Нэг талаас Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүд, нөгөө талаас “Херо” энтертайнмент хэмээх хувийн студи хамтран үе үе мэдээллийн хүчирхийллийн сүрт парад үзүүлдэг болов. Сүүлдээ асар өндөр үнэ өртөгтэй шоу нэвтрүүлгийн аянга цахилгаантай аадар бороогоор бөмбөгдөж эхлэв. Бүх телевиз нэгэн ижил нэвтрүүлэг, контентыг оргил цагаараа гаргаж, тв тус бүрийн нэвтрүүлгийн сүлжээ, нийтлэлийн бодлого их мөнгө, том нэгдлийн өмнө хүчин мөхөсдлөө. Арга ч үгүй биз. 1.5 тэрбум, 3 тэрбум, 2 сая америк долларын өртөг зардалтай контент, нэвтрүүлэгтэй аль телевиз, ямар аавын хүү өрсөлдөх юм бэ. Зөв зарчмаар нэгдэж нийлээд, нийгмийн сайн сайхны төлөө уран бүтээл туурвиад, ард түмэндээ хүргэж байгаа бол өөр хэрэг л дээ. Хамгийн гол нь иргэдийн тархийг угаах шууд зорилготой, хэн нэгэнд үйлчлэх далд агуулгатай, улс төрийн пи-ар нэвт ханхалсан пропаганда ил цагаандаа гарлаа. Яг одоо “Мэдээллийн урсгал” нэртэй өргөн мэдээллийн цунами болох нь ээ. Энэхүү цунамид хүчээ өргөөгүй үлдсэн өргөн нэвтрүүлгийн төдийгүй сувгийн, орон нутгийн телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийн үзэгчдийг “Мэдээллийн урсгал” ховх сорох гэж байна. Телевизүүдийн мэдээний алба дампуурах, тарах эрсдэл бодитой нүүрлэлээ. Телевизүүдийн даяаршил ийнхүү улам бүр хүчээ авч байна аа. “Херо энтертайнмент” бүх телевизийн эфирийг баатарлагаар дахин дахин эзэлсээр байна. Нэгдэж ороогүй хэсгийнх нь хохь. Энэ бол мэдээллийн хүчирхийлэл. Жинхэнэ цар тахал чинь энэ. Ковид та бидний уушгийг гэмтээх аюултай бол пропаганда нэвтрүүлэг, мэдээллүүд ард түмний тархи, нийгмийн оюун санааг хүссэнээрээ бохирдуулж, эвдэн сүйтгэж, залуурдах болно. Даяаршилд МҮОНРТ ч уусан нэгдчихлээ. Саяхандаа МҮОНТ-ийн 600-гийн студийг “Херо энтертайнмент” хүчлэн эзэлж, Ерөнхийлөгчийн ярилцлагыг бичиж байсныг бид бүгд мэднэ. Үр дүнд нь хүчинд автсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал албан тушаалаасаа огцорсон. Огцрох ч ёстой. Тусгаар Монгол Улсын иргэдийн хамтын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг эрх мэдэлтнүүдээс хамгаалж чадаагүй удирдлага хариуцлага хүлээх нь зүй ёсны асуудал. Ийнхүү Монголын сэтгүүлзүйн хараат бус байдалд асар том аюул занал нүүрлээд байгааг үйл явдлууд илтгэн харуулсаар байна. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүлцэнгүйгээр таг дуугүй хараад л суух уу. Үүнээс үүссэн гарз хохирлыг Монгол Улс, үндэсний сэтгүүлзүйн салбар хэдэн арван жилд ч нөхөж чадахгүй байж магад. Редакциудын хараат бус байдал, чөлөөт ардчилсан сэтгүүлзүй, чөлөөт зах зээлийн жам ёсны хөгжлийн тухай ярих боломж үлдэх үү!? Наадмын нээлтээр эхэлсэн Баатар найруулагчийн телевизүүдийн эфирийг нэгтгэх төлөвлөгөө амжилттай үргэлжилсээр. Одоо телевизүүдийн амин чухаг судсыг амжилттай атгаж чаджээ. За асуудал ийм байна. Одоо яах вэ, эрхэм сэтгүүлчид ээ!? Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, удирдлагууд аа, энэ хэвийн үзэгдэл үү! Та бидэнд сэтгүүлзүйн салбараа, бизнесээ, ажлын байраа хамгаалах зайлшгүй шаардлага үүслээ. Их мөнгө, эрх мэдлийн эсрэг ард иргэдтэйгээ хамтран тэмцэх иргэний эр зориг, хамтын хүч хэрэгтэй гэж үзэж байна. “Эрхэт Монгол” медиа групп “Мэдээллийн урсгал”-ыг сөрөх болно. Хүчирхийллийг тэвчихгүй. Хэн ч бай Мэдээллийн урсгалын захиалагчид Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлзүйгээс, хэвлэл мэдээллийн зах зээлээс савраа татахыг хатуу шаардаж байна. Үүний оронд үр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулаач. Өнөөдөр өглөө DDSH кабелийн сувгийг нэгд нэгэнгүй эргүүлж үзлээ. Нэг ширхэг үндэсний хүүхдийн контент, нэвтрүүлэг алга. Эрх мэдэлтнүүд ээ, сүр жавхлант тархи угаагчид аа, сувгаа солиод үз. Таны, миний хүүхдүүд харь соёлоор оюун тархиа тэжээж байна. “Саарал” иргэдийг та бид хамтраад бэлдэж байна. Анхаарал хандуулах, нэгдэж нийлэх цэг чинь ердөө л энэ шүү дээ. Хүүхдийн нэвтрүүлэг, ном сэтгүүл, контент руу төр засаг маань хөрөнгө оруулаач. Тэгвэл бид үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, улс орныхоо маргаашийн төлөө нэгдмээр байна. Энэ постыг оруулсны дараа асар их дарамт шахалт, дайралт гүтгэлэг ирнэ гэдгийг миний бие ухамсарлаж байна. Гэвч МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг хашиж байсан хүний хувьд цар тахлаас ч илүү хор хөнөөлтэй мэдээллийн хүчирхийллийг сөрөх үүрэгтэй хэмээн үзэж, иргэний үүргээ биелүүлж, энэхүү уриалгыг гаргаж байна. Үзэгчид, сонсогчид, уншигчид аа, мэдэх эрхээ хамгаалцгаая. Энэхүү бяцхан бичвэрийг хүн болгон шэйрлэн түгээхийг хүсье. Бид Монголын ардчилалд аюул заналхийлсэн аливаа үйлдэл, санаархлыг тэвчиж үл болно. Мэдээллийн хүчирхийллээ нэн даруй зогсоо!
Х.Мандахбаяр
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …