Гэгээрлийн сайд асан, доктор (Ph.D), профессор Ч.Лхагважав “Монгол-Оросын хамтарсан сургуулийн тухай дурсан санахаар үүсэл хөгжлийнх нь эхэн үеийн нөхцөл байдал аяндаа нүдэнд буудаг” хэмээн МОХС-ийн 25 жилийн ойн үеэр дурсамж, дурдатгалдаа хүүрнэжээ.
Монгол улс нийгмийн тогтолцооны өөрчлөлт хийхдээ “хос шилжилт” буюу улс төр, эдийн засгийн тогтолцоогоо нэг зэрэг өөрчлөх зам сонгосон нь зоримог зөв алхам байсан хэдий ч төр засгийн удирдлагын зүгээс хэт болгоомжлон шинэ зорилгоо хуучин арга барилаар хэрэгжүүлэх гэж оролдон цаг алдаж байсан үе нэгэнт түүх болон өнгөрчээ.
Энэ хүндхэн түүхэн цаг үед “Монгол-Оросын хамтарсан сургууль” үүссэн нь тухайн үеийн нийгмийн хөгжлийн захиалга байсан ч хөгжлийн ийм захиалга тулгамдсан эрэлт биш учраас хэрэгжүүлэхэд төвөгтэй. Тэр үед дэлгүүрийн лангуун дээр өргөн хэрэгцээт бараа бараг байхгүй, картаар ойр зуурын хүнсээ дугаарлан байж авдаг, багш нар цалингаараа юу авч чадах байлаа даа, бага хөлстэй, иймээс ч цалин нэмэх шаардлага тавьж багш нар маань байн байн ажил хаядаг байсныг мэдэх гэрч нь бидний үеийн ахмадууд маань билээ.
Тийм хэцүү тэр үед “ОРОС-3” хэмээх сургууль үүсч эцэг эхчүүдийн, бас боловсролын асуудал эрхэлсэн яамны зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж байсныг санахад, мөн энэ сургуулийн удирдлага өөриймсгөөр хүчин зүтгэснийг бодоход нэн тааламжтай байна.
Сургууль үүслийн тэр зурвас цаг хугацаа бол нийгмийн гэх нийтийн өмч хөрөнгө төвлөрсөн хяналт, данс бүртгэлгүй, зарим “овсгоо”-той нь хувийн өмчийн эзэн болж хөрөнгөжих эхлэл үе байв. Ийм л нөхцөл байдлын дунд, мөн эрх зүйн орчин ч сайнгүй, сургуулийн өмчлөл нь тодорхойгүй үед “ОРОС-3” сургууль үүсч, өнөөдөр Монголдоо орчин цагийн ерөнхий боловсролын хөгжлийн жишиг сургууль болтлоо өсч бэхэжсэн түүхт замнал бол дан дардан замаар яваагүй, энд эцэг эхчүүд, сургуулийн удирдлага, хамт олон, бас Боловсрол, Шинжлэх Ухааны Яам хийгээд боловсролын ашиг тус хүртэгч бүх талуудын хүчин зүтгэл, хүсэл эрмэлзэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй олон хүмүүс санал нийлнэ дээ.
“Монгол-Оросын хамтарсан сургууль” бол олон шинэ шинэлэг, дэлхийн боловсролын хөгжлийн захиалгат өөрчлөлтүүдийг эхнээс нь өнөө хүртэл тууштай хэрэгжүүлж байгаа, эцэг эхчүүдийн талархал хүлээсэн сургуулиудын нэг юм. Би 1996 оноос хойших үеэр жишээлье. Өмнө нь энэ тухай дурсамжилж байсан даа. Дахин давтъя. 1996-2000 онд Монголын боловсролын секторт тогтолцооны шинжтэй чухал чухал үндсэн өөрчлөлт, шинэчлэл эхэлсэн гэж боловсрол судлалын нарийн мэргэжлийн эрдэмтэд, шинжээч судлаачид түүхийн баримтаар нотолдог юм билээ. Үүнээс цөөн хэдхэн баримт ишилье.
Сургалтын агуулгын багц цагийн тогтолцоо, сурлагын амжилтын хийгээд ерөөс боловсролын аливаа байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний шинэ тогтолцоо, хөндлөнгийн болон мэргэжлийн хяналт, боловсролоос ашиг тус хүртэгч талуудын хяналт-үнэлгээ, тухайлбал, боловсролын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, сургуулийн удирдах зөвлөл, бас хяналт-шинжилгээ, үнэлгээний орчин цагийн иж бүрдэл тогтолцоо (энд дотоод хөндлөнгийн үнэлгээ, үндэсний хэмжээний Ерөнхий шалгалт, үнэлгээний 100 хуваарьт оноо-балл гэх мэт), сургалтын технологийн орчин үеийн түвшинд нийцэхүйц шинэчлэл, боловсролын тогтолцооны бүрдэл хэсэг иж бүрэн болж төлөвших эхлэл гээд нэрлэхэд бүрэн биш ч, жишээ болгоход энэ жагсаалт хангалттай. Эдгээр олон шинэ эхлэл, харамсалтай нь, улс орон даяар одоо тэр бүр сайн хэрэгжиж байна гэвэл хэлэхэд хэцүү, нотлоход эргэлзээтэй.
Олон дэвшил байгаа ч зарим шинэчлэл маань хэрэгжүүлэлтийнхээ хувьд зарчмын шинжээрээ бол ухралттай. Энд сургалтын тогтолцооны шинэчлэлд нэн чухал нэр томьёо болох киррикюлим (curriculum), силлэбас (syllabus)-ын гэх зэрэг оросоос ч орчуулахад гаж бууж, гоц ойлгон хэрэгжүүлэхэд хүндрэлтэй ийм мэт зарим ухагдахуун – боловсролын шинэчлэлд шийдвэрлэх ач холбогдол бүхий тулгуур ойлголтуудаас яриа ер хөндөлгүйгээр нийтээр мэдэх зөвхөн нэг л баримт зориуд хэлмээр.
Дээр хэсэгчлэн дурдсан эдгээр шинэчлэл нь “Орос 3” сургууль дээр нэлээд амжилттай хэрэгжсэн гэж боддог. Нэг баримтын тухай гэвэл энэ бол сургуулийн удирдах зөвлөл. Дээд боловсролын сургуулийн хувьд нэр нь “Удирдах зөвлөл” хэвээрээ боловч байгууллагын автономит байдалд буюу бие дааж хараат бусаар өөртөө засаглах чадварын хөгжилд нь тушаа болох бүтэц, зохион байгуулалттай, сонгуулийн дараа удирдлага нь солигддог зохисгүй жишигтэй, ерөнхий боловсролын сургуулийн хувьд “Сургуулийн зөвлөл” нэртэй, зүгээр л нэр төдий удирдлага гэж хэлмээр байгаа юм.
Боловсролын тогтолцооны тухайд дээр жишээлж хэсэгчлэн дурдсан шинэчлэлийн нэгж үйл бүрийг ухралтгүй тууштай хэрэгжүүлж байгаа сургуулиуд гэвэл, нарийн үнэлгээ хийсэн баримт надад одоо гар дээр байхгүй ч, олны яриа дүгнэлтэд үндэслэхэд ерөнхий боловсролын сургууль дотор Ж.Соронзон захиралтай “Монгол -Оросын хамтарсан сургууль”, энэ сургуулийн үйлчлэгчээс эхлээд удирдлага хүртэлх хамт олон гэж цохоход боловсролоос ашиг тус хүртэгч бүх талууд санал нийлнэ гэдэгт би бат итгэлтэй байна.
Энд захирлуудыг сургуультай нь нэрлэх учир нь гэвэл шинэчлэлд нөлөөлөх олон хүчин зүйл дотор захирлын үүрэг үлэмж чухал, сэтгэл зүтгэл онцгой нөлөөтэй, шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг л тодруулах гэсэн болно. Энэ маань “хуурай” магтаал биш, Ж.Соронзон багшийн гавьяаг нотлох гэсэн оролдлого юм шүү. Ерөнхий боловсролын хүрээнд “ОРОС-3” дээрх бүх шинэчлэлийн анхдагч. Монголын ерөнхий боловсролын бүх сургууль дотроос хамгийн түрүүнд сургуулийн удирдах зөвлөл нь үүрэг зориулалтаараа тодорхой утгаар ажилласан, одоо ч ажиллаж байгааг цохмоор байна.
Хэдийгээр “Удирдах зөвлөл”-ийн нэр, бас үүрэг зориулалт нь хуулийн “нэмэлт”-ээр өөрчлөгдсөн ч дэлхийн боловсролын хөгжлийн орчин цагийн хэрэгцээ, агуулгын зориулалтаар нь өнөө болтол “ОРОС-3” хэрэгжүүлж байгаад эцэг эхчүүд таатай байдаг. Эцэг эхчүүд хүүхэд нь энэ сургуулийг төгсөөд гадаад дотоодын их дээд сургуульд элсэж байгаа амжилт, гадаадын их дээд сургууль төгсөөд дэлхийн аль нэгтээ тэдний эзэлж буй ажлын байрын чансаа зэрэг сургалтын чанарыг илтгэх эцсийн үр дүнд нь сэтгэл хангалуун, түүгээр л тэд ийм үнэлгээ өгч байгаа хэрэг.
Эцэг эхчүүд энэ сургуулиас Ж.Соронзон багш явбал эмх цэгц, дэг журам алга болно, хүүхдийн сургалтын орчин сайжрахгүй, чанар нь муудна гэж айдаг юм билээ. Хэрэв хөндлөнгийн үнэлгээний зарчим дагуу санал асуулга хийвэл энэ нь нотлогдоно оо. Бас захирлыг хууль бусаар халах гэсэн оролдлого бүрийн үе дэх эцэг эхчүүдийн бухимдал үүнийг гэрчилнэ. Ж.Соронзон захиралтай “ОРОС-3” гэж алдаршсан энэ сургууль үнэлгээний дотоод хөндлөнгийн хяналт, эцэг эхийн үнэлэмжийн бодит нөлөө, бүрэн төгс гэж хэлэхгүй ч гэсэн сурагчийн сурлагын амжилтын 100 баллын үнэлгээ нэвтрүүлэлтээрээ манлайлагчийн, мөн сургалтын багц цагийн тогтолцоог Монголын ерөнхий боловсролдоо анхдагчийн түүхтэйгээр тууштай хэрэгжүүлсээр өнөөдөр 20 жилийн ойгоо илэрхий хэмжигдэм гоц амжилт, ил харагдам бодит бүтээлээр баялаг, хэний ч өмнө нүүр бардам угтаж байна.
Энэ тухай тус сургуулийн 20 жилийн ойгоор би дурсаж л байлаа, одоо ч давтан хэлэх хэрэгтэй юм. Энэ сургууль Монголын боловсролын зах зээлийн эрэлт–хэрэгцээ, ардчилсан нийгмийн хөгжлийн захиалга–дуудлагад маш мэдрэмтгий менежмент бүхий сургалтын тэргүүний байгууллага гэдгийг нотлоход тун хялбархан.
Сургуулийн танилцуулгаас үзээрэй, бэлхнээ баримт нь нотолно. Энэ сургуулийн сургалтын орчин, багшлах бүрэлдэхүүн, хэрэглэж буй орос сурах бичгийн агуулгын академик түвшин, сургуулийн дотоод дүрмийн бүтэц, эцэг эхтэй байгуулдаг гэрээ, ерөөсөө л ажиллагааных нь зарчимтай танилцахад л дээрх миний хувийн үнэлэмж хэр бодитой нь хангалттай баталгаа болно доо. Сургууль орос хэлээр үндсэн сургалттай, англи, монгол хэл хичээлийн аль нэг нь нэмэлтээр сонголттой, сургалтын агуулгын академик түвшинг өмнөх 1990 оныхоос буюу Оросын Холбооны Улсын ерөнхий боловсролынхоос бууруулахгүйгээр прагматик чанарт ахицтай байгаа нь “ОРОС-3”-ын бахархууштай онцлог, манай ерөнхий боловсролын сургуулиудад үлгэр дууриал болох жишиг юм. Энэ сургуулийн хамт олон нэг багийнхан гэдгээр нь бас бахархахгүй байж боломгүй.
Баг болж ажиллана гэдэг бол бие биеэ хаацайлна гэсэн үг огтоос биш, харин хэн нэг нь алдаа гаргавал түүнийг шүүмжлэхэд биш, харин алдаа гаргасан нэгнийхээ бурууг засахад, дутууг нөхөхөд л багийн мөн чанар утга учир байдгийг бид “оногдолгүй” мэдэх билээ. Энэ сургуулийн орчинд ороход баг болохын давуу талыг бас газар дээр нь мэдрэх болно. Энд сургуулийн удирдлага, хамт олны хүчин зүтгэл, эцэг эхчүүдийн дэмжлэг оролцоо онцгой чухал үүрэгтэй нь ойлгомжтой.
“Тэргүүн туршлага”-тай энэхүү тэргүүний сургуулийн тухайд тусгайлан олон жилийг орчил үнэлгээний дүн, мониторинг (хяналт-шинжилгээ)-ийн мэдээ баримтаар анализ дүгнэлт хийлгүй дурсамж өгүүлэхэд ийм, дурдатгал бичихэд энэ. Дурсамж, дурдатгал бодиттой бол өнгөрөгч түүхийн нэгэн чухал баримт, дусал нэмэрлэх сургамжийн түүхэн ирээдүйд нэн чухаг эх сурвалж хэмээн хичээнгүйлэв. Ийм сургууль Монголд минь улам олшроосой
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …