УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Орхон” аймагт ажиллаж, тойргоо эргэлээ. Баруун, солгойгүй өөрийгөө сурталчилж сонгогдчихоод бараа зүсгүй алга болдог зарим түшээдийг бодвол байн байн тойргоо тойглодог нэгэн. Тойрог нь төрсөн нутаг лугаа дотно сайхан болсон учраас тэр тэнд очихоороо эгэл жирийн, энгийн нэгэн байдаг. Элдэв цуваа машин хөлөглөж, гоё тансаг очдоггүй. Хотынхоо гудамжаар тоос манаруулан алхаж, таарсантайгаа тав гурван үг сольж, юу байгаагаараа багачууд хүүхдүүдийг баярлуулна. Эхнэрийнхээ гараар урласан даруухан бэлэгтэйгээ дөнгөж нярайлсан ээжүүдийг эргэнэ. Эрдэнэтийнхэн ч түүний бараа сургаар шинэхэн дээлээ өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой гэж сүржин загнаж сүйд болцгоохгүй. Ирж, очиж, эргэж уулзалддаг, зовлон жаргалаа хуваалцдаг ах, дүү мэт ээнэгшжээ.
Энэ удаад “Эрдэнэт” хотод УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрэмжит “Ирээдүйн аварга” сагсан бөмбөгийн тэмцээн анх удаа болсон юм. Энэ тэмцээнд аймгийн сагсны шигшээ есөн багийн өсвөрийн 50 гаруй тамирчид оролцож, гурван шилдэг баг шалгарч, мөнгөн шагнал, цомын эзэд боллоо.
Тэмцээнд аваргалсан Орхоны шигшээ нэгдүгээр багийн ахлагч, “Орхон Импати” сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Баяртогтох “УИХ-ын гишүүн О.Баасанхүү сурагчдын дунд ийм тэмцээн зохион байгуулсанд маш их баяртай байна. Энэ тэмцээн цаашид уламжлал болгон зохиогдвол жилээс жилд цар хүрээ нь өргөжинө гэж бодож байна. Хичээл амарчихсан байгаа энэ үед хүүхэд залуучуудын чөлөөт цагаа боловсон өнгөрөөхөд чиглэсэн ийм арга хэмжээтэй болгож байгаад баярлалаа” гэдгээ энэ үеэр хэллээ.
Сагсаар өрсөлдсөн хүүхдүүдийг урамшуулж баярлуулсны дараа О.Баасанхүү гишүүн Орхон аймгийн наймдугаар цэцэрлэгийн засварын ажилтай танилцсан юм. Энэ цэцэрлэг нийт 180 гаруй хүүхдийг хүлээн авах байсан ч засварын ажил дөнгөж эхэлж байлаа. Учир нь хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж байгаагүй учраас тендерийн зарлалыг дахин явуулж, хугацаа алджээ. Одоогийн байдлаар тендерт шалгарсан компани ирэх аравдугаар сарын нэгэн гэхэд засварыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгааг цэцэрлэгийнхэн хэллээ.
Энэ цэцэрлэгт харьяатай хүүхдүүдийг ойролцоох цэцэрлэгүүдэд хуваарилж өгсөн байна. Харин цэцэрлэгийн эрхлэгч Н.Отгонсүрэн О.Баасанхүү гишүүнээс хулдаас “гуйв”. Учир нь улсаас баталж өгсөн засварын төсөвт хулдаасны зардал анхнаасаа тусаагүй. Цэцэрлэгийн засвар дууслаа гэхэд эднийх дэсвэх хулдаасгүй болчихоод байгаа юм байна. Үүнд нийтдээ 15 сая төгрөг шаардлагатайг ч цэцэрлэгийн эрхлэгч дуулгав. О.Баасанхүү гишүүн арга чарга хайж, ийш тийш утас цохилоо. Аймаг орон нутаг, улсын төсөвт боломж нөхцөл байгаа үгүйг сураглаж, ямар ч байсан нааштайгаар шийдэхээр боллоо гэдэг хариу өгөөд гарлаа.
Дараа нь тэр Орхон аймгийн Уртын голын багийн иргэдтэй уулзаж, хийж бүтээж байгаа ажлаа танилцуулав. УИХ-д өрнөж байгаа сонин хачнаас ч тэдэнд сонсгож, хууч хөөрөв.
Урд эгнээнд суух эмэгтэй “Л.Оюун-Эрдэнэ сайдтай уулзуулж өгөөч” гэж хэллээ. Хариуд нь гишүүн “Төрийн ордонд оруулж сиймхийгээр сэм уулзуулах гарц хайя” гэж шийдэв. Дараагийн эмэгтэй “Цэцэрлэгийн туслах багшийн сонгон шалгаруулалт шударга бус байгаагаас олон хүн ажилгүй хоцорч байна” гэсэн гомдол мэдүүлэв. Энэ багийн хэд хэдэн цэцэрлэгт өргөтгөл хийж байгаа учраас ажлын байр нэмэгдэнэ гэдэг мэдээг түүний хариулт болгон өглөө. Шударга бус асуудлын талаар аймгийн Засаг даргаас асууна гэдгээ ч хэлэв.
Гэр хорооллын айлууд руу цэвэр, бохирын шугам татах уу гэдгийг нийтээрээ ихэд сонирхож байлаа. Үүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайдыг Хятадад айлчлах үеэр шийдэгдэх 15 төсөл байсан. Үүний нэгийг нь Эрдэнэтэд хэрэгжүүлээч ээ гэдэг хүсэлтийг би Ерөнхий сайд Хүрэлсүхэд тавьсан юм. Ингээд манай Эрдэнэтэд Хятадын хөрөнгө оруулалтаар 15 тэрбумын дулааны станцын өргөтгөлийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ес, аравдугаар сард энэ төслийн хүрээнд хийж байгаа дулааны шугамын өргөтгөлийн ажил дуусна. Ингээд айлуудыг хүсэлт тавьсных нь дагуу дулаанд холбох ажил эхэлнэ” гэсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл жинхэнэ эздэдээ очихгүй байгааг олон хүн шүүмжлэв. Нутагтаа тавилгын үйлдвэрлэл эрхэлж амьдралаа залгуулдаг нэгэн залуу “Аймагтаа бүтээн байгуулалт хиймээр байна, үйлдвэрээ өргөжүүлмээр байна гээд 30 саяын зээл хүсэхээр 5 саяыг л өгөх боломжтой” гэж ам тагладаг. Ард түмнээ ингэж тавлачихаад ар өврийн хаалгаар тэрбум тэрбумаар нь авчихаад сууж байгаа баян гишүүдийг шүүмжиллээ.
Харин гишүүн “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг таван жилийн хугацаатай олгодог. Эхний хоёр жил нь ямар ч хүү төлөхгүй. Гурав дахь жилээсээ гурван хувийн хүү төлдөг зээл. Гарааны бизнес эрхэлж байгаа жирийн ардуудад олгох зориулалттай энэ зээлийг УИХ-ын гишүүд авсан. Тэднээс зарим нь авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллалагад хадгалуулж мөнгө хүүлсэн. Мөн худлаа төсөл бичиж, барьцаа тавилгүйгээр зээл авсан тохиолдлууд ч илэрсэн. Ийм л шударга бус байдал бий болчихоод байна. Гэтэл өнөөдөр ахмадууд 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээл аваад хүүнд дарлуулж байна. ЖДҮ зээлийг завшсан УИХ-ын гишүүнийг би АТГ-т өгсөн. Гэвч авч хэлэлцдэггүй. Шударга ёс хаана байна вэ. Ийм ноцтой байдалд би тэмцсээр, шаардсаар байгаа. Аргаа барахдаа би ипотек, тэтгэврийн зээлийг ЖДҮ шигээ 3 хувийн хүүтэй болгож, ард иргэдээ бодооч гэдэг зүйлийг уриалаад нэхээд явж байна” гэв.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох тухай дуулсан иргэд “Дөрвөн жил хэрэлдээд салахгүй байгаа бугнуудаасаа яаж салъя гэж байхад таван жил болгох тухай ярьж байна. Идэж ууж хандаггүй 76-г яаж зайлуулдаг билээ гэж аргаа барж суухад 99 болгоно гэнэ шүү. Улсын мөнгөний 20-30 хувийг иддэг байсан бол одоо 99 болчихоод 50, 60 хувиар идэх юм байна л даа” хэмээн шаагилдаж, “Ёстой боль” гэдэг хариултыг О.Баасанхүү гишүүнээр дамжууллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү дараа нь хотынхоо хүнсний захаар явж иргэдийн үгийг сонслоо. Тэнд таарах иргэд төрийн түшээгээсээ түмэн зүйлийг асууж, санал, шүүмжлэлээ хэлж байсан юм. Аав, ээжийгээ хүсэл бүрийг биелүүлэх саваатай шидтэн лугаа үздэг хүүхдүүд шиг зүсэн зүйлийг гуйж “эрхлэх” иргэд ч их байв. “Univision”-ий төлбөр өндөр гараад байгаад гомдоллож, шийдэж өгөхийг ширүүхэн гуйх нэгэн ч таарав. Тойрогтоо жилд хэдэн удаа ирдэг тоогоо алдсан О.Баасанхүү гишүүнийн ээлжит эргэлтийн хугацаа богино байсан ч шурт гээд гарахдаа шаргуу олон ажлыг амжуулаад Улаанбаатарын зүг буцлаа.
Н.Гэрэл
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
971882 626874There is noticeably a whole lot to know about this. I believe you made some good points in features also. 437381
441352 258026You produced some decent points there. I looked on the net for any issue and located most individuals goes along with together with your website. 813334