Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс 2021 оны тавдугдугаар сарын 21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны долдугаар сарын 05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа. Тэрбээр бүлгийн хуралдаанаар уг асуудлыг ярилцаад Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд буцаагаад Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийг үлдээж, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэж анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн.
Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Мөн энэ өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс тус тус өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсныг онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Г.Ганболд нар асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан.
Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 23.3, 23.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 11.1-д заасан албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцож болно.”, “Энэ хуулийн 23.3-т заасан хугацааг төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 33.3 дахь хэсгийн “иргэнээс” гэснийг “иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас” гэж, мөн хэсгийн “шилжих, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас төрийн захиргааны удирдах албан тушаалд шилжих тохиолдолд авна.” гэснийг “шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналууд дэмжигдлээ.
Мөн төслийн 4 дүгээр зүйлийн ““Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар” гэснийг “Иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсон, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг”” гэснийг ““Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас” гэснийг “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон,”” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон 54.0 хувь нь дэмжсэн.
Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас төслийн 1 дүгээр зүйлийн “гаргахыг хориглоно.” гэсний дараа “Төрийн албаны тухай хуулийн 10.1.1-д заасан албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэл гаргахгүй.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнгүй.
Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …