Монгол төрийн босго өндөр байх ёстой. Харамсалтай нь жилээс жилд улам л намсаад байна уу даа. Хэн нэгэнрүү дайрч давшилж, монгол төрийг уруу доройгоор нь дуудаж, жагсаал тэмцэл өрнүүлж байгаад эхний ээлжинд хэвлэлийнхний хараанд өртөөд авна. Харин дараа нь олон нийтийн итгэлийг олох гэж хэсэг тэмцэнэ. Үүний эцэст тэд юу хүсдэг гээч. Төрд шургалах.
Хэн нэгнийн явуулга бохир муу аргаар чухам шударга жагсагч, тэмцэгч, ард олны төлөө дуугарагч болж хувирч байгаад удаач үгүй аль нэг нам эвслээс сонгуульд хүч үзнэ гээд гараад ирдэг явдал улам л газар авч эхэллээ. Магадгүй үүнийгээ тэд олон нийтийн төлөө хийж буй сонголт, алхам гэдэг сайхан үгсээр хайцаалаад л өнгөрөх биз. Угтаа бол монгол төрийн босго өндөр байх ёстой.
Жагсагчид гэнгүүт Ж.Батзандан, О.Магнай нараас эхлээд олон ч хүний нэр зурвас хийх биз. Энэ бол үнэн.
Яалт ч үгүй жагсаж , чарлаж байгаад улстөрчид болж хувирсан хүмүүс бол тэд. Тэд ч гэж дээ Ж.Батзандангийн улс төрийн түүх О.Магнайгаас эхлэлтэй. Зүү орох зайгүй шахам нөхөрлөж, бас шадарлаж явсан үе тэдэнд бий. Иргэний нийгмийн хөдөлгөөний өрхийг татаж, Н.Энхбаярыг “Хаан” явахдаа босгосон хана хэрэм, дэглэмийг нь нураахын төлөө Төв талбайг манаж, түмпэн шанага нүдэж явахдаа олны анхааралд өртөж эхэлснийг санах нэг нь санаж л байгаа байх.
2008 оны тэр нэгэн хар явдлаас хойж “амь гарах”-ын тулд тэд иргэний хөдөлгөөнийг гаргуунд гаргаж, нам түшсэн. Энэ нь ч ээлээ өгч, хөтөлгөө морь шиг явсан хоёр нөхрийн нэг нь саарал ордны босго давж, нөгөөх нь намын удирдах албан тушаалд хүрснээр нэгэн аравныг үджээ. За энэ ч яахав. Энд нөхөрлөл ярих гэсэнгүй. Яагаад ийм нөхөд хэдэн үг хэлж, хэсэг чарласныхаа эцэст нам дагаж, төрд шургалчихдагийг л ард олон минь тунгаах цаг нь ирж.
Энэ удаагийн сонгуульд ч ялгаагүй жагсагч, тэмцэгч дүрээр гарч ирж хүч үзэж буй хүмүүс байна. Үүний төлөөлөл бол жил гаруй өмнөөс олон нийтийн эчнээ танил болоод буй Т.Энхсайхан гэгч эмэгтэй. Түүний хувьд 2016 онд Төв аймагт нэр дэвшиж А.Сүхбатад ялагдаж байсан удаатай. Үүнийхээ гол шалтгааныг олон түмэнд танигдаагүй гэж үзсэнүү яасан гэв гэнэт л Ц.Нямдоржийн булхай луйврыг илчилнэ гэж орилсоор бүр “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн” байгуулж түүнийхээ тэргүүнээр залраад олны өмнө гараад ирсэн. Одоо эргээд харахад түүний жагсаал квотын үнэтэй байж. Хаягдсан тойрог болоод буй УИХ-ын гишүүн Л.Болдын тойрогт нэр дэвших санаа нь ч бүтэж.
Ер нь энэ мэт жагсаал зохион байгуулж, микрофон барьж Төрийн ордонтой "дайсагнахаар" улс төрд ордог хэмээн андуурагсад улам л олшроод байна уу дээ. Ард түмэн мафижсан төр, МАНАН-гийн эсрэг нэгдэе, төрийн дээр зайдлаад суучихсан хулгайчид гэж хашгичдаг хүн бүрт итгэл хүлээлгээд байдаггүй юм шүү ТЭМЦЭГЧИД нэртнүүдээ.
Д.Дуулим
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
4 Comments
706049 55695I came across this very good from you out of sheer luck and never think lucky enough to say also credit you for any job well done. 866332
930216 947040Respect to site author , some great entropy. 580949