Монгол Улсад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны мэргэжлийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяртай тус үйлдвэрийн хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар тодруулж, ярилцлаа.
- Эрдэнэт үйлдвэр Хүний нөөцийн ажилтны өдрийг хэдийнээс тэмдэглэдэг болсон бэ? Энэ өдрийн утга санаа, зорилго юунд оршдог вэ?
- Хүний нөөцийн салбарын ажилтны өдрийг 5 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэхүү өдрийг тэмдэглэх болсон нь энэ салбарт ажиллаж буй хүний нөөцийн ажилтнуудад урам зориг өгсөн, энэ салбарын зорилт зорилгыг тодорхойлсон өндөр ач холбогдолтой шийдвэр болсон юм. Тиймээс хүний нөөц бол маш чухал салбар гэдгийг Засгийн газрын энэ тогтоолоор тодотгож өгсөн гэж үздэг. Уул уурхайн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, улмаар улсын баатар үйлдвэрийг бүтээн бий болгосон хамгийн том баялаг нь уурхайчид юм. Энэхүү үнэт баялаг болсон хүнийг сургах хөгжүүлэх нөр их ажилд өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ зориулсан, одоо ч зориулсаар яваа нийт хүний нөөцийн мэргэжилтнүүддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдсан цаг үеэс өнөөг хүртэлх түүхэн хөгжлийн 43 жил боловсон хүчний болон хүний нөөцийн салбарт ажилласан нийт мэргэжилтнүүд, ахмадууд, үе үеийн удирдлагуудад баярын мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Мэргэжлийн баярын өдрөө ямар амжилт, бүтээлтэй угтаж байна вэ? Эрдэнэт үйлдвэрийг хүний нөөцийн тодорхой бодлого, өөрийн соёлоо бий болгож ирсэн гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. Тэрхүү тогтож, төлөвшсөн бодлого, соёлыг илүү сайжруулж, хөгжүүлэх хүрээнд ямар зорилт дэвшүүлж ажиллаж байна вэ?
- Аливаа улс орон, байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хүний нөөцийн хөгжлийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Хүний нөөцийн болон хүний хөгжлийн бодлого нь олон улсын түвшинд хүний нөөцийн салбарт ямар өөрчлөлт, дэвшил гарч буй, Монгол улсын төр засгаас баримтлах хөгжлийн баримт бичигт ямар бодлого тусгагдсан мөн уул уурхайн болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагатай нягт уялдаатай хөгжсөөр ирсэн.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын манлай татвар төлөгчийн хувьд байгуулагдсанаасаа хойш 43 жилийн хугацаанд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт нийтдээ 6.9 их наяд төгрөг буюу 5.1 тэрбум ам.долларын орлого оруулсан нь улс орныхоо өмнө хүлээсэн нийгэм, эдийн засгийн хариуцлагаа амжилттай биелүүлснийг харуулж байгаа төдийгүй анх байгуулагдсан цагаасаа эхлэн хүний нөөцөд чиглэсэн бодлогодоо анхаарал хандуулж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг чадварлаг, мэдлэг чадвар бүхий ажиллах хүчнээр хангаж, амжилттай удирдаж ирсэн.
Цар тахлын нөхцөл байдлаас улбаалан цахим ажлын байр, цахимаар ажиллах гэх мэтчилэн цахим шилжилт рүү орж байна. Ийм өөрчлөлт шилжилтийн үед хамгийн өндөр ачаалал авч, үйл ажиллагаагаа 24 цагийн горимоор тасралтгүй, зөв зохион байгуулалттай авч явахад манай хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хүч хөдөлмөр, цаг завгүй хичээл зүтгэл нөлөөлж байгааг онцлон хэлмээр байна.
Энэ жил манай ЗХНБГ-аас хүний нөөцийн ажилтны мэргэжлийн өдрийг угтаж хүний нөөцийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүн удирдах, хүн капиталыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт онцлон анхаарч, ахисан түвшинд гаргахыг зорилоо. Тийм учраас хүний нөөцийн мэргэжилтнүүдийнхээ дунд илтгэлийн уралдаан зарласан. Мөн олон улсын хүний нөөцийн менежментийн ISO30400 багц стандартыг хэрэгжүүлэхээр зорьж буй хамт олны хувьд энэ стандартыг хэрэгжүүлэхэд ямар сайн болон дутагдалтай талууд байна вэ, түүнийг хэрхэн хөгжүүлж, сайжруулах тухайд санал бодлоо солилцож байна. Энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ алдаршуулах ажлыг бас зохион байгуулж байна. Хүний нөөцийн мэргэжлийн боловсон хүчин аль ч салбарт яах аргагүй дутагдалтай байгаа. ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуультай хамтарч, магистр докторантурын сургалтад тодорхой бодлогоор ажилтнуудаа сургаж байна.
-Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO30400 багц стандартыг Эрдэнэт үйлдвэр энэ онд нэвтрүүлж эхэлсэн. Энэ ажлын явц, үр дүн ямар байна вэ?
- Өнгөрсөн 7 сард Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Улсын баатар цолоор өргөмжилсөн юм. Үйлдвэрийн газрын бүх түвшинд олон улсын стандартуудыг хэрэгжүүлсэнээр манай хамт олон Монгол Улсын Баатар үйлдвэрийн жишиг стандартыг тогтооно гэж үзэж байна. Олон улсын хүний нөөцийн ISO30400 багц стандарт бол манай улсын хувьд шинэ стандарт. Хувийн хэвшлийн салбараас Монос групп анх хэрэгжүүлсэн бол уул уурхайн салбартаа Эрдэнэт үйлдвэр анхдагч болохоор зорилт дэвшүүлсэн. Олон улсын маш сайн туршлага, арга аргачлалуудыг хэрэгжүүлснээр ажиллах хүчнийг чадавхжуулах сэтгэл ханамж, байгууллагын соёл, бүтээмжид эергээр нөлөөлсөн цогц тогтолцоог бий болгохоор зорьж байна. Бид өнөөдөр энэ стандартыг баталгаажуулахаас өмнө нутагшуулах бэлтгэлээ хангаж байна. Энэ ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран олон улсын стандарт хэрэгжүүлэх өнөөгийн байдалдаа дүн шинжилгээ хийсэн. Бид стандартын үл тохирол болон зөрүүгийн шинжилгээнд үндэслэн, сайжруулалтыг хийж, цаашид стандартын баталгаажуулалтыг хийхээр төлөвлөж байна. Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтийг хэмжих, үүнд гарч буй зардлуудыг төлөвлөх, гүйцэтгэлийг хэмжих зэрэгт учир дутагдалтай байгааг олж харсан төдийгүй ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх тал дээр ахиц дэвшил хийх шаардлагатай байна. Тухайлбал, нэг ажилтан Эрдэнэт үйлдвэрт 30 жил ажиллахдаа ямар зардал гаргав, ямар үр ашиг өгөв гэдгийг хэмжих хэмжигдэхүүнийг бий болгох хэрэгтэй. Нөгөө талаас, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн бодлого бол хүнтэй холбоотой. Бид Эрдэнэт үйлдвэрт ажилд авахдаа маш өндөр босго шалгуурыг тавьж, шударга нээлттэй өрсөлдөөнөөр авьяас чадвартай, зөв хандлагатай хүмүүсийг татаж чадаж байж, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхээс гадна байгууллагын брэндийн нэр хүндийг өсгөж чадна.
-Өнгөрсөн оноос хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрийн үр дүн ямар байна вэ?
Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн төлөв байдлын судалгаанаас үзэхэд сүүлийн арван жилийн хугацаанд 31-ээс дээш жил ажилласан туршлагатай ажилтны тоо буурч үүний хамт шинэ, залуу ажилтны тоо 70% хүртэл ихээхэн өссөн байгаа нь үйлдвэрийн газрын одоогийн хүний нөөцийн чадавх болох ажиллагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлж, хүний нөөцийн хөгжлийн шинэ загваруудыг боловсруулан хэрэгжүүлэх бодит хэрэгцээ гарсан. Хүнийг хөгжүүлнэ гэдгийг зөвхөн сургалт гэж ойлгодог байсан бол өнөөдөр энэ ойлголт өөрчлөгдөж, тухайн ажилтны авьяас чадварыг нээж, улам сайжруулах арга замыг эрж хайхыг чухалчилдаг болсон. Тиймээс бидний хэрэгжүүлж буй Хүний хөгжлийн цогц хөтөлбөрүүд нь урт хугацаанд хэрэгжих юм. Үйлдвэрийн газрын алсын хараа эрхэм зорилгодоо хүрэхэд ажилтны нийгэм сэтгэл зүйн хэрэгцээ, онцлогийг судалж, ажилтан бүрийн оролцоонд тулгуурлан удирдлага-ажилтан хамтран нэгэн чиг зорилгын төлөө хамтын шийдэлд хүрч харилцан сэтгэл ханамжтай ажиллах тэдний хөгжих боломжоор хангах нь энэхүү хөтөлбөрүүдийн зорилго чиглэгдэж байгаа. Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байгаа энэхүү хөтөлбөрүүд маш амжилттай хэрэгжиж, тун удахгүй хөтөлбөрүүдийнхээ нэг жилийн үр дүнг ирэх 11 дүгээр сард дүгнэж, тайлангаа тавихаар төлөвлөж байна.
-Ирэх онд хийж хэрэгжүүлэх зорилт, төлөвлөгөөний тухайд?
- 2022 онд бид Хүний нөөцийн олон улсын ISO30400 багц стандартыг хэрэгжүүлж, мэдээллийн цогц системийг нэвтрүүлэх, авьяас чадварын сан бий болгох, авьяастай, манлайлагч, зөв хандлагатай ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх зорилт тавьж байна. Шинэ онд өмнө дурьдсан хүний хөгжлийн хөтөлбөрүүд маань үргэлжлэн хэрэгжинэ. Гэхдээ хөтөлбөрт оролцогчиддоо явцын болон үр дүнгийн үнэлгээ хийж, дараагийн хөтөлбөрт оролцуулах эсэхийг сонгоно. Мөн шинэ оролцогчид нэмэгдэнэ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн нөөц ажилтан болон авьяастай ажилтны сан бүрдүүлэх хүний нөөцийн бодлогын нэг хэсэг гэдгийг дахин онцлоё. Ер нь бол авьяас ур чадвартай ажилтнуудыг сонгож, зөв байршуулснаар хүний нөөцийн болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн бодлогод том өөрчлөлт өгнө гэж үзэж байна. Тэгэхээр хүнээ чухалчилсан үйлдвэрийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд дээрх хөтөлбөрүүд том тус нэмэр болно гэж тооцож байгаа. Ирэх 2022 онд бид мөн Хүний нөөцийн олон улсын стандартыг баталгаажуулах ажилд илүү анхаарна. Мөн хүний нөөцийн үйл ажиллагаанд мэдээллийн цогц системийг /ERP/ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хүний нөөцийн ажилтнуудын хийдэг гар ажиллагааг автоматжуулж, хөнгөвчлөснөөр хүний хөгжилд зориулах цаг хугацааг нэмэгдүүлэх боломжтой болох юм.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …