Залуу жүжигчин Пунтик гэвэл хүмүүс андахгүй. Сошиал хаягаар нь цээжилчихсэн гэсэн үг л дээ. Турьхан гоолиг энэ бүсгүй бас л харизматай уран бүтээлчдийн нэг. Саяхнаас тулааны урлагаар хичээллэж эхэлсэн нь нүдэнд содон тусах. Шуугиан тарьж байгаа “7-р тусгай тасаг” кинонд акул жүжигчид дунд нэг шигтгээ байсан нь бас содон тусаад болдоггүй. Үе тэнгийн жүжигчин бүсгүйчүүдээсээ нэлээд чинээлэг бийлэгжүү харагддаг гэх дүгнэлтийг энэ бүсгүйд өгдөг. Нөхөр нь ар талаа бүрэн даадаг учраас ямар ч проблемгүй амьдардаг гэдгээ тэр үе үе дурьддаг. Бээжингийн нэр хүндтэй сургуульд суралцах урилга гардсан бүсгүй Австралид хоёр дахь удаагаа кино зурганд орох гэж байгаа чихэнд чимэгтэй мэдээ байна. Түүнтэй шинэ уран бүтээл болон бусад асуудлаар нухацтай мөртлөө залхуу хүргэмгүй цэгцтэй ярилцлага хийв.
-Маш мундаг жүжигчид тоглосон гэдгээрээ “7-р тусгай тасаг” кино их анхаарал татаж байна. Тэр дунд нэг бүсгүй явж байгаа. Энэ кинонд яагаад тоглох болов. Киноныхоо талаар танилцуулахгүй юу?
-Кино маань 2018 онд хийгдсэн. Анхны дүрийн сонгон шалгаруулалт ямар нэгэн проб хийхгүйгээр нюанстай дүр болохоор Пүүжээ л тохирно гээд шууд намайг сонгочихсон юм билээ. Яг миний үеийн жүжигчдээс намайг сонгож авсан байсан. Маш их баярлаж байгаа. Мундаг жүжигчидтэй нэг кинонд тоглоно гэдэг аз. Маш гоё кино болсон. Зохиол нь л гэхэд хэнд ч төсөөлөгдөхөөргүй. Би киноны гол түлхүүр Тунгаа гэдэг эмэгтэйн дүрийг бүтээсэн.
-Чиний “Хөхөөний үүр” кинонд бүтээсэн дүрээс хэр өөр вэ?
-“Хөхөөний үүр” бол нэг л дүрээрээ Туяа Туяагаараа анх байснаараа дууссан бол энэ дүр илүү эргэлттэй. Дүрийн түүх маш гоё. Яагаад муу юм хийдэг болсон, яагаад ганцаараа юм, яагаад тэр хүнийг хүлээсээр байгаа юм ... Уг нь сайн, зөв эмэгтэй байсан ч өөр сонголтгүй учраас тэгж амьдарсан.
-Амьдрал дээр ер нь ямархуу ааш араншинтай хүн юм бэ. “Хөхөөний үүр”-ээс хойш ааштай, ширүүн хүүхэн шиг буугаад үлдчихсэн байна?
-Ер нь л зөөлөн хүн. Дүүгээ загнахдаа хүртэл хатуу үг хэлчихээд өрөөндөө ороод уйлчихдаг. Нөхөртөө, найзууддаа хатуу үг хэлж чаддаггүй. Гаднаа тэгж харагддаг ч хамгийн зөөлөн хүн шүү. Яг сайн мэддэг хүмүүс миний энэ зан дээр тоглолт хийдэг тал ч бий. Тэр дүрийн тухайд хүн өөрийнхөө эсрэг зүйлийг сайн хийдэг. Ер нь тухайн дүрийнхээ дотоод мөн чанарыг ойлгочихсон тохиолдолд гаднаа тэр байдлыг харуулж чаддаг.
-Маш олон кино нээлтээ хийж байна. Танай киноны хандалт авах зүйл юу гэж бодож байна?
-Энэ киног би мэргэжлийн гэж хэлж чадна. Ихэнх кинон дээр дуучин, бүжигчин, эсвэл сошиал оддыг ч юм уу оруулж өгдөг. Харин энэ кинон дээр нэг ч мэргэжлийн бус жүжигчин байхгүй. Амин-Эрдэний дүрд тоглосон охин маань хүртэл ОХУ-д кино урлагийн сургуульд сурдаг. Ерөнхий найруулагч Баярсайхан, хоёрдугаар найруулагч Отгонсүрэн, Батнасан ах болохоор продюссер, зургийн дарга гээд бүх ажлыг хийсэн. Их том кино групп байсан. Жүжигчин болгон нэг туслахтай. Тэд нь бүх зургийн туршид хувцас, зохиол, текст, нүүр будгийг нь хариуцаад явж байсан. Кинонд хамт тоглосон ахмад жүжигчдийн амьсгалж байгаа нь хүртэл жүжиглэлттэйгээ уусчихсан хүмүүс. Хамтарч ажиллахад маш сайхан. Тэднийхээ хийж байгаа үйлдлүүдийг хараад сурах зүйл их байсан. Киноны хэсэг дээр гарч байгаа хэрцгий харьцаанууд хүнд байсан. Тухайлбал, Цогоо гуайн толгой дээр аяга хагалах, Гүрээ, Мягаа ахыг өшиглөж унагаадаг хэсэг. Өшиглөхдөө хүртэл зөөлөн өшиглөөд хайрлаад байх юм билээ. Бүгд зүгээр ээ, хамаагүй яах ч үгүй гээд байгаа юм чинь. Надад өөрт бол хэцүү байсан.
-Уран бүтээлийн хувьд сонин хачин юу байна?
-Би яг одоогоор хүний ой тоонд орохоор дүр дээр ажиллаагүй байна. Гэхдээ жүжигчнийхээ хувьд кино урлагт үнэлэмж өндөртэй гэж өөрийгөө бодож байгаа. Сая л гэхэд нэг кино найруулагч ах маань залгаад маш зэвүүн дүр байна, чи л чадна гээд ярьж байна. Ийм үед маш их баярладаг. Ер нь миний мөрөөдлийн дүр ойртсон байх. 2017 онд монгол удган бөөгийн тухай Австралийн богино хэмжээний киноны шалгаруулалтанд тэнцэж тоглосон. Тэр кино Австралидаа ашиг орлого сайн олсон юм байна. Австралийн иргэдийн зүгээс хоёрдугаар ангийг нь хийгээч гэдэг санал тавьж, өөрсдөө хандив босгож хоёрдугаар ангийг нь бэлдэж байгаа. 8 сарын 18-наас 9 сарын 7-ны өдрүүдэд Австралид киноны зурагтай. Монголынхоо шашны болон жүжигчний ур чадварыг харуулахаар бэлтгэж байгаа. Олон улсад ямар жүжигчин од болж байна гэхлээр орлон тоглогч авахгүйгээр тоглодог хүмүүс. Тэгэхээр би яалт ч үгүй бэлтгэл сайн хийхээс өөр аргагүй юм. Нэг сайхан мэдээгээ хуваалцахад удаан хайж, эрэлхийлж явсны дүнд Бээжин филм академийн найруулагч, продюссерийн ангид бүтэн жилийн тэтгэлэгтэйгээр суралцах болсон. Тэндээ бүх хичээл нь англи хэл дээр явагдахаас гадна хичээлийн 70 хувь нь практик буюу дадлагаар явагдана. Олон улсын буюу Хятадын кинонд ажиллаад явах юм билээ. Хэлний мэдлэг сайжирна, олон улсын хэмжээний кино яаж хийгддэг болохыг мэдэх боломж, өөрийгөө хөгжүүлж суралцах болсондоо маш их баяртай байгаа. Нийт гурван шатны шалгалт өгөөд энэ сургуульд орохоор болсон.
-Танай үеийн урлагийнхан бараг бүгд л нүцгэлчихлээ. Тодорхой хэмжээнд эротик үзэгдэл үзүүлж, эсвэл сенсааци тарьж байж амжилт олох юм шиг?
-Би бараг тэр хэдээсээ илүү нүцгэлсэнд орно шүү. Бумеранг дээр нүцгэлсэн. Хамгийн анхны хагас нүцгэлсэн кино бол Пара найруулагчийн “Сүүлчийн шөнө”. Ер нь би нүцгэлэхийг хүндээр хүлээж авдаггүй. Угаасаа л би энэ биеийг жүжигчин болгоно гээд шивээс, персинг хийлгэхгүй хадгалж байна. Сенсаацийн хувьд хүмүүс зүгээр л хүнд туслачихаад тэрийгээ олон нийтэд зарлачихдаг. Би амбиц талдаа их муу юм шиг байна лээ. Ур чадвар, чадамжуудаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч явдаг. Би хэнд ч хэлэхгүйгээр зөндөө хүнд тусалдаг, сайн үйлсийн аянд оролцдог. Тэр болгоноо хэлээд зарлаад байдаггүй. Ер нь хувийн тоглолтонд дургүй. Багийнхаа өмнөөс бол юу ч хийсэн болно. Ганцаараа сондгойрох гээд би тэгсэн гээд байх тэнэг хэрэг. Ур чадвар, хүн чанар тааруу хүмүүс өөрийгөө оршин тогтнуулах гэж янз бүрийн зүйл хийгээд байх шиг санагддаг.
-Чухал үед өөрөө маш сайхан хувцасласан харагддаг. Хувцас сонголтон дээр чинь хувийн менежер байна уу?
-Би өөрөө 7-11-р анги хүртлээ загвар зохион бүтээгчийн улсын уралдаанд тасралтгүй нэгдүгээр байранд ордог байсан юм. Намайг орж байгаа гэхлээр хүүхдүүд хоёрдугаар байрын төлөө өрсөлддөг байсан. Загвараа зохионо, хувцсаа өөрөө хийж, өөрөө өмсөөд, өөрөө тайзан дээр алхана. Одоо тулсан үед өөрийнхөө өмсөхийг хүссэн хувцасны загварыг зураад гаргачихдаг. Тухайлбал, “Хөхөөний үүр” кинон дээр айхтар эмэгтэйн дүрд тоглосон учраас хамгийн даруухан ягаан дээл сонгож өмсөөд очсон. Загвараа өөрөө гаргасан юм. “Орилоон” кинон дээр зодуулж, нүдүүлдэг аймхай сул дорой эмэгтэйн дүрд тоглосон. Тэгэхлээр нь дүрээсээ эсрэг том хар палатье өмсөж байлаа. Ер нь киноныхоо дүрээс эсрэг байдлаар хувцаслаж очдог. Саяхан “Холливуд Монголд” арга хэмжээний үеэр “We Brand”-ийн дээлээр гоёсон. Яг надад зориулаад миний сэтгэлд хүрэхээр дээл хийж өгсөн “We Brand”-ийн хамт олонд энэ дашрамд талархал илэрхийлье. “7-р тусгай тасаг” киноны нээлтэнд бас энэхүү брэндийн цор ганц хувь надад зориулагдсан хувцсыг өмсөнө.
Ярилцсан У.Цахирмаа
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …
6 Comments
сонирхолтой
Яадаг яадаг гэнээ,яагаа ч үгүй одын өвчин туссан байдаг л хүүхнүүдийн нэг шив дээ.Иймэрхүү буруу сэхэж, эрт хамраа сөхвөл хол явахгүй. Юун ч онгироо хөөрүү юм. Сэтгүүлч нь өөрийг нь хөөргөсгэж байгаад юм яриулаад байгааг мэдэхгүй байгаа юм байх даа.