Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хоёрдугаар хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо. Тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралд оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв. Хуралд Үндэсний хороо болон Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.
Энэ удаагийн хурлаар өмнөх хурлаас өгсөн үүрэг, даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийн явц болоод тус салбарыг сурталчлах маркетингийн төлөвлөгөө, 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уриа үгийг тодорхойлох, жуулчид хүлээн авахад Монголын авто болон төмөр зам, агаарын тээвэр, боомтуудын бэлэн байдлын боломж, шийдэл зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Аялал жуулчлалын маркетингийн хөтөлбөрийг танилцуулав. Discovery, National geographic зэрэг сувгаар Монгол орныг сурталчилсан контент бэлтгэж цацах, орчин үеийн маркетингийн арга хэрэгслүүдийг түлхүү ашиглан Монгол Улсыг олон улсад таниулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Монголд зочлох жилийн уриа, түлхүүр үгийг тодорхойлох танилцуулга хэлэлцүүлэг болж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын зочид буудлуудын холбоо, “Хүннү эйр” ХХК-ийн удирдлагууд Засгийн газраас аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж буйд талархал илэрхийлээд орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, зам, тээвэр дэд бүтцийг сайжруулах болон НӨАТ-ын татвар зэрэг асуудлаар саналаа хэллээ.
Оролцогчдын саналыг сонссоны дараа Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аялал жуулчлал бол зөвхөн нэг яамны асуудал биш. Үндэсний нэгдмэл үнэт зүйлтэй холбоотой, салбар хоорондын цогц асуудал. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж хөгжих учиртай. Төр, хувийн хэвшил нэгдсэн маркетинг, брэндингтэй байх нь чухал” гэлээ. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьж, 2022 ондоо багтааж салбарын хуулийг шинэчлэх нь зүйтэй гэлээ.
Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтэц, жуулчны компаниудын чанар, стандартыг дээшлүүлэх, Монгол Улсыг гадаад улсад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн хуанлиг энэ сард боловсруулж, олон улсад зарлах, бусад бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …