Олон жил дуншиж байгаа "Гэр бүлийн тухай хууль"-д шинэчилсэн найруулга хийхээр салбарын яамнаас төсөл боловсруулан ажиллаж байгаа юм.
Энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С. Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж салбарын яамнаас олон чиглэлийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байх.Гэхдээ бодлогын түвшинд ямар асуудалд анхаарал хандуулж байгаа вэ?
- НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоолыг баталсан. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 24 жил болж байгаа. Энэхүү өдрийг тохиолдуулан манай яамнаас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран 5-р сарын 15-нд “Гэр бүлийн талаархи бодлого, эрхзүйн шинэтгэл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт холбогдох яамдын мэргэжилтнүүд, мэргэжлийн судлаач, эрдэмтэд, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.Ер нь хуулийн төслийн шинэчилсэн найруулгын хүрээнд Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдлын талаар үндэсний хэмжээний түүвэр суурь судалгаа хийнэ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулалтын шатанд онлайн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгүүд, нийслэл болон орон нутагт уулзалт,ярилцлага зохион байгуулах зэргээр шат дараатай арга хэмжээ явуулна. Аль болох амьдрал дээр хэрэгжих, хөрсөндөө буусан чамбай хууль боловсруулахын төлөө л ажиллаж байна.
-Энэ хуульд шинэчилсэн найруулга хийх гэж олон жил ярьж, хэд хэдэн удаа хойшлогдсон. Өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үү. Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, хөгжил дэвшлийн суурь гэдэгтэй санал нийлэх үү?
- Гэр бүл дэх хүмүүсийн харилцаа нь хүүхдийн төлөвшилд нөлөөлж, хүний хөгжлийн түлхүүр болоод зогсохгүй цаашлаад улс үндэстний аюулгүй байдал, сэргэн мандалт, тухайн овог удмынхны үнэт зүйлийн суурь болдог гэдэгтэй санал нийлэхгүй байхын аргагүй ээ. Хүнийг зөв хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд гэр бүлийн үүргийг үнэлээд ч баршгүй юм. Тиймээс л гэр бүл амгалан, гэр бүл аюулгүй, гэр бүл эвтэй найртай, гэр бүл орлоготой, гэр бүл бат бэх байлгахын төлөө Монгол төрийн бодлого чиглэгдэж байх учиртай гэж боддог. Хүүхдийн хүмүүжил төлөвшил, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа гээд цогцоор нь харж, гэр бүлд нь уясан бодлого хэрэгжүүлэх нь чухал юм.
Зөвхөн төрийн үүрэг гэлтгүй гэр бүл бүхэн өөрсдийн үнэт зүйлсээ хөгжүүлж, үр хүүхдээ зөв хүмүүжилтэй, зөв хандлагатай, ажилсаг, бүтээлч болгож өсгөхөд хичээнгүйлэн анхаарч, үр хойчдоо уламжлан үлдээхийн төлөө зүтгэх ч үүрэгтэй.
Хэдийгээр хуулиар бүхнийг зохицуулж болохгүй ч гэлээ эрх зүйн орчныг сайжруулах, зайлшгүй хамгаалалтыг тусгах, эрх, үүргийг тодотгох, гэр бүлийн боловсролыг дэмжихэд зохицуулалт оруулах гээд Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлага бий болсон. 1999 онд батлагдсан энэ хуульд таван удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Гэхдээ бусад хуулиудыг дагалдаж өөрчлөлт оруулсан гэсэн үг. Өмнө нь шинэчилсэн найруулга хийхээр төсөл боловсруулсан ч хэлэлцүүлгийн явцад буцаагдаж батлагдаагүй юм. Энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх төслийг боловсруулан ажиллаж байна.
- Хэдийгээр хууль тогтоох дээд байгууллагад өргөн барих вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх хуулийн төслийг ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөж байгаа.
- Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж байгаа гол зохицуулалтыг нь тодруулахгүй юу?
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өнгөцхөн “косметик” гоёл хийхэд чиглээгүй. Төр засгаас тогтвортой гэр бүлийг дэмжих бодлогын хүрээнд гэр бүлийн хөгжил, боловсролыг илүү дэмжихийг чухалчилж байгаа юм. Цаашид төрөөс гэр бүл, хүн амын хөгжлийн талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, нийгэм, хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан “Гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн цогц бодлого” боловсруулах шаардлага байна. Яам, агентлагаас эхлээд хувийн хэвшлийнхэн, олон улсын болон төрийн бус байгууллагууд,аж ахуйн нэгжүүд “Гэр бүл төвтэй хүний хөгжил”-ийн асуудлыг бүх түвшинд өөр өөрийн шугамаар дэмжин ажиллах зайлшгүй нөхцөл байдал бий болсон байна.
Шинэчилсэн хуулийн төсөлд гэр бүлийн гишүүн бүрийг үүрэг хариуцлагатай болгоход чиглэсэн зохицуулалтууд орж байгаа. Мөн гэр бүлийн мэдээллийн нэгдсэн сантай болно. Гэр бүлийн дагнасан шүүгч ажиллуулах гэсэн заалтыг оруулахаар төлөвлөж байна. Гэхдээ салбарын яам нь дэмжих эсэхийг мэдэхгүй байна. Одоогоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Тухайн асуудлаар мэргэшсэн, гэр бүлийн нандин харилцааг ойлгодог, туршлагатай хүн энэхүү харилцааны талаар шийдвэр гаргахдаа уян хатан хандаж, хүндээ ээлтэй байхад илүү ажиллана гэж найдаж байгаа.
Энэ хуулийн төслийн амин сүнс нь бол гэр бүлийн боловсролыг олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих, тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэж байгаа гэж ойлгож болно. Одоогийн байдлаар хувийн хэвшлийнхэн болон төрийн бус байгууллагууд л гэр бүлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг улс орон даяар бий болгож, тодруулбал, сум, хорооны түвшинд, аль болох гэр бүлд ойр ажиллуулах зохицуулалттай болгохыг зорьж байна. Гэр бүлийн боловсролыг балчир багаас нь олгоход чиглүүлж, эрүүл мэндийн боловсрол, гэр бүл төлөвлөлтийн талаар сургалтын хөтөлбөрт оруулах, сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах талаар судалж байгаа. Дэлхийн хөгжилтэй орнуудад хүүхдийг цэцэрлэгт байхад гэр бүлийн гишүүдтэйгээ хэрхэн харилцах вэ зэргээр гэр бүлийн боловсрол олгож эхэлдэг. Цаашлаад хүүхдийг сургуульд орохоор ирээдүйн аав, ээж болохын тулд яах ёстой, эрэгтэй, эмэгтэй хүний биеийн онцлог, үүнээс үүдээд сэтгэлзүйд хэрхэн өөрчлөлт ордог гээд маш энгийн юм шиг атлаа хэрэгтэй зүйлийг шат дараатайгаар заадаг. Харин техник, мэргэжлийн коллеж, их дээд сургуульд ороход нь гэрлэлтэд бэлтгэх хөтөлбөрийг оруулах жишээний. Олон улсад туршигдаад үр дүнгээ өгч байгаа зүйлийг ч гэсэн бид нэвтрүүлж, гэр бүлийн боловсролыг багаас нь олгоход зөв зохицуулалтыг бий болгох нь зүйтэй болов уу.
-Монгол гэр бүлийн үнэт зүйл алдагдаж байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
- Эцэг эх, үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг шүтэх, өв уламжлалаа нандигнах, ажил хөдөлмөрийг эрхэмлэх соёл, зан заншил нь нүүдэлчин удмын монгол гэр бүлийн өвөрмөц үнэт зүйл юм. Цаг үеийн нөхцөл байдлыг дагаад хүний амьдралын хэв маяг, хандлага өөрчлөгдөж байгаа ч хүн хүнээ хайрлах, гэр бүлээ хамгаалах, сайн сайхнаа бусаддаа түгээх, гэр бүлийнхээ гишүүнийг дэмжин туслах гээд нандин харилцаа байхгүй болчихгүй шүү дээ. Тийм болохоор гэр бүл гэдэг хэсэг хугацаанд наадаад өнгөрөх тоглоом биш, хүүхдийн хувь заяан дээр аргамжлагдсан, насан туршдаа холбогддог харилцаа учраас залуус маань сонголтоо ухаалаг хийж, нэгэнт шийдсэн бол үүрэг, хариуцлагаа ч үүрч, гэр бүлийн аз жаргалаа ч хамгаалж амьдрахад суралцах нь чухал байна. Гэр бүлийн боловсролд суралцаж, үнэт зүйлээ нандигнах тусам түр зуурын саад бартаа, ялих шалихгүй хэрүүл, бие биенээ давах гэсэн үл ойлголцол зэрэгт бүдрэхгүй, бөхийхгүй өндийгээд гэр бүлээ тогтвортой аваад явчихад дэм болно гэж боддог. Тэр хэрээр монгол гэр бүлийн үнэт зүйл улам батжиж, дархлаа бий болсноор өөрсдийн амьдралаа хоёр “баганаараа” тэгш тулж хамтдаа алаг үрсээ аз жаргалтай өсгөнө шүү дээ. Энэ нь эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм шүү дээ.
-Гэр бүлийн талаар судалгаа, шинжилгээ хэр хийв. Гэр бүл салалтын тоо нэмэгдээд байна гэх юм. Бодиттой юу эсвэл...?
- Хуулийн шинэчлэлийн хүрээнд судалгаа, шинжилгээ заавал хийх учиртай. Сүүлийн үед гэр бүлийн салалт, хүчирхийлэл ихэсч байгааг судалгааны дүн харуулж байна. Салалтад ядуу байдал, архидалт, ажилгүйдэл гээд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Жилд 16-20 мянган гэр бүл шинээр бүртгүүлж байгаа. Харин жилд 3500-4000 гэр бүл салж байна гэсэн тоон мэдээ байдаг. Статистик мэдээллээс харахад дундажаар гэрлэлт 13 хувиар, гэр бүл цуцлалт 5.1 хувиар нэмэгдсэн байна.
-Гэр бүл салалтын шалтгаан харилцан адилгүй нь мэдээж. Гэхдээ залуу гэр бүлүүд үү эсвэл олон жил амьдарсан хосууд салаад байна уу гэдэг нь судалгаагаар тодорхой гарсан байх?
-Салж буй хосуудын талаас илүү хувь нь 10-аас дээш жил ханилсан гэр бүл байна. Олон жил ханилсан хосууд илүү бат бэх гэр бүл болдог гэсэн судалгаа байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эсрэгээрээ илүү олон жил амьдарсан гэр бүл хэврэг байна гэсэн сонин дүр зураг гарч байгаа юм. Тухайлбал, 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан хосын 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил, 14.7 хувь нь 4-6 жил, үлдсэн 7.1 хувь нь 3 хүртэл жил хамт амьдарсан байна. Гэр бүл салалтын шалтгааны голлох хувийг үл ойлголцол, үзэл бодлын зөрчил,хардалт зэргээс үүдэлтэй гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. Гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаа ийм өндөр хувийг эзэлж байгаа нь иргэдийн дунд гэр бүлийн боловсрол хангалтгүй байгаатай холбоотой. Судалгаанд оролцогчдын 72.3 хувь нь гэр бүлд боловсрол олгох газар,зөвлөгөө өгөх төв шаардлагатай гэж үзсэн нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ нэн хэрэгцээтэй байгааг харуулж байна.Үүнээс харахад гэр бүлийн боловсролыг шинэ шатанд гаргах, шинээр гэр бүл болж буй хүмүүсийг дэмжих, эхнэр, нөхөр болох бэлтгэлийг бий болгоход төр засгийн зүгээс тодорхой бодлого гаргаж ажиллах шаардлагатай юм.
-Гэр бүл салахад хамгийн хохирч байгаа нь хүүхэд. Шинэчилсэн найруулгад хүүхдийн эрхийг хамгаалахад ямар зохицуулалт оруулж байгаа вэ?
- Хүн амьдралд анхлан хөл тавихад хамгийн түрүүнд хүлээж авдаг нь гэр бүлийн орчин юм. Хүүхэд энэ дэлхий дээр төрөөд эцэг эхтэйгээ хамт сайхан амьдрах шиг аз жаргал гэж үгүй. Харин эцэг, эхийн хоорондох зөрчил маргалдаан нь эцэстээ салалтаар дуусах нь хүүхдэд хүндээр тусдаг. Зарим нь өөрийгөө энэ салалтын буруутан мэтээр хүлээн авч, ирээдүйд амьдрах, сурч боловсрох хүсэл тэмүүлэлгүй болж буруу зуршилд автах, тэнэх, гэр орноосоо дайжих, гудамжинд гарах магадлал өндөр байдаг. Учир нь хүүхэд нас маш эмзэг үе юм. Хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хэд хэдэн зохицуулалтууд оруулж байгаа. Эцэг, эх хүүхдийнхээ өмнө хариуцлагатай, үүрэгтэй байх талаас нь нэлээд тодотгож өгч байна. Мөн гэр бүл салахад хүүхэд өөрийн гэсэн өмчтэй байхыг тодосгож байгаа.
-Одоогийн хуулиар гэр бүл салахад хосууд эд хөрөнгөө хуваан авч байгаа. Тэгэхээр хүүхдэд хувь олгох болбол эцгийн хувиас багасгах уу эсвэл эхэд оногдох хувь хэмжээ буурах уу ?
-Гэр бүлийн гишүүн бүрт оногдох хувь нь тогтоогдоно. Түүнээс эцэгт эсвэл эхэд оногдох хувиас хасч хүүхдэд олгоно гэсэн зохицуулалт байж болохгүй. Тухайн хүүхдийнх нь нэр дээр данс нээж, эд хөрөнгийг нь хадгалуулна. Мөн улсаас өгч буй тэтгэмж нь хүүхдийн дансанд орох, тэр данс, эд хөрөнгийг нь асран хамгаалагч нь захиран зарцуулахгүй байх зэрэг зохицуулалт хийж өгнө.
- Эцэг, эх нь салахад хэн нэг нь хүүхдэдээ 18 нас хүртэл нь тэтгэмж өгдөг. Үүнийгээ төлдөггүй тохиолдол маш их бий. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?
-Тэтгэмжийн сан байгуулах зэрэг зохицуулалт оруулж байгаа. Тухайн санд эцэг эхийнх нь хүүхдэдээ өгч буй мөнгөн тэтгэмжийг татан төвлөрүүлж, сар бүр хүүхдэд тухайн сангаас нь мөнгө олгох зохицуулалт хийхээр тусгасан байгаа. Одоогийн хуулиар хүүхдэдээ тэтгэмж өгнө гэж заасан ч хугацаандаа төлдөггүй, нэг бол хэдэн сар болгож бөөнд нь төлдөг, эсвэл огт төлдөггүй алга болдог тохиолдол их бий.
-Хүүхэд үрчлэлийн асуудал байна. Гадаадын иргэд монгол хүүхэд үрчилж авч байна. Гэвч эргээд тэр хүүхдүүд хэрхэн амьдарч байгааг бараг мэддэггүй шүү дээ. Хүний нутагт очоод хүчирхийлэлийн золиос болохыг байг гэхгүй. Энэ талаарх хяналтыг хэрхэн тусгах бол?
-Хүүхдийн үрчлэлтийн асуудлыг өмнө нь журмаар зохицуулдаг байсан. Харин одоо хуулийн төсөлд нэг бүлэг болгож оруулаад байна. Тэр дундаа хүүхдийн үрчлэлтийн дараах асуудлыг маш нарийн тусгаж өгч байгаа. Тухайлбал, гадаад улсад үрчлэгдсэн хүүхдийг тухайн оронд байгаа манай улсын консулын газар харж, хянадаг тогтолцоог хөгжүүлнэ. Өмнө нь тухайн өргөж авсан эцэг, эх нь Гадаадын иргэн харьяатын газар, салбарын яаманд тайлан илгээгээд орхидог байсныг өөрчилж байгаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
5 Comments
993301 851992many thanks for telling!. Truth is normally the very best vindication against slander. by Abraham Lincoln.. 60052
857251 906818I consider something genuinely particular in this site. 614426