Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Н.Сайнбаяраас залилах төрлийн гэмт хэргийн талаар сүүлийн үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.
-Сүүлийн үед залилах гэмт хэрэг өссөн тоон үзүүлэлттэй байгаад байна. Үүнийг Сар шинэ ойртож байгаатай холбож ойлгож болох уу. Иргэд, олон нийтэд мэдээлэл өгөхгүй юу?
-Залилах төрлийн гэмт хэрэг өсөх болсон шалтгаан их олон хүчин зүйлээс болж байна. Гэхдээ шинэчлэн батлагдан хэрэгжиж буй Эрүүгийн хуультай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн гаралтт өссөн тоон үзүүлэлттэй ойлгогдоод байж мэдэх юм. Тодруулбал, өмнө үйлчилж байсан хуулиар 300,000 төгрөгөөс дээш хөрөнгө залилж хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг байсан. Харин одоо үйлчилж байгаа хуулиар буюу 17.3 дугаар зүйлд зааснаар Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гээд хохирлын хэмжээ заагаагүй. Энэ нь 10,000 төгрөг залилсан ч гэмт хэрэг болно гэсэн үг.
Мөн иргэдийн маань хандлага, өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас улбаалж энэ төрлийн гэмт хэрэг гарч байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нар ямар нэгэн байдлаар өөрийг нь залилахад хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй хандсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогддог.
-Жишээлбэл?
-Хамгийн энгийн жишээ дурьдахад, виз гаргаж өгнө гэсэн хэргийн хохирогч нар бүгд өмнө нь ямар нэгэн байдлаар виз зохих журмын дагуу хүссэн, улмаар татгалзсан хариу авсан, эсхүл виз олгох зохих шаардлагад нийцэхгүйгээ мэддэг хүмүүс байх нь бий. Тэгсэн хэрнээ ямар нэгэн аргаар виз гаргуулах эрмэлзэл нь залилах гэмт хэрэгт хохирогч болгж байна. Түүнчлэн, хохирогч нар бэлэн бусаар гүйлгээ хийхдээ тухайн иргэний аппликейшн ашиглаж хийж байгаа төлбөрийн гүйлгээг нь хардаггүй, зүгээр урьдаас гар утсан дээрээ бэлтгэсэн хариу мессежийн хуурамч зураглалд итгэж төлбөр тооцоо хийдэг. Залилах гэмт хэрэг маш олон төрлөөр үйлдэгдэж болно шүү гэдгийг олон нийт анхаарах хэрэгтэй.
Залилах гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргээс шалгах хугацаа, цар хүрээгээр хамаагүй илүү өргөн байдаг учраас шийдвэрлэгдэхдээ ч цаг хугацаа ихээр зарцуулдаг. Нөгөөтэйгүүр, урьдын тооцоолол, ул мөрөө баллалах нөхцөл байдлуудаа тодорхой болгосон байдаг. Тодруулбал, сонгины хальс шиг хуулах тусам шинэ хальс бий болдогтой адил холбогдогчийн аливаа асуудлыг шалгаад ирэхээр шинэ нөхцөл байдлын талаар мэдүүлдэг тухайн асуудлыг шалгаж тогтоохоос өөр аргагүй болдог зэрэг ар араасаа олон асуудлуудыг дагуулж байдаг. Энэ бүх хүчин зүйлээс шалтгаалж шалгалтын ажиллагаа удааширдаг. Цаашлаад, залилах гэмт хэрэг үйлдэгдснээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа хохирогч нар нь цагдаагийн байгууллагад ханддаг нь уг төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтэнд маш их нөлөөлдөг. Тухайлбал, иргэн Б нь С-с их хэмжээний мөнгө зээлээд 6 сарын дараа 60 хувийн хүүтэйгээр буцааж өгье гэх боловч 3 сарын дараа гадаад улс руу явчихсан байдаг. Энэ мэт маш их хүндрэлтэй асуудлууд бий.
-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ямар арга хэмжээ авч байна вэ?
-Мөрдөн байцаах албанаас Ятгах тусам нягтал нэртэй нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулаад байна. Энэ арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэгээхэн нь Ятгах тусам нягтал нэртэй пейж хуудас нээгээд ажиллаж байна. Энэхүү хуудсанд лайк дарж дагаснаар иргэд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээлэл олж авахаас гадна, хуульчдаас үнэ төлбөргүй зөвлөгөө авах бүрэн боломжтой. Хамгийн чухал нь бид хамтдаа нэг ч гэсэн хүнийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгохгүйн төлөө нэгдэн ажиллаж чадаж байгаа харуулах явдал юм.
-Сүүлийн үед цагдаагийн байгууллагад ямар төрлийн залилах гэмт хэргүүд үйлдэгдэж байна вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Зарим төрлийн залилах гэмт хэргийн талаар анхааруулга, тодорхой жишээнүүдийн хамт хүргэе.
- Иргэн Б нь бэлэн бусаар гүйлгээ хийхдээ урьдаас бэлтгэсэн мессежийг хохирогч нарт үзүүлж таньд илүү мөнгө шилжүүллээ та илүүг нь надад бэлнээр гаргаад өгөөч гэх байдлаар 70 гаруй иргэнийг хохироосон, мөн 2 өөр банк хоорондын гүйлгээ саатдаг талаар мэдэх учир энэ талаар албан ёсны банкны лавлах руу ярьж өөр банкнаас мөнгө шилжүүлсэн хэдийд орох талаар тодруулахад тодорхой хугацаа хэлдэг нь хохирогчийг удахгүй мөнгө ороод ирэх юм байна гэх нөхцөл байдалд үнэмшихэд хүргэдэг,
- Иргэн С иргэдэд найдвартай виз гаргаж өгнө гэж 19 иргэнээс тус бүрээс 3,5 сая төгрөг авсан гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд холбогдогч С нь хохирогч нарыг цагдаагийн байгууллагад хандахаас өмнө Монгол улсаас гараад явчихсан байдаг. Энэхүү 19 иргэн маань бүгд өмнө нь виз мэдүүлгэнд зохих журмаар хандсан боловч татгалзсан, урьд нь БНСУ-д хараар байж байгаад ирсэн иргэд байсан болно.
- Иргэн Т бусдад тээврийн хэрэгсэл барьцаалаад 20,000,000 төгрөг залилсан, энэ тохиолдолд хохирогч С нь уг тээврийн хэрэгсэл нь Т-ийн нэр дээр биш байгааг мэдсэн хэрнээ найзынх нь найз гэдэг утгаар итгэж зээлдүүлсэн боловч 7 хоногийн дараа уг тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нар нь ирж тээврийн хэрэгслээ авч явсан. Энэ тохиолдолд хохирогч зөвхөн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан бол хохирохгүй байх боломжтой байсан.
- Иргэн С хуурамч бичиг баримт үйлдэж түрээслэж байсан байраа хохирогч Д-д урьдчилгаа 30 хувийг нь авч хувь лизингээр худалдсан асуудал байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдогч С-н нэр дээр ямар нэгэн хөрөнгө, хадгаламж байхгүй болох нь тогтоогдож хохирогчийн мөнгийг зүгээр хувийн хэрэглээндээ зарцуулсан болох нь илэрхий болсон. Мөн холбогдогч нь энэ мэт 3 иргэнийг залилахаар завдаж байсныг таслан зогсоосон. Хохирогч хэрвээ Улсын бүртгэлийн газраас С-г өөрийг нь дагуулан очиж лавлагааг нь гаргуулан авсан тохиолдолд залилуулахгүй байх бүрэн боломжтой байсан.
- Иргэн А нь бусдад их хэмжээний хүүтэй мөнгө зээлэх шаардлагатай байна гэж хэлэн бусдаас их хэмжээний мөнгө зээлдэг, энэ тохиолдолд хүүний ашгийг бодож хохирогч ямар нэгэн барьцаагүйгээр урьдын харилцааны явцад би болсон итгэл дээр үндэслэн их хэмжээний хөрөнгө гаргаж зээлдүүлдэг, А нь энэ мэт 14 иргэнээс их хэмжээний мөнгө залилсан ба хохирол барагдуулах хөрөнгөгүй болох нь тогтоогдсон.
- Иргэн С нь өөрийгөө Засгийн газрын яаманд ажилладаг гэж итгүүлэн хохирогчтой тухайн яамны гадна автомашин дотор уулзаж замын ажил авч өгнө гэж итгүүлэн 800,000,000 төгрөг залилуулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2 жилийн дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн, хэрэв хохирогч тухайн үед С-г үнэхээр тухайн яаманд ажилладаг эсэх талаар ямар нэгэн аргаар лавласан тохиолдолд залилуулахгүй байх бүрэн боломжтой байсан.
- Иргэн А нь Б-с 20,000,000 төгрөг 15 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлээд буцаагаад хүүгийн хамт өгсөн байдаг, энэ нь хохирогчийг дасгах арга нь бөгөөд дахин 1 сарын дараа 100,000,000 төгрөг 15 хувийн хүүтэй зээлүүлээч гэхэд хохирогч эргэлзэхгүйгээр мөнгө зээлдэг ба энэ мөчид хохирогч өөрийгөө хохирсон гэж ерөөсөө боддоггүй.
- Мөн сүүлийн үед гадаадын компаниудын хувьцааг интернетээр худалдан авах санал бүхий залилах гэмт хэргүүд ихээр бүртгэгдэж байна. Энэ мэт залилах гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байна.
Иргэд маань өөрсдийн хөдөлмөрөөрөө олсон эд хөрөнгөд харам, хариуцлагатай байгаачээ, урьдын танил, бүр сайн мэдэхгүй хүмүүстэйгээ санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхдээ анхаарал болгоомжтой, хянуур байж, ямар нэгэн санал боломж гарсан тохиолдолд байж болох бүхий л хувилбараар шалгаж тогтоож байж шийдвэр гаргахыг зөвлөмөөр байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль эрх зүйн зохицуулалт их чухал бөгөөд салбарын хэм хэмжээг өөрчлөх шаардлага гарч байна. Залилах гэмт хэргийн тухай ойлголтын талаар МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 2006 оны 12 сарын 21 өдрийн 51 дугаартай
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН
“БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛАН МЭХЛЭЖ АВАХ” ГЭМТ ХЭРГИЙГ ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН
ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦААНААС ҮҮССЭН МАРГААНААС ЯЛГАЖ, ЗӨВ ШИЙДВЭРЛЭХЭД
АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР нэртэй тогтоолоос өөр хэм хэмжээ ховор байдаг. Гэтэл залилах төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга хэрэгсэл нь нийгэм хөгжлийн түвшинтэй уялдаж байгаатай холбоотойгоор шинээр үйлдэгдэж байгаа хэргүүдэд тохирох хэм хэмжээг батлан гаргах зайлшгүй шаардлагатай байна.
Мөн хохирогч нарын маань амар хялбар аргаар хөрөнгө олох, ажлаа бүтээх гэсэн сэтгэлгээ нь өөрийг нь хохирогч болгоход хүргэж байгааг сайн ойлгомоор байна. Аливаа амлалт амархан ашиг олох мэт санагдах тусам эрсдэл нь өндөр гэдгийг анхаармаар байна.
Эцэст нь таныг ятгах тусам улам нягтлаарай гэж уриалмаар байна.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
1 Comment
Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.