид” болгоод дуусгачихлаа. Энэ хууль чинь явж байгаад сүүлдээ баахан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчид болоод дуусах вий дээ. Төртэй нийлж юм хийсэн болгон Монголд дампуурч байна. Аягүй бол хэдэн жилийн дараа “энэ хууль болохгүй байна, төсвөөс хамаг мөнгө сааж байна” болоод явах вий гэсэн болгоомжлол байна. Том төсөл, хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ л гээд байх юм. Дөрвөн жилийн циклээр хамаг юм өөрчлөгдөж байхад хуулийнхаа хамгаалалт, цаашдын юмыг сайн бодолцож хиймээр байна.
Г.ТҮВДЭНДОРЖ: Эрчим хүчний төслүүд салбарынхаа бодлоготой уялдаагүй
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж: Төсвийн тухай хуультай уялдаж явна. Концессын тухайн зохицуулалтуудыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар гэж өөрчилж явж байгаа.
Хуулийн төслийн 2 дугаар бүлэгт, түншлэлийн тухай төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргүүдийг маш сайн ялгаж зааглаж өгсөн байгаа. Сангийн яам төсөв дээр ирэх эрсдэл, өрийн удирдлагыг тооцно. Хуулийн төсөл дээр төсөвтэй уялдуулж хязгаарлалт тавьж өгөөгүй. Харин эдийн засгийн маш сайн тооцоо, судалгааг хийгээд хувийн хэвшилд ашигтайгаа байх нөхцлөөр хөрөнгө оруулалтыг нээж өгөхөөр тусгасан байгаа. Тэгэхээр Сангийн яамны чиг үүрэг дээр төсөв дээр ирэх эрсдэл, дарамт, тогтвортой байдал зэрэгт дүн шинжилгээ хийх гэж байгаа гэсэн үг. Энэ бүхнийг Сангийн яам нягтлаад төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэсэн тохиолдолд Засгийн газарт байгуулах эрхийг нь нээж өгнө. Төр өөрсдөө хийх боломжгүй, хэрэгтэй төслүүдээ хувийн хэвшлүүдээрээ хийлгэх бололцоотой.
Эрчим хүчний төслүүдийг аваад үзэхэд, салбарын бодлоготойгоо уялдаагүй.
Барих, ашиглах, шилжүүлэх төрлийн одоогийн байгуулагдсан нийт 20 гэрээний ихэнх нь эрчим хүчний төслүүд байгаа. Энэ эрчим хүчний төслүүд нь салбарынхаа бодлоготой уялдаагүй, салбар яамаараа дамжаагүй учраас Монгол Улсын жилийн эрчим хүчний хэрэглээнээс 10 дахин илүү хэрэглээний гэрээнүүдийг байгуулсан байна лээ.
Нүүрсний уурхай болгон дээр цахилгаан станц байгуулах зэрэг гэрээнүүдийг байгуулчихсан байсан гэх мэт.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …