БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин нийлж зодсон хэрэг олны анхаарлын төвд байна. Үүнд бухимдсан монгол иргэд БНСУ-ын Ерөнхийлөгчид гомдол гаргах хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд ч нэгдэж байна. Мөн Монголын Гадаад харилцааны яамнаас БНСУ-ын талд уг хэрэгт анхаарал хандуулахыг хүсч, хамгийн туршлагатай чадварлаг өмгөөлөгч гаргаж өгөх хүсэлтээ уламжлаад байгаа юм.
Монгол охин 6 цаг гаруй хүлүүлж зодуулсан гэх эл хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн давж заалдаад байгаа аж. Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний хоёр нь насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Харин үлдсэн хоёр охин улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болжээ.
Солонгосын хэвлэлүүд өөрсдийн цагдаагийн байгууллагыг гэмт хэргийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй гэдэг утгаар анх дээрх мэдээллийг цацсан байна. Учир нь уг хэрэг үйлдэгдэхээс өмнө тухайн хүүхдүүдийн байрлаж байгаа газар цагдаагийн байгууллагаас хөршийн дуудлага болон, хохирогчийн нагац эгчийнх нь мэдээллээр хэд хэдэн удаа очиж шалгажээ. Харамсалтай нь хохирогч охиныг тагтан дээр нуусан байсныг ололгүй буцсанаас болж эл хэрэг таслан зогсоогдож чадаагүй байна.
Хэргийг таслан зогсоож болох байсан ч ажил үүрэгтээ хайнга хандсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа цагдаагийн алба хаагчид “Охин удаа дараа гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ зугтаж байсан. Тэгэх бүртээ эргээд харьчихдаг байсан учраас энэ удаад ч тийм зүйл болох байх гэж бодсон. Мөн цагдаагийн албаныхан гэрээсээ явсан тохиолдолд албадан шалгалт хийх эрх байхгүй тул нэг бүрчлэн шалгаж чадаагүй” гэж мэдүүлжээ.
Мөн охиныг зодох болсон шалтгаан нагац эгчээс нь үүдэлтэй аж. Учир нь хохирогч охинтой архидан согтуурсан, хамт байсан солонгос охиныг хохирогчийн нагац эгч хэл амаар доромжилж, алгадсан нь ийн хэрэг явдал даамжирахад хүргэсэн байна. Тодруулбал, эгчид нь алгадуулсан гэх охин өс санаж дүүтэй нь маргаан эхлүүлснээс болж энэхүү жигшүүрт хэрэг үйлдэгдсэн гэж БНСУ-ын хэвлэл мэдээлэлд онцолжээ.
Ер нь БНСУ-ын сургуулийн сурагчдын дунд ялгаварлан гадуурхалт их байдаг. Нөгөөтэйгүүр тус улсад эцэг эхийн хараа хяналтгүй тусдаа байр түрээсэлж амьдардаг өсвөр насныхан олон байдаг нь энэ төрлийн хэрэг гарахад нөлөөлдөг байна.
Түүнчлэн дээрх хэрэгт хүүхдийн эрхийг хэн хүнгүй онцолж байгаа ч өсвөр насны хүүхэдтай айл хүүхдийнхээ сэтгэлзүйтэй ажилладаггүй, гэр бүлийн маргаан хүүхдэд яаж нөлөөлдөг зэрэг олон асуудал орхигдож байна. Мөн хэрэг явдал юунаас үүдэлтэй, хохирогчийн сэтгэлзүйд томчуудын үйлдэл хэрхэн нөлөөлж байгаа зэргийг мэргэжлийнхэн хийгээд олон нийт анхаарал хандуулах хэрэгтэй байх. Эл хэрэг хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог гэдгийн тод жишээ юм.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …