Зарим хүнд хэлээд байхад ойлгохгүй, зарим хүн хэлээгүй байхад ойлгодог хүний ялгаа…гэж. Ер нь манай улсад ганц, хоёрхоныг эс тооцвол урлагийн бүтээл ч гэхэд хэцүү, биш гэхэд ч хэцүү, гадна дотны хүмүүст гайхуулаад байх ч юмгүй, энэ бол тэр шүү гэж албан хүчээр оноож нэрлэсэн, хорвоогоос хэзээ ч юм халин одоцгоосон амьтан, адгуус, хүмүүсийн хөшөө болон янз бүрийн хөшөөнцөр энд, тэндгүй утаа, тоос шороонд дарагдсан, хог хаядаг цэг шахуу болсон, түүнийг нь цэвэрлэх гэж баахан зардал, тэрхүү хөшөөг нь хүн хар ч бараг мэдэхгүй, танихгүй ийм л хөшөөнцөрүүд аймаг, хотыг дүүргэж цөөхөн хэдэн Монголчуудын тоог нэмж, хотыг бохирлож, хогийн цэгийг олшруулж байна.
Хөшөө, дурсгалыг тэр болгон босгоод байдаггүй их утга учиртай юм гэсэн. Зарим нэг хөшөө дурсгалыг барьж, бүтээж хойч үедээ түүх болгон үлдээх нь зөв л байх гэхдээ…
Мундаг ажил хийсэн дүр исгэж, улс төржсөн, жалга дов, нутаг ус, ахан дүүс, анд нөхөддөө ая тал зассан эсвэл алсын гэх богинохон бодлоор аз байвал сонгогдох, бас дахин сонгогдох бодол, сэтгэлээр нүглийн нүдийг гурилаар хуурсан энд тэндгүй тэнэгдүүхэн хөшөөнцөр, бурхан мурхан, суврага муврага гэхчийг бариад ард олондоо гайхамшигийг бүтээсэн мэт сэтгэгдэл төрүүлэх гэж бүтээсэн тэр зүйлс нь хэнд ч ашиггүй, түүхэнд хэрэггүй, харийханд ч тоогдохгүй тийм л зүйлсийг бүтээхдээ гар таталгүй, ханцуй шамлан орж, хүний өөрийн хөрөнгө мөнгийг ч баруун, зүүнгүй цацах шиг л болох юм.
Ертөнцийн долоон гайхамшигтай дүйхүүц хэмжээний бүтээлийг хийж чадахгүй нь тодорхой л доо. Булшлагдсан коммунизмын удирдагчдын хөшөө, шарын нэртэй харийн шашинаас өөрийг сэтгэхээ больж, хийсэн нүглээ цайруулж, идсэн ууснаа нуух гэж буян хийх гэдэг нэрийдлээр төрөл бүрийн материалаар хийсэн янз бүрийн нэртэй бурхад гээчийг, төрөл өөр адгуус амьтаныг хүртэл хүнээсээ илүү, үнэтэйд тооцож тэдэнд зориулсан хөшөө дурсгалыг бүтээгч дарга, захирал, удирдагч нар олширсон үед яаж олигтой юм хийхэв. Ертөнцийн долоод байг гэхдээ ядаж 70- д нь багтахаар янз бүрийн хөшөө, дурсгалт цогцолбор хийж болно доо.
Аймаг, сум руу орох гарах замын хажууд угтаж үдэхдээ далим болгож даваан дээр идэж уугаад , бааж шээгээд баахан хог хаяад явдаг хөшөөнцөрүүдэд хэдэн төгрөг зарлагдсаныг хэн мэдлээ, хийлгэсэн дарганцар нар нь томроо байлгүй.
Одоо байгаа зарим нэг дурсгалт цогцолбор гэх шиг газарт /Зайсан толгой/ жорлон бүр байхгүй. Ил задгай морь харцгаасан, идэж уух газар, үзэж харах, бахархах юу ч үгүй. Энэ дээр гарахад бас мөнгө төлнө гээд боддоо. Гарлаа, харлаа, үзлээ хотоо бүрхсэн гайхамшигт гамшиг харагдлаа. Хураамж аваад байдаг нь улс, нийслэлийн ухаантай удирдагч нар нь гамшиг болсон утаагаар бизнес хийж хөрөнгө, мөнгө босгох хамгийн уран нарийн ухаан юм байхаа. Дэлхийд ийм нийслэл байхгүй юм чинь аргагүй шүү дээ. Ертөнцийн долоон гайхамшигт гамшигт бүртгүүлээд хураамжийг нь өндөр авдаг болговол ч юун Оюу толгой, юун Таван толгой ашиглах, гурван сая хүрэхгүй манай улсад ганц толгой хангалттай.
Энэ ч бас юу ч биш. Бидний өвөг дээдэс тэнэг болохоороо нэг жилийг тэнцүү, ойролцоо хоногтой /дунджаар 90 хоног/ дөрвөн улирал болгон зуны, намрын, өвлийн, хаврын улирал гэж хуваан нэрлэсэн, манжийн дарлалд 200 гаруй жил байсан, гэх мэт нь түүх болон хоцорчоо. Харин одоо утааны /180 хоног/, хог шорооны /90 хоног/, наадмын /30 хоног/, найрны /60 хоног/ гэсэн дөрвөн улиралтай болгон өөрчилж нэрлээд, гариг ертөнцийг судлаач нарыг гайхшилд хүргэж алмайруулаад ертөнцийн долоон гайхамшигт гамшигт бүртгүүлэх гэж байгаа гэсэн.
Бас болоогүй орохоо байсан бороог орлуулж, орон байргүй хүмүүсийг ундаалж, ойр орчныг нь шалбааг болгодог, оргилдоггүй усан оргилуур олширч, ойртоод очиход бас л хогийн цэг, хэтэрхий их үнээр хогийн цэг байгуулдаг хотын, улсын эрхэм гишүүд хэдэн төгрөг чинь илүүдээд байвал хөдөлмэр эрхлэх эрхгүй, хүнээр асруулах шаардлагатай, хүүхдийн гэх мөнгөгүй болсон хүүхэд багачуудад тарааж өгвөл таарна.
Улс орныхоо чадал чансаа, ард түмний суу ухаан, инженерлэг сэтгэлгээ зэргийг шингээж харуулсан, үзэмж төгөлдөр гоо сайхан, түүх соёл, зан заншлыг агуулсан хийц загвар нь дахин давтагдахааргүй, өөр улс оронд байхгүй, орчин үеийн техник технологийг ашигласан, тааварт оньсого мэт хэний ч санаанд оромгүй, харийн зочид үзэж хараад сөхөрч ойчоод мөргөхгүй ч садан төрөл, найз нөхдөдөө сайрхан ярьж зураг хөргийг нь үзүүлэхээр, саваагүй нэг нь зорин ирж үзэх гэж тэмүүлдэг тиймэрхүү маягийн хөшөө дурсгал, байгууламжийг иж бүрнээр нь бүхий л төрлийн үйлчилгээтэй, төгс хэлбэрээр шийдэж бүтээх хэрэгтэй биш үү?
Хөшөө дурсгал заавал том байх нь албагүй л дээ. Хүний оюун ухаан нь гайхамшиг юм гэдгийг харуулсан, шингээсэн бүтээл бол овор хэмжээгээрээ жижигдэнэ гэж байхгүй ш дээ.
Ер нь манайхан аливаа нэг юм хийхдээ бусад улс орны, хүмүүсийн хийсэн зүйлийг шууд буюу үл мэдэг өөрчлөн, хуулбарлан, орчуулан, дууриах нь бүх төрлийн салбарт зуршил, хэвшил болсон тэгээд ч “Морь унасан толгойгүй хүмүүс”-ээр ээлж дараалан төр, засгаа удирдуулан “дууриамал джинс” гэдэг шиг “дууриамал Монгол улс” байгуулж дэлхийн долоон гайхамшигт дууриамал улсад багтах боллоо.
Шашин нь: 1700 оноос хойш одоог хүртэл Түвдийн буддын шашинг дэлгэрүүлэх гэж, МАХНам нь: 1921 оноос социализм, коммунизмыгыг байгуулах гэж дууриан, дууриахдаа бүр илүү гараад явчихсан. Тийм ч учраас Монгол улс мөхлийн ирмэг дээр ирсэн. Харин одооны намууд нь: 1990 оноос капитализм, империализмыг байгуулах гээд оролдож байна./сургуульд ингэж л зааж байсан./
Бидний өвөг дээдэс /1700 оноос өмнөх/ өөрсдөө бодож, сэтгэж, бүтээж, байлдан дагуулж, бусдыг захирч өөрсдийгөө дууриалгаж байсан учраас өнгөрсөн мянган жилийн од улс байсан биш үү?
Гэтэл өнөөдөр яаж байна…бүхий л зүйлийг өөрөөр хэлбэл гаднаас мөнгө босгох ч юм уу эсвэл яаж шудрага нийгэм бий болгох, яаж баян улс орон болгож ард олноо ядуурлаас гаргах, эрүүл болгох, яаж утаагүй хоттой болох гэх мэт бүхий л зүйлийг Монгол сэтэхүйгээр шинээр сэтгэхгүй өөр цаг агаар байгальтай, өөр идэш хоолтой, өөр ёс заншилтай, өөр улс ард түмнүүдийн нийгмийн бүтээн байгуулалтыг туршлага нэрээр шууд дууриахыг морь унасан толгойгүй монголчууд гэхээс өөр юу гэж хэлэх вэ дээ.
Э.Анхбаяр
Чингисхаан хот. 2020.О8.26.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
3 Comments
Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.
529953 494696I like this post, enjoyed this one appreciate it for putting up. 252168