Нийслэлийн хамгийн том буюу 346 мянган иргэн оршин суудаг Баянзүрх дүүргийн иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзжээ.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа- 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд болон дэлхий дахинд өрнөж буй үйл явц, улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдал, дэлхийг хэрсэн санхүүгийн хүндрэл дотоодод хэрхэн нөлөөлж болзошгүй байгаа талаар, ихэнх улс орныг хамраад байгаа санхүүгийн хямралт байдлыг Монгол Улс хэрхэн хохирол багатай даван туулахад чиглэсэн Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.
Засгийн газраас 2023 оны улсын төсвийг боловсруулахдаа ч шинэ жишгийг бий болгож, зарлага тал буюу халамжаа багасгаж, орлогоо дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмэхээр төлөвлөж байгааг онцлов.
Манай улсын экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг. Эрчим хүчний салбарын ачаалал 118 хувь болж, жил бүр 140 тэрбум төгрөгөөр хэрэглээнийхээ 20 хувийн эрчим хүчийг импортолдог.
Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг ч газар нутгийнхаа ердөө 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг учир замын түгжрэл, утаа, тоосжилт зэрэг өнөөдрийн хүндрэлтэй асуудлууд ужгирсан гэдгийг дурдлаа.
2030 он гэхэд ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 мянга гаруй ажлын байр нэмэгдэхээр байгааг холбогдох тоо баримтаар тайлбарлав.
Тухайлбал,2030 он гэхэд уг бодлогын үр дүнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна хэмээн тодотгоод 2021 онд 43 их наяд байсан ДНБ гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,599 ам.доллар байсан бол 12,054 ам.долларт хүргэхээр зорьж байгаа. Хүндрэл, бэрхшээл бүхэн өөр хоорондоо ямар нэг байдлаар холбоотой байдаг учир цогцоор нь шийдэх учиртай.
Цар тахлын амаргүй цаг үеийг ч Засгийн газар амжилттай давж гарсан бөгөөд зөвхөн 2021 онд л гэхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхэд 1.3 их наяд, хатуу хөл хорионы үед иргэн бүрд 300 мянган төгрөг олгоход 1.1 их наяд, цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс хариуцахад 1.1 их наяд төгрөг зарцуулсан гэв.
Тэрбээр өнөөдөр ч цар тахал болон геополитикийн хямралт нөхцөл байдал бидэнд дарамт үүсгэсээр байна. Ачаа тээврийн гацалт, газрын тосны бүтээгдэхүүн, ам.долларын ханшийн өсөлт зэрэг нь Монгол Улсын инфляц 14.4 хувьд хүргэхэд нөлөөлөөд байна.
Инфляцын 50 хувийг импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байна. Үүний дотор, шатахууны үнэ 58.6 хувь, махны үнэ 16 хувиар нэмэгдсэн нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн.
Валютын орох урсгал буюу Монгол Улс гаднаас хэрхэн валют олдог вэ гэдэг асуулт гарч ирнэ.Экспортын орлого бол валют цуглуулдаг хамгийн гол суваг. Экспортод зэс, нүүрс, алт голлож ордог. Үүний 90 хувийг уул уурхайн салбар эзэлдэг.
Тэгвэл олсон валютаа бид юунд зарцуулдаг вэ гэхээр импортын төлбөрт хамгийн их зарцуулдаг. Бензин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хүнс зэрэг бүтээгдэхүүн гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бид яах вэ? Энэ хэвээрээ л яваад байх уу? Монгол Улс үйлдвэрлэгч улс болж, түүхий эдээ дотооддоо боловсруулдаг бол бидний валютын гарах урсгал багасаж, орох урсгал нэмэгдэнэ.
Байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсантай холбоотой. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс, ширийг боловсруулж чадалгүй хаяж байна. Зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох учиртай.
Хотын түгжрэлийг бууруулахын тулд хөдөө, орон нутгийн хөгжлөө бодлогоор дэмжих учиртай. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын, Эрчим хүчний, Аж үйлдвэржилтийн, Хот, хөдөөгийн, Төрийн бүтээмжийн, Ногоон хөгжлийн сэргэлтүүд чиглэх болно” гэлээ.
Нийслэлчүүдийн дөрөвний нэг нь оршин суудаг Баянзүрх дүүргийн хувьд гэр хорооллын авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж тааруу, боловсролын хүртээмж буюу цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байдаг, төрийн байгууллагын анхан дунд шатанд хүнд суртал их байгаа, сүүлийн хэдхэн жилийн дотор улс төржилтөөс болоод хөгжлийн үзүүлэлтээрээ бусад дүүргүүдтэй харьцуулахад сүүл мушгих болсон, ахмадуудын хувьд хөнгөлөлттэй эмийн асуудал зэрэгт Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарах шаардлагатай байгааг иргэд хэлж байв.
Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн хэмжээнд санхүүжилт нь тодорхойгүйгээс “царцаасан” 31 объект байдгаас зураг төсөв нь бүрэн байгааг нь ирэх оны төсөвт тусгуулах, мөн сургууль, цэцэрлэгийн дөрвөн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, гэр хорооллын зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын зураг төсвийг бэлэн болгоход зориулж Ерөнхий сайдын багцаас дөрвөн тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …