Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хэлэлцэв. 2020 оны эцсийн байдлаар нийслэлд 208049 өрх гэр хороололд амьдарч байна. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2495.7 га газарт 28 байршил бүхий 85 хэсэгчилсэн талбайг орон сууцжуулахаар төлөвлөөд байна.
Ингэснээр нийт 123066 өрх сууцанд орно гэж тооцож байгаа юм. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулахдаа 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 48 хэсэгчилсэн талбайд 38 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 10740 айлын орон сууц ашиглалтад ороод байна гэлээ. Түүнчлэн нийслэлийн зүгээс 2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслөөр 20,000 орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах хүрээнд 3700 орон сууц, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц 5000, Баянголын амны түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны хорооллын төслийн хүрээнд 2007 орон сууцыг барьж, ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.
Мөн Ханын материал орчмын орлогод нийцсэн ногоон орон сууц 712, шинэ суурьшлын бүсэд 14155, Солонго 1, 2 орон сууцны хороололд 5002, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах хүрээнд 4000, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдах “Ногоон нуур” орон сууцны хороололд 1008 орон сууц тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, Төлөөлөгч Н.Баярмөнх дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд газраа чөлөөлсөн ч байранд орж чадаагүй, төсөл хэрэгжүүлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав. Баянзүрх дүүргийн хувьд “Их өргөө” компанитай гэрээ байгуулж, газраа чөлөөлөөд хохирсон 80 гаруй өрхийн асуудал бий бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан юм. Харин Засаг даргын орлогч Б.Сүхбаатар “Газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн асуудлыг үндсэндээ шийдвэрлэж дууссан. Их өргөө компанитай холбоотой хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн ирэх оны төсөвт 15.4 тэрбум төгрөг суулгах саналаа өгсөн” гэлээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …