Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюритэй уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Канад Улстай хөгжүүлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг түвшин ахиулах, “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг хангах, хоёр талын яриа хэлэлцээний механизмуудаар хэрэгжүүлэхээр тохиролцсон арга хэмжээг ажил хэрэг болгоход Канадын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тодорхойлон хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд онцоллоо. Монгол, Канадын худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц бололцоог бүрэн ашиглахын чухлыг тэмдэглэв.
Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд удирдана. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Канад Улсын туршлагаас суралцах зүйл их гэдгийг тэмдэглэлээ.
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улс дэлхий дахинд ардчиллын төлөөх гэрэлт цамхаг байсаар ирснийг цохон тэмдэглэв. Мөн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаа холбоог идэвхжүүлэх нь Монгол, Канадын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Канад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хэрэгжилтэд амжилт хүслээ.
Уулзалтын үеэр талууд 2023 онд тохиох Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх, албан ёсны айлчлал, уулзалт, арга хэмжээ олныг зохион байгуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааг цаашид уул уурхайгаас гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, байгаль орчин, зам, барилга, эрчим хүч гээд харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэх чиглэлээр ярилцлаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …