Манай улс 8 төрлийн ан амьтныг агнах зөвшөөрөл олгодог. 2020 онд коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ховор ан амьтныг агнуулаагүй. Энэ жил Засгийн газраас тогтоосон тоогоор угалз 100, тэх 120, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250 хүртэл тоогоор агнах зөвшөөрлийг олгоод байгаа юм. Мөн тул загас 540 хүртэл тоогоор барьж, буцаан тавих зөвшөөрөл олгожээ. Харин зэрлэг гахай агнах зөвшөөрөл энэ жил олгоогүй байна.
Ховор ан амьтны агнуурын зөвшөөрөл, орлогын асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас тодрууллаа.
-Ховор ан амьтныг агнах, агнуурын бүсийг хэрхэн тогтоодог юм бэ?
-Амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай Амьтны тухай хууль 2012 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийг мөрдөж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой 7 эрх зүйн актыг мөрдөн ажиллаж байна.
Засгийн газрын 93 дугаар тогтоолоор батлагдсан Ховор ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох тусгай журмаар зохицуулдаг. 2012 оноос өмнө Монгол орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь агнуурын бүс байсан.
-Одоо хичнээн агнуурын бүс байна вэ?
-Шинэчлэгдэн батлагдсан хуулиар агнуурын бүсүүдийг тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт 19 аймагт 171 агнуурын бүс байна. Нийтдээ угалз, тахь, бор гөрөөс, цагаан зээр, халиун буга зэрэг 8 амьтанд болон тул загасанд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Тул загасыг тусгай сонирхлын жуулчдад агнах биш барих зориулалтаар зөвшөөрөл олгож байна.
-Агнуурын бүсийн менежментийг нь тухайн орон нутагт нь хариуцуулсан байдаг байх аа. Тухайн жилийн ан агнуурын тоо толгойг хэрхэн тооцож гаргадаг вэ?
-Агнуурын бүсүүдийг 2012 онд батлагдсан шинэ хуулиар тухайн орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд менежментийг нь хариуцуулж өгсөн. Ингэж менежмеэнт хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн жилийнхээ ан амьтны нөөцийн судалгааг тогтоож, гаргана. Тухайн жилдээ ямар тоо толгойгоор агнах зөвшөөрлийг олгох вэ гэдгээ тогтоохын тулд нэгдүгээрт орон нутгаас ирсэн саналыг үндэслэнэ. Хоёрдугаарт, тухайн ан амьтны нөөцийн судалгаан дээр үндэслэж гаргадаг юм. Жил болгон Засгийн газрын тогтоолоор батлагддаг тоо хэмжээндээ зохицуулалт хийж, 19 аймгийн 171 агнуурын бүсэд хуваарилдаг.
-Агнуур олгож байгаа тусгай зөвшөөрлийг олгодог нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Зарим тохиолдолд иргэд ховор ан амьтан агнах хүсэлт ирүүлдэг. Мөн тухайн менежментийг хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлт ирүүлдэг. Цаашдаа 2013 оны 93 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нэн шаардлагатай болжээ гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл амьтантай холбоотой, БОАЖ-ын яам төлбөр хураамжийг төвлөрүүлдэг мэтээр ташаа мэдээлэл их гардаг. Үүнд цэг тавьж, эцсийн мэдээллийг үнэн бодит байдлаар гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.
-Агнах амьтдын тоо толгойг хэт нэмэгдүүлж зөвшөөрөл олгосон гэх асуудал тайлбар хийх хэрэгтэй болов уу?
-Амьтны тоо толгойн хэмжээг хэвлэлээр гарч байгаа шиг эрс өсгөсөн явдал байхгүй. Тухайлбал, 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ховор ан амьтныг агнах ажиллагаа явагдаагүй. 2019 онд угалз 86, тэх 95, халиун буга 40 тоо толгойг агнах тусгай зөвшөөрөл олгогдсон байна. 2021 онд угалз 100, тэх 120, халиун буга 60 гэсэн тоо толгойгоор зөвшөөрөл өгсөн. 2020 онд энэ агнуур хийгдээгүйгээс үүдээд өмнөх хүсэлтүүд байсан. Хоёр онд хуваагаад үзэхээр 2019 оныхоос ч бага хэмжээтэй зөвшөөрөл олгосон байгаа юм. Иймээс баримтгүй мэдээлэл түгээж, ан агнуурын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг гүтгэх, янз бүрийн байдлаар ташаа мэдээлэлд автуулах байдлыг БОАЖЯ-наас эсэргүүцэж, бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн.
-Агнуурын амьтдын үнэлгээг хэрхэн тогтоодог вэ?
-Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор Монголбанкны тухайн жилийн валютын ханшаар тооцдог байгаа. Жишээ нь, угалз 24.000, говийн алтайн тэх 13.000-14.000 гээд үнийг тодорхой тогтоогоод өгчихсөн.
-Эдгээр төлбөр тооцоо хаана төвлөрдөг вэ?
-Энэ талаар ташаа мэдээлэл их гардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ орлогыг төвлөрүүлэх чиг үүрэг байхгүй. Энэ бол орон нутагт төвлөрдөг орлого. 2018-2019 оны дүн мэдээгээр 7.5 тэрбум төгрөгийг Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгаа. 2018 оны үнийн дүнгээс 2019 онд 1.8 тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрсөн байгаа.
-Цаашдаа салбар яамнаас үнэ үнэлгээ, тоо толгойн хэмжээн дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ талаар БОАЖЯ-ны байр суурь бодлого маш тодорхой байгаа. Нэгдүгээрт 2011 оны үнэлгээг өөрчлөх шаардлагатай. Биологийн олон янз байдлын үнэлгээн дээр судалгаа хийж 2021 онд нийцүүлсэн цаашдаа ямар үнэлгээ тавих вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийж байна. Нийтдээ 354 биологийн олон янз байдлын үнэлгээг өөрчлөх шаардлагатай гэсэн судалгааг гаргасан.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …