Баянгол дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан, Каритас Монгол ТББ-тай хамтран энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн нээж Баянгол дүүргийн ИХТ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ:
“Төр засгийн бодлогын зангидах, түүнийг нэгж тус бүр дээр хэрэгжүүлж ажиллах нь та бидний хамтын ажиллагаа юм. Иймд бид галын шугаманд, халуун цэг дээр ажиллаж, ачааны хүндийг үүрч яваа та бүхнийхээ ажиллах арга зүйг сайжруулах, мэдээлэл солилцох, тулгамдаж буй бодит кэйсүүд дээр шийдэл олоход хүндрэлтэй асуудлаа жишээлэн ярилцаж Нийгмийн ажлын мэргэжлийн багш нарынхаа дэмжлэг зөвлөгөөг авч, мэдээлэл солилцох нь хойшдын ажлын бүтээмж, хүүхэд хамгаалал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт чухал үр нөлөөтэй гэж үзэж, өнөөдрийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр нийт “4 кэйс”-ийг тухайлан авч үзсэн бөгөөд Нийгмийн ажлын практикт үндэслэн мэргэжлийн Нийгмийн ажлын багш нар зөвлөгөө хэлэлцүүлгийг өрнүүлсэн.
Хөөрхөн зүрх ТББ-ын хөтөлбөрийн зохицуулагч Нийгмийн ажлын зөвлөх Б.Оюундарь, Зөвлөх багш Д.Сайханцэцэг, Х.Нансалмаа нар хамтран ажиллав.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр халуун цэг дээр ажиллаж, асуудлуудтай хамгийн түрүүнд нүүр тулдаг эдгээр эрхмүүд зарим үед арга мухардах, төсөв санхүү, хүний нөөцийн дутагдлаас болж хэт ачаалалтай ажилладаг талаар ярьцгааж байлаа.
Кэйс хэлэлцүүлэг зохион байгуулсан зорилго нь “Хамтарсан баг”-ийн гишүүд, нийгмийн ажилтнууд, энэ чиглэлийн мэргэжлийн зөвлөн туслах багш нарын хамтын ажиллагаа, туршлагыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.
9-р хорооны нийгмийн ажилтан Х.Эрдэнэцолмон:
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БУЙ НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ОРОН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Нийгмийн ажлын салбарын мэргэжилтнүүдэд маш үр өгөөжтэй сургалт, хэлэлцүүлэг боллоо. Туршлага, солилцох, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх аль аль талаасаа өргөн агуулгатай байсан. Хэлэлцүүлсэн 4 кэйс бүрээс архины хамаарал, түүнээс үүдэлтэй аливаа эрсдэл түгээмэл байгаа нь тодорхой харагдаж байна. Гэвч зан үйлийн өөрчлөлттэй буюу архины хамааралтай хүмүүсийг хэрхэн хэвийн дадал зуршилтай болгох вэ гэдэг асуудал сэтгэл эмзэглүүлдэг.
Бид Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлд өндөр үр дүн гаргаж ажиллах зорилттой. Гэтэл өнөөгийн нөхцөлд ажлын байрны орон тоо цөөн, ачаалал их байдгаас тохиолдол бүр дээр “гал унтраах” буюу эрэмбэлэн ажиллахаас өөр аргагүй байна. Иймд
1. Төрийн байгууллагад ажиллаж буй нийгмийн ажилтнуудын орон тоог нэмэгдүүлэх
2. Зан үйл өөрчлөлттэй буюу архины хамааралтай иргэдийг хамруулдаг “Холбон зуучлах” үйлчилгээний зардлыг төсөвт суулгаж, нэмэгдүүлэх
3. Архи согтууруулах ундааны үнийг нэмэх, худалдан борлуулах, цэгүүдийн тоог бууруулах, имфортын татварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай байна.
47-р сургуулийн Нийгмийн ажилтан Н.Батсүх:
ТОМЧУУД ӨӨРСДӨӨ ХҮМҮҮЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Хэлэлцүүлэг маш өгөөжтэй байлаа. Шат шатны байгууллагуудаас төлөөлөл ирж өөрсдийн ажилд тулгамдаж буй кэйсүүдийг ярилцаж, зөвлөгөө авлаа. Миний тухайд 15 жил боловсролын байгууллагын нийгмийн ажилтнаар ажилласан. Хүүхдийн эрхийн хамгаалагчийн хувьд нэг асуудлыг илэрхийлэхийг хүсч байна. Хүүхдийн асран хамгаалагч, эцэг эхчүүд өөрсдөө зөвд үлгэрлэгч байх шаардлагатай байна. Шууд утгаараа томчууд бид хүмүүжих шаардлагатай байна. Өдгөө бэлгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл ихэнхдээ насанд хүрэгчдээс шууд хамааралтай байгаа юм. Хамгийн наад зах нь “Үл хайхрах” байдал маш их. Жишээлбэл: Хүүхдийг хүүхдээр харуулаад, сургах хөгжүүлэх, хүмүүжүүлэх бүх эрхийг зөрчих асуудал цөөнгүй байна. Эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй эмээ өвөөд нь “ачаа үүрүүлээд” алга болдог. Тэдгээр хүмүүс амьдрахын эрхэнд ажил хийж хүүхдүүдийг нь тэжээх нэрийдлээр дүүг нь эгч, ахаар нь харуулах шаардлага үүсдэг гэх зэрэг маш олон асуудал байна. Иймд насанд хүрэгчдэд хандаж хэлэхэд:
-Үүрэг хариуцлагаа ухамсарлах, архийг зохистой хэрэглэх, сургуулийн орчинд согтуугаар ирж үр хүүхдүүдийнхээ нэр хүндийг унагадаггүй байхад анхаараач.
Бодлогын байгууллагууд насанд хүрэгчдийн оюун санаад нөлөөлөх арга хэмжээг шат дараатай зохион байгуулдаг байцгаая. Томчууд өөрсдөө хүмүүжих хэрэгтэй байна гэдгийг онцлоё.
Хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, 25 хорооны хамтарсан багийн төлөөлөл, нийгмийн ажилтнууд, дүүргийн Хүүхэд хамгаалах түр байрны нийгмийн ажилтан, албан хаагчид, цагдаа, прокурорын байгууллагын төлөөллүүд оролцож, ерөнхий модератороор Нийгмийн зөвлөх үйлчилгээ хүрээлэнгийн тэргүүн, АШУҮИС-ийн НЭМ-ийн багш Б.Цэвэлмаа ажиллалаа.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …