Enter.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол иргэдийнхээ дуу хоолой болж байгаадаа баяртай байна. Гадаадын улс оронд сурч хөдөлмөрлөж, ажиллаж амьдардаг хэний ч өмнө манай сайтын үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг юун түрүүнд дурьдах нь зөв болов уу.
Энэ удаад бид БНСУ-д гэрээт ажилчны томилолт өвөртлөөд 9 дэх жилдээ болж буй О.Лхагвадорж гэх залууг онцолж байна. Түүний хувьд өөртөө өөрчлөлт хийж чадсан, бусдад сайн талаараа нөлөөлөхийг эрмэлзсэн, дайчин, хөдөлмөрч нэгэн. Тиймээс Солонгос улсад гэрээгээр ажиллах сонирхолтой олон арван залууст түүний ярилцлага нэгийг бодогдуулах биз ээ.
“Нэг асуулт, өөр өнцөг” ярилцлагын эхлэл
-БНСУ-д ирээд хэр удаж байна. Одоо юу хийдэг вэ?
-Би Солонгост гэрээгээр ажлаад 9 жил болж байна. Удахгүй Монголруугаа буцна. 2013 онд тусгай шалгалт өгөөд дахин гэрээт ажилчнаар ирсэн байгаа. Миний хувьд гэрээт ажилчин хэдий ч олон нийтийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Солонгост сурч, хөдөлмөрлөж байгаа залуусаасаа суралцах зүйл ч их байдаг.
-Мэргэжил бүхэн сайхан. Тэгвэл таны мэргэжлийн сайхан нь юундаа байдаг вэ?
-Миний хувьд 2004 онд Шихихутаг хуульзүйн дээд сургуулийг төгссөн. Тухайн үеийн амьдралын шаардлагаар мэргэжлээрээ ажлаагүй өдийг хүрлээ. Монголд байхдаа томоохон компаниудад худалдааны чиглэлээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, мэргэжлээсээ тэс өөр чиглэлээр ажиллаж эхэлсэн. Гэхдээ мэргэжил, ажил хоёр маань ялгаагүй нийгмийн бүх давхаргын хүмүүстэй харилцдагаараа ижил. Тэр хүн баян байна уу, ядуу байна уу хамаагүй.
Эрхзүйч гэх сайхан мэргэжлээрээ ажиллаж чадаагүй ч би дахин эхнээс нь суралцаж мэргэжлээрээ ажиллах бодолтой явдаг. Учир нь миний үеийн хууль эрхзүйн тогтолцоо, өнөөгийн тогтолцоо маш их өөрчлөгдсөн. Тухайлбал, 2010 онд Шүүхийн багц хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нь Х.Тэмүүжин сайдын үед бүр цогцоороо өөрчлөгдсөн байх жишээний. Тухайн үед аймаг, нийслэл, сум, дүүргийн шүүх гэж байсан бол одоо Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн шүүх, Эрүүгийн болон Иргэний танхимын шүүх болсон зэрэг өөрчлөлтүүд их гарсан. Анги хамт олон, найз нөхдөөс маань мэргэжлээрээ ажиллаж байгаа олон хүн бий. Тиймээс тэднээсээ суралцаж мэргэжлээрээ ажиллах сонирхол байдаг. Сонирхуулахад, БНСУ-ын Сөүлийн баруун бүсийн шүүгчээр Гантулга гэж мундаг чадварлаг монгол залуу ажилладаг.
-Солонгосын хууль эрхзүйн талаар энд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зааж сургаж байна уу?
-Энд ажиллах хугацаандаа хэл соёлыг нь судлахаас гадна, хууль эрхзүйн байдалтай нь танилцаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол, Солонгосын хууль эрхзүйн ялгааг судалж байна. Солонгост бол хууль яг л хууль шиг үйлчилнэ. Ямар том албан тушаалтан ч байсан хууль зөрчсөн л бол хариуцлагаа хүлээдэг. Хууль хүчний байгууллагадаа хэн нэгэн эрх мэдэлтний ах дүү, хамаатан садан, гэр бүл нөлөөлж чаддаггүй. Монголчилбол, найзан дундаа биш.
Оюун санаа, үйлдлээсээ гадна гадаад үзэмжээрээ бусдад нөлөөлөх хэрэгтэй
-Нийгмийн хөгжилд хувь хүний оролцоо гэсэн сэдвийн хүрээнд ярилцлагаа үргэлжлүүлье. Хувь хүний эерэг өөрчлөлт нийгэмд нөлөөлж чадах уу. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Өнгөрсөн жилийн Гадаад дахь оюутан залуучуудын чуулга уулзалт буюу Монгол орны хөгжил 13 дахь чуулганд сонирхогчийн журмаар очиж оролцсон. Үүнээс өмнө би их бүрэг, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоод байдаггүй хүн байлаа. Энэхүү уулзалтанд очоод амжилттай яваа, дайчин, өөрийн гэсэн үзэл бодолтой маш мундаг залуучуудын илтгэл, лекцийг сонссон. Энэ бүхнээс урам авч хамгийн эхний ээлжинд өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарах хэрэгтэйгээ ойлгосон. Тэгэхээр миний хувьд хувь хүний нөлөөлөл гэдэг маань оюун санаа, үйлдлээс гадна гадаад үзэмжээрээ бусдад нөлөөлөхийг хэлнэ.
Би илүүдэл жин ихтэй, тарган хүн байлаа л даа. Тэгээд энэ уулзалтаас хойш эхлээд гадаад үзэмжээ өөрчилж, өөртэй сэтгэл хангалуун болсныхоо дараа бусдад нөлөөлөх юм байна гэж ойлгосон гэсэн үг. Спортоор хичээллэж, боломж цаг зав гарвал гүйж эрүүл аргаар турах алхмуудаа хийсэн. Хүссэн үр дүндээ ч хүрсэн. Мэдээж эхлээд амаргүй байсан. Харин цаг хугацааны явцад дадал, хэвшил болчихдог юм билээ. Тиймээс би эрүүл мэндээ хамгаалж, өөртэй итгэлтэй болох хүсэл эрмэлзлийг өөрийнхөө хичээл зүтгэлээр бусдад суулгаж өгөхийг хүссэн. Үүний үр дүнд намайг дэмжиж, надтай хамт өөртөө өөрчлөлт хийхээр зүтгэсэн олон хүн бий болсон. Тэгэхээр эхлээд өөрийгөө өөрчилж, ялж, тэмцэж, бусдад хүндлэгдээд дараа нь нийгэмд нөлөөлөх чадвартай болох хэрэгтэй.
-Тэгвэл нийгмийн аль хэсэгт өөрийн дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Нийгмийн бүхий л хэсэгт эерэг мэссэж хүргэхийг зорьж байна. Ойрын төлөвлөгөө бол БНСУ-д шинээр ирж буй залуустаа Солонгос орны хууль дүрэм ямар байдаг, түүнээс гарах үр дагаврын талаар лекц унших бодолтой байгаа. Цаашдаа ч БНСУ-д сурч, хөдөлмөрлөх бодолтой байгаа залуустаа сургууль соёлоос нь эхлээд цогц ойлголт өгөхийг хүсч байна. Энэ маань Монгол Солонгос хоёр орны харилцаанд холбогч гүүр болж явахыг хүсдэгтэй маань шууд хамааралтай гэж хэлж болно.
Би хуульч, эрхзүйч хэрнээ гахайн фермд 10 дугаар ангийн боловсролтой хүнээр удирдуулж ажиллаж байсан
-Анх энэ улсад ирэхэд ямар бэрхшээл гарч байв. Хүн л юм чинь эх орон, ээж ааваа санахаас эхлээд тэсвэр алдаж байсан мөчүүд их л байсан байх. Яг тийм үед өөрийгөө хэрхэн тайтгаруулж байв. Мөн гадны улсыг зорих гэж буй залуустаа юу захимаар байна?
-Анх ирээд соёлын шоконд л их орж байв. Монголд өглөө 8, 9 гээд л ажилдаа гардаг байтал энд 6 цагт босох энүүхэнд. Маш хүнд, дуу чимээ ихтэй, стресстэй ажил хийхэд янз бүрийн зүйл бодогдоно. Их л тэвчээрийн ухаанд суралцана даа. Үр хүүхдээ санах, уйлах бол энүүхэнд. Юун түрүүнд ажил л хүнийг голохоос биш хүн ажлыг голж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Тэр тусмаа энэ оронд та хэрхэн ажиллана төдий хэмжээгээр цалинжина. Хүний хөдөлмөрийг маш шударгаар үнэлж чаддаг улс. Та ямар мэргэжилтэй, боловсролтой байх хамаагүй. Тухайн оногдсон ажлаа л сайн хийж байвал амьдралаа өөд нь татах боломжтой. Мөн эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Таны амжилт өөрөөс тань шалтгаална. Өөрөөр хэлбэл, бусдаас гуйх биш бусдаас суралц, бусдыг хүндлэн харьцах нь таны нийгмийн харилцаан дахь бие хүн болохыг илтгэдэг.
Миний хувьд анх гахайны фермд ажилд орж байлаа. Гэтэл хуульч мэргэжилтэй хүн шүү дээ. Уг фермерийн эзэн бүр ийм мэргэжилтэй гэдгийг сонсоод гайхаж байсан. Харин тэр захирал зүгээр л 10 дугаар ангиа төгссөн хүн.
Нэг зүйл сонирхуулж хэлэхэд, Солонгосчууд дээхин үед яг манай монголчууд шиг Саудын Араб, Канад, Австрали, Америк зэрэг барууны оронд гэрээт ажилчнаар ажиллаж байсан. Ингэж гадны улсад ажиллаж байсан иргэдийнх нь бараг 80, 90 хувь нь одоогийн энэ жижиг дунд үйлдвэрүүдийн захирлууд. Тухайн үеийн Солонгосын удидлагууд гадны улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн энэ хүмүүсээ төрийн бодлогоор, адаглаад банкны хүү, зээлийн уян хатан нөхцлөөр дэмжиж өгсөн байдаг. Гэтэл манайд дэмжлээ гэхэд эргүүлээд татвараар дарамталчихдаг.
-Үндсэн асуултруугаа ороё. Таны хувьд ямар асуудлуудтай тулгарч байв. Стрессээ хэрхэн тайлдаг вэ?
-Анх ирээд бусад хүмүүстэй л адил хэлний бэрхшээлтэй тулгарч байсан. Гэр бүл, эх орноо санах бол наад захын асуудал. Яваандаа стрессээ спортоор хичээллэж, гүйж гадагшлуулдаг болсон. Хүнээс өөрөөс нь л шалтгаална. Аль болох стресстэхгүй, бухимдахгүй ажиллах гэж хичээх хэрэгтэй.
Монголынхоо залууст хандаж хэлэхэд, боломж гарвал гадны орныг зорьж ажиллаж хөдөлмөрлө. Ядаж л сэтгэлгээ өөрчлөгдөж, ажиллах чадвар нэмэгдэнэ.
Солонгост суугаа Монголын төрийн байгууллагуудын хүнд суртлыг ил тод шүүмжлэхээр визэн дээр чинь асуудал үүсгэнэ гэж МОХООДОГ
-Солонгос орны хөгжлөөс эсвэл бодлогоос юуг нь Монголдоо нутагшуулахыг хүсч байна. Энэ орны ийм зүйлийг л эх орондоо хэрэгжүүлчих юмсан гэсэн бодол байдаг уу. Магадгүй таниас зөв шийдэл, шинэ санал санаачлага гарахыг үгүйсгэхгүй?
- Цалин болон тэтгэврийн тогтолцоо манай улсад дөнгөж шинээр мэндэлж байгаа хүүхэд шиг л байна. Гэтэл Солонгос болон бусад өндөр хөгжилтэй орны хөдөлмөрийн тогтолцоо их өөр. Наад зах нь, төр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд нь нэгэнтэйгээ уялдаа холбоотой, илүү хүндэтгэлтэй харьцаж ажилладаг.
Хөдөлмөрийн хуулиараа ажиллах орчин, нийгмийн халамжийг маш сайн зохицуулж өгсөн байдаг. Аль болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, ажиллах цагийг багасгаж өгөх тал дээр анхаарч байна. Энэ орон хөгжихийн тулд маш олон цагаар ажилладаг байсан бол одоо барууны орнуудын хөдөлмөрийн тогтолцоог нутагшуулж эхэлсэн.
Хоёрдугаарт, манай улсад төрийн албан хаагч гэж данхар бүтэцтэй, том толгойтой хүмүүс байдаг. Харин Солонгост төрийн албан хаагч гэдэг маш том хариуцлагатай ажил. Төрийн албанд нь ямарч хүнд суртал, ажил цалгардуулах явдал гарахгүй. Шударга, мэргэжлийн боловсон хүчнүүд нь л төрийн албаа хашдаг. Манайх шиг танил тал, намын томилгоо гэж байхгүй.
Тиймээс хөдөлмөрийн тухай хууль, төрийн албан хаагчийн хүнд суртал дээрээ манай улс анхаарах ёстой. Гадны өндөр хөгжилтэй орны жишгээс авахыг нь авах л хэрэгтэй гэж үзэж байна. Төрийн албыг намаас ангид байлгах хэрэгтэй. Төрийн албан тушаал яг л шударгаар, хэн хийж чадаж буйгаараа л өсч дэвших ёстой.
-БНСУ-д суугаа Монголын элчин сайдын яам болон бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ. Монголынхоо төрийн байгууллагуудаас үйлчилгээ авч байсан уу?
-Сүүлийн 6-7 жилд элчин сайдын яамаар орж үзээгүй байна. Харин ойр тойрны хүмүүс үйлчилгээ авч чадахгүй их л бухимдалтай явдаг юм билээ. Миний хувьд Элчин сайдын яамны шинэ жилийн арга хэмжээнд очиж байсан. Гэтэл тухайн арга хэмжээн дээрээс л зиндаархсан, иргэдийг ялгаварлан гадуурхсан байдал ажиглагдсан. Ер нь л энд байгаа монголчууд дандаа л асуудал үүсгэж, янз бүрийн зовлон ярьж явдаг. Бүх хүнд хүрч үйлчилнэ гэж юу байхав дээ гэсэн хандлагатай юм шиг байгаа юм. Харин Солонгост буй Монголчууд өөрсдөө сайн дураараа нэгдэж элэг нэгтэндээ тусалдаг. Хамгийн сүүлд, ардын уран зохиолч, алдарт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай дээр харин элчин сайд бүү хэл Ерөнхий сайд нь зорьж очиж байна лээ. Тэгэхэд Б.Лхагвасүрэн гуайтай адил хорт хавдар туссан монгол иргэн зовж байхад түүн дээр хэн ч очдоггүй. Ийм л төрийн хүнд суртлын аппарат үйлчилсээр байна.
Ер нь Солонгост суугаа Монголын төрийн байгууллагын ихэнх ажилчид мэргэжлийн бус зүгээр л танил талынхаа татаасаар ирчихсэн гэдэг нь ажигллагддаг. Дарга сайд ирэхэд маш их ажил хийж байгаа албан хаагчид. Харин энгийн ард иргэдийнхээ өмнө бол эрх дархтай, том дарга нар. Мэдээж ачаалал ихтэй, хүн хүч муутай байхыг үгүйсгэхгүй. Төрөөс төсвөө хэмнэж цомхотгол хийгдсэн гэж сонссон. Гэтэл энэ бол зүгээр нэг шалтаг. Үнэхээр тэд ажлаа мэддэг, монгол иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хичээдэг бол ийм байдлаар ажлаа явуулахгүй.
Мөн өөрсдийнх нь хүнд суртлыг шүүмжлээд явахаар айлгаж дарамталж, шантаажилдаг. Визэн дээр чинь асуудал үүсгэнэ гэж маш олон дуу хоолойгоо хүргэхийг зорьсон залуучуудыг мохоож байсан.
Хил давлаа л бол таны нэр биш Монгол Улсын нэр гарна гэдгийг санах хэрэгтэй
-Өөрийн таньд хувьд гэрээт ажилчин. Тэгэхээр гэрээгээр ажиллах хүч илгээх, гэрээт ажилчдын нөхцөл байдал дээр манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
- Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуух хязгаарлагдмал виз. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд орж явдаг. Солонгос улсад бол энэ визийг солиулахад маш хүндрэлтэй. Заавал топикийн шалгалт өгч байж өөр визрүү шилжих боломжтой.
Гэрээт ажилчдаар ирэх гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, эмнэлгийн үзлэгийг битгий хуурамчаар хийлгээчээ. Энд ирээд дахин үзлэгт хамруулдаг. Хэрэв ямар нэгэн халдварт өвчинтэй бол энд ирж илрээд л буцаагддаг. Мөн хэлний шалгалтаа аль болох “бингодохгүй” байх хэрэгтэй. Үнэхээр очиж ажиллая гэсэн бодолтой байгаа бол хэлний сургалтанд хамрагдсан нь дээр.
Түүнчлэн гэрээт ажилчдаар ирсэн хүмүүс визтэй, хууль ёсоор ажиллаж байгаа юм чинь гэсэн байдалтай болох, болохгүй зүйл их хийдэг. Гэтэл Солонгост хууль маш хатуу. Нөгөөтэйгүүр нэгэнт л мөнгө хураахаар ирж байгаа бол энэ улсынхаа хэл, ёс заншил, хууль дүрмийг судалж, дагаж мөрдөх ёстой. Хил давлаа л бол таны нэр биш Монгол Улсын нэр гарна гэдгийг л санах хэрэгтэй.
Харин аялалын буюу 3 сарын визээр ирж буй хүмүүстээ хандаж хэлэхэд, бага зэрэг хэлний мэдлэгтэй, ажлын ачаалал даах чадвартай, хүний үгийг тэвчээртэй сонсдог, соёлч боловсон байж МОНГОЛ гэдэг нэрийг сайнаар авч яваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Нөгөөтэйгүүр энэ мэт хууль бусаар ажиллах нь маш олон эрсдлийг дагуулдаг гэдгийг онцлон хэлье.
-Гэрээт ажилчдад хамгийн их тулгардаг асуудал гэр бүл. Шуудхан хэлэхэд, гэр бүл салалт их байна. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Цагаачлалын хууль болон Хөдөлмөрийн хуулиндаа гэрээт ажилчдын ар гэрийг ирүүлэх асуудлыг бүр хорьчихсон байдаг. Учир нь энэ улс Монголоос гадна бусад 15 орноос гадаад ажилчин авдаг. 2012 оноос өмнө гэр бүлийг нь барьцаа мөнгөөр оруулж ирдэг байхад бараг 70 хувь нь харалчихсан. Сүүлдээ чангараад тухайн ажил олгогчийг зөвшөөрсөн тохиолдолд 3-5 сая воныг Хөдөлмөрийн яамны дансанд байршуулаад авчирдаг болсон. Гэхдээ энэ зөвшөөрөл, урилгыг ямар хүнд өгөх үү гэдгээ тухайн үйлдвэрийн захирал, Хөдөлмөрийн хэлтсийн ажилчид нь шийддэг.
Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Д.Ундрах, Э.Жаргалан
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …
3 Comments
Howdy! Quick question that’s entirely off topic. Do you know how to make your site mobile friendly? My website looks weird when viewing from my apple iphone. I’m trying to find a theme or plugin that might be able to correct this problem. If you have any suggestions, please share. Many thanks!
908973 821935I admire your piece of work, regards for all the intriguing posts . 483054