Ковид-19 цар тахлын халдварын тархалтаас урьдчилан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК, ЗГ болон Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэр, чиглэлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тухай бүрт нь дотооддоо тушаал гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ талаархи сүүлийн үеийн мэдээллийг ХАБЭА-н хэлтэс болон Гамшгаас хамгаалах Шуурхай штабын дарга Д.Мөнхболдоос тодрууллаа.
–Ковид 19 халдварын тохиолдол манай аймагт бүртгэгдсэн өдрөөс Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хүний нөөц, хөдөлмөр зохион байгуулалтыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд ямар зохицуулалтаар ажиллаж байна вэ?
Улсын Онцгой комисс, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу аймгийн онцгой комиссын чиглэлийг баримтлан үйлдвэрийн Гамшгаас хамгаалах Шуурхай штабаас ажилтнуудаа эрсдэлээс хамгаалах ажлуудыг нэн түрүүнд хэрэгжүүлсэн. Мөн хатуу хөл хорионы үед үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, технологийн процессод ашигладаг бараа материалыг тасалдуулахгүй байх, шаардлагатай технологийн үндсэн материалын нөөц, тэдгээрийн нийлүүлэлтэнд өдөр тутмын шуурхай хяналт тавин ажиллаж байна. Ажилтнуудын төвлөрөл, бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс Ерөнхий захиргааны II байрны ажилтны 80 хувийг зайнаас цахим хэлбэрээр ажиллуулах, ажлын цагийг богиносгох, зарим тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авсан. Хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор 0-12 настай хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аавууд болон жирэмсэн 462, үйл ажиллагааг нь түр зогсоосон нийгмийн цехүүдийн 343 ажилтанд тэтгэмжтэй /цалинтай/ чөлөө олгож, 316 ажилтанд ээлжийн амралт олгон, нөхөн амрааж, цахим хэлбэрээр зайнаас 1009 ажилтныг, богиносгосон цагаар 47 ажилтныг тус тус ажиллуулж байна. Ингэснээр үйлдвэрийн газрын хэмжээнд давхардсан тоогоор нийт 2177 ажилтныг зайнаас ажиллуулах, цалинтай чөлөө олгох, ээлжийн амралт олгох зэргээр зохион байгуулалтад хамрууллаа. Харин 4411-5020 ажилтан хэвийн горимоор ажиллаж байна.
–Тандалтын шинжилгээнд бүх ажилтнаа хамруулсан. Үр дүн ямар байв?
Шуурхай штаб, Эрдэнэт сувиллын цогцолбор, Гэрээт цагдаагийн хэлтэс, Онцгой байдал, Дотоодын цэрэг болон Авто тээврийн цехтэй хамтран тандалтын шинжилгээг зохион байгууллаа. Коронавирусын халдвар илрүүлэх тандалтын түргэвчилсэн тестийн шинжилгээнд 2 үе шаттай буюу 11 дүгээр сарын 20-27, 12 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд нийт 8486 ажилтанд шинжилгээ хийсэн. Тэдний 7646 нь үйлдвэрийн ажилтан, 248 нь гэрээт байгууллагын ажилтан, 364 нь харилцагч байгууллагын ажилтан, ар гэрийн хүн 228 байв. Эдгээрээс PCR-ын шинжилгээнд нийт 699 сорьц илгээсэн бөгөөд халдвар илрээгүй. Сүүлийн үеийн байдлаар нийт 118 үйлдвэрийн ажилтан тусгаарлалт, ажиглалтад байна. Тодруулбал, тусгаарлах, ажиглах байранд 16, ХӨСҮТ болон халдвартын эмнэлэгт 2, гэрийн ажиглалтад 100 хүн байна.
–Үйлдвэрлэлийн бүс дэх хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор ажилчдын орох, гарах маршрутыг дөрвөн бүсийн чиглэлд оруулсан. Зохион байгуулалтыг хэрхэн хийж байна вэ?
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн “Халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн тусгай бүс байгуулах тухай” А/666 тоот тушаал, “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн А/682 тоот тушаал болон Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 166 дугаар шийдвэрийн хавсралтаар батлагдсан “Халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн тусгай бүс байгуулах, хөдөлгөөнийг зохицуулах түр журам” батлагдаж, үйлдвэрлэлийн бүсээ аюулгүйн дөрвөн хэсэгт хувааж ажиллаж байна. Ингэснээр ажилчид ажил, гэр гэсэн маршрутаар зорчиж, үйлдвэрийн постоор орж гарах хөдөлгөөнүүд илүү цэгцтэй, тодорхой болсон. Үүнд байнгын хяналт тавьж, бүс хооронд шилжих зохиуцуулалтыг журмын дагуу хийж ажиллаж байна.
-Энэ цаг үед ариутгал, халдваргүйжүүлэлт хамгийн чухал асуудал байгаа биз дээ?
Тиймээ… Ариутгал халдваргүйтэл бүрэн тогтмолжсон. Шуурхай штабын ариутгал халдваргүйтгэлийн баг нь батлагдсан хуваарийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн үйл ажиллагааны Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэрийн технологийн ажилчдын ажлын болон ахуйн зориулалттай өрөө тасалгаа, Тээвэр ложистикийн төвийн агуулах болон бүтцийн нэгжүүдэд бараа материал буулгах гадны автомашин, түүний бараа материалд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж, зөвшөөрөл олгох явцад хяналт тавьж ажиллаж байна. Мөн ажилчдын автобус, нийтийн тээврийн хэрэгслүүдийг өдөр бүр тогтмол цагуудад ариутгалын бодистой уусмалаар ажлын өдрүүдэд өдөрт 3 удаа, амралтын өдөр 2 удаа, ажилчдын хөл хөдөлгөөн ихтэй цэгүүд болон гэрээт цагдаагийн 24 пост зэрэг бүтцийн нэгжүүдийн объект бүрт хийж байна. Нэг автобусанд зорчих ажилтны тоо хэмжээг 35-аас хэтрүүлэхгүй байхаар зохицуулж, цувааны эргэлтийг нэмэгдүүлэн үүнтэй холбоотой гарах илүү цагийн нэмэгдэл хөлс, шатахууны зардлыг гамшгийн сангаас гаргах, ээлжийн ажилчдыг аюулгүй тээвэрлэх, ажилчдын хоолны газруудыг халдваргүйжүүлэх зэрэг нарийвчилсан төлөвлөгөөт ажлууд хэрэгжиж байна.
-Ажилчдын хоолны чанар болон орц найрлагад ямар хяналт тавьж байна вэ?
Хоолны цэсэнд өөрчлөлт оруулж, дархлаа дэмжихэд анхаарч байна. Үйлдвэрийн бүсэд халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй компаниудын хоолны чанар, эрүүл ахуйд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг тухай бүрт нь арилгах арга хэмжээ авч байна. Мөн дархлаагаа тэтгэх тухай ажилчдыг хоолны зөвлөмж, заавраар хангахын зэрэгцээ хоолны газрын үйлчилгээний онцлогт тохируулан зай хоорондын “Ковид -1.5” гэсэн шалны наалтыг сануулах зорилгоор наасан. Амны хаалт тогтмол зүүх, гар ариутгах угаах, бусадтай гар барихгүй байх, хүн хооронд 1.5-2 метрийн зай барих зэрэг халдвараас хамгаалах дадал хэвшлийг мөрдүүлж байна. Энэ бүхэнд зориулж, 37 нэр төрлийн халдваргүйжүүлэх бодис, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлж, зарим шаардлагатай цех нэгжүүдэд нөхөн хангалт нөөцөөс шилжүүлэх зэрэг байдлаар бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
-“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэхэд сэтгэл санааны амар тайван байдал юу юунаас чухал гэдгийг Эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байгаа. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна?
Шуурхайн штабын дэргэд Сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийн баг ажиллаж, хатуу хөл хорионы үед ажилчид болон тусгаарлалтад байгаа ажилчдын ар гэрийн хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих, бүртгэл судалгаа явуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Коронавирусын халдварын цар тахлын үед ажилтнуудаас “Сэтгэл зүйн байдал”–аа бидэнтэй хуваалцана уу” судалгааны асуумжийг цахим болон цаасан хэлбэрээр авсан. Одоогийн байдлаар 500 орчим ажилчид судалгаанд хамрагдлаа. Сэтгэл санаа тайван байдлыг дэмжиж, дархлааг тэтгэх арга хэмжээ үр дүнтэй, шинэлэг ажил болсон гэж дүгнэж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …