Газрын тосны салбарт “Монгол иргэдийн оролцоог нэмэгдүүлье” сэдвийн хүрээнд АМГТГ-ын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Пүрэвжавтай ярилцлаа.
-Газрын тосны салбарт тэр дундаа “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанийн ажиллах хүч 70, 30-ийн харьцаатай байгаа гэж АМГТГ-ын дарга Х.Хэрлэн хэлж байсан. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна л даа. Яг баттай тоон баримт бий юу?
-“ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” гэж Монголд бүртгэлтэй төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж байгаа. Энэ компани дээр үндсэн бүртгэлтэй ажилчдын тоо бол яг 70x30 байгаа. Өөрөөр хэлбэл, энэ компани дээр нийгмийн даатгал төлүүлдэг, хөдөлмөрийн гэрээтэй монгол ажилчдын тоо 70 хувиас бүр давчихсан байдаг. 19, 21-р талбай нийлээд 300 орчим ажилчин улирал харгалзахгүй ажиллаж байдгаас 80 орчим нь хятад ажилчид юм. Харин зундаа туслан гүйцэтгэгчийн гэрээгээр ажилчид нэмэгддэг. Гэхдээ энэ бол “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанитай холбоогүй, харин энэ компанитай гэрээлж тухайн ажлыг гүйцэтгэж байгаа бусад компаниудын ажилчид.
-Тэгэхээр туслан гүйцэтгэгч компаниуд нь монгол биш хятад ажилчдыг түлхүү аваад байна гэсэн үг үү?
-Бид энэ жил туслан гүйцэтгэгчийн гэрээ хийхдээ бүх компанид монгол ажилчдыг авч ажиллуулах шаардлагыг тавьсан. Тэд боломжтой бүх ажилд монгол ажилчдыг аваад, хэчнээн ажилчин авсанаа манай газарт тайлагнана гэж мэдэгдсэн. Тэгэхээр монгол ажилчид улирлын чанартай ажлууд зонхилон хийж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, туслан гүйцэтгэгч компанийг ажлаа явуулах үед ажилчихаад дууссан цагт нь ажлаа өгөх байдлаар явдаг.
-Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээлсэн гэж ярьж байна. Үүнд, монгол компани, аж ахуй нэгжүүдээ дэмжих тал дээр ямар бодлого баримталсан бэ?
-Тээвэртэй холбоотой ажлын хувьд агентлагийн зүгээс үндэсний аж ахуй нэгжүүдээр боломжтой бүх ажлыг хийлгэх ёстой гэсэн байр суурийг “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанид илэрхийлдэг. Агентлагийн удирдлагууд солигдоод жил гаруй болж байна. Энэ хугацаанд байнга энэ шаардлагыг тавьж ажиллаж байгаа. Эхний үр дүн ч гарч байгаа.
-Олон улсын тээвэр гээд хил дамнасан тээвэрлэлтэд бол монгол компаниуд оролцож чаддаггүй юм биш үү?
-Тийм зүйл байхгүй. Өнгөрсөн 2017 онд тухайн ажил дээр 250 орчим тээврийн хэрэгсэл байснаас 60 орчим нь Монгол Улсын аж ахуй нэгж дээр бүртгэлтэй, манай улсад татвараа төлдөг компани байсан. Бусад нь Хятадын компаниуд гэсэн үг. Харин үүнээс өмнө 100 хувь хятад компаниуд олон улсын тээвэрлэлтэд явдаг байсныг бүгд мэдэж байгаа. Ингээд 2018 онд тендерийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанитай ярилцаад аль болох үндэсний аж ахуй нэгжүүдэд нөхцөл нь хөнгөх байхаар тендерийн бичиг баримтуудыг зохион байгуул гэсэн шаардлагыг тавьсан. Жишээлбэл, тус компанитай хамтран ажиллахад оноо тавьдаг байсныг багасга гэсэн. Бүр тодруулбал, танай компанитай хамтран ажилласан монгол компани цөөхөн учир энэ оноогоо багасга гэсэн шаардлагыг тавиад тендерийн ажлыг зохион байгуулсан. Өдгөө 350 орчим тээврийн хэрэгсэл олон улсын тээвэрт явахаас 200 тээврийн хэрэгсэл нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл байгаа. Тэгэхээр талаас илүү хувь нь үндэсний аж ахуй нэгжийнх болж таарч байгаа юм. Энэ мэтчилэн бага зэргийн ахиц дэвшилт гараад явж байна.
Газрын тостой холбоотой тээвэр дээр хил дамнасан болон дотоодын тээвэр гэж байгаа. Дотоодын тээврийг л гэхэд 100 хувь манай монгол компаниуд гүйцэтгэдэг. Үүнд ямар нэгэн хятад компани оролцдоггүй. Туслан гүйцэтгэгч компаниудын хувьд ч мөн адил Монголын нэр бүхий 2-3 компани тээврийн ажлыг гүйцэтгээд нийт 10 гаруй аж ахуй нэгжийн 140 орчим тээврийн хэрэгсэл дотоодын тээвэрт өнөөдрийн байдлаар ажлаад явж байна.
-Таны хэлж байгаагаар тээвэрлэлтийн ажлын зонхилох хувийг Монголын компаниуд гүйцэтгэж байгаа юм байна. Тэгвэл монгол компаниудын ард хятад эзэн, хятад хөрөнгө оруулалт явж байгаа гэдгийг салбарынхан хэлдэг. Энэ дээр танай агентлагаас хяналт тавих боломж бий юу?
-Төрийн байгууллагын тавьж байгаа шаардлага хуульд нийцсэн хуулийн хүрээнд явагдах ёстой. Бид Газрын тосны хуулинд заасан Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгж гэдэг шаардлагаа тавиад ажилладаг. Харин Монгол улсад бүртгэлтэй, татвар төлөгч А, Б компанийн цаана хэн байна гэдэг дээр бид шаардлага тавих эрхзүйн үндэслэл хязгаарлагдмал.
-Үндэсний аж ахуй нэгж гэж нэрлэгдэх монгол компаниудын цаана хятад хүмүүс үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл та бүхэнд очсон тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авах дүрэм, журам байхгүй гэж ойлгож болох уу?
-Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч компани гээд хуулийн дагуу туслан гүйцэтгэх ажил авсан тул бидэнд ямарч арга байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон бусад хуулинд энэ асуудал зохицуулагдаад гадаадын иргэн монгол улсад хуулийн этгээд байгуулаад ажиллах боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр хэн нэгэн гадны иргэн ард нь байгаа учир энэ компанитай гэрээ байгуулж болохгүй, тухайлсан компанитай гэрээ байгуулах ёстой гэдэг ч юм уу ийм шаардлагыг манай байгууллагаас тавьдаггүй. Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч байх ёстой л гэсэн хуулийнхаа шаардлагыг тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр ямартаа ч Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих ажил ахицтай яваа. Үүний дараа ард нь байгаа гадны эздийг зохицуулах асуудал яригдах нь зүйтэй байх.
- Тэгвэл Хятад дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явж байгаа асуудалд ямар хариулт өгөх вэ?
-Өнөөдрийн байдлаар 19, 21-р талбай дээр С зөвшөөрөлтэй 18 гадаад дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Ямар нэгэн бүртгэлгүй, эсвэл холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдэлгүйгээр гадаад дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улсын нутаг дэвсгэрийг нэвтрээд ороод ирэх ямарч боломж байхгүй. Авто тээврийн үндэсний төвөөс зөвшөөрөл авдаг. Эдгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг 6, 6 сараар сунгуулж явдаг. Одоо байгаа тээврийн хэрэгслүүд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зөвшөөрөлтэй. Өөрөөр хэлбэл, 6 сар тутам ямар зорилгоор яах гэж энэ тээврийн хэрэгсэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байж байгаа гэдгээ компани нь мэдүүлж зөвшөөрлөө сунгуулдаг. Сунгах шаардлагагүй гэж үзсэн тээврийн хэрэгслийг хилээр гаргадаг. С зөвшөөрөл гэдэг 6 сарын хугацаанд олон удаа хил нэвтрэх эрхтэй тээврийн хэрэгслүүд байдаг.
- Хятад дугаартай машин тээвэр хийгээд байна гэдэг асуудал бас байгаа?
-Үүн дээр зөв ойлголт авах хэрэгтэй. Тухайн ажлыг хийхэд туслан гүйцэтгэгч компаниуд хятад улсаас техник, тоног төхөөрөмжөө оруулж ирэхдээ ямар машинаар юу оруулж ирэхээ урьдчилаад Авто тээврийн үндэсний төвд мэдэгддэг. Тэр тээврийн хэрэгсэл Хятад, Монгол хоёр талаас зөвшөөрөл авч байж нэвтэрдэг гэсэн үг. Нэвтрээд Монгол Улсад хаанаас хаа хүртэл яваад аль цэг дээр очихыг нь маршрутаар баталж өгдөг. Энэ дагуу тухайн цэг дээр очоод тоног төхөөрөмжөө буулгадаг. Өөрөөр хэлбэл, Баянхошууны боомтоор орж ирээд 21-р талбай дээр, 21-р талбайг дамжаад 19-р талбай орох, магадгүй Бичигтийн боомтоор орж ирээд 19, 21 дүгээр талбай орох маршрут баталдаг. Зарим тохиолдолд өрөмдлөг, цооног үйлчилгээний тоног төхөөрөмжийг талбай дээр биш тухайн цооног дээр буулгах зөвшөөрлөө аваад ажилладаг. Ингээд тухайн тээврийн хэрэгсэлд ямар төрлийн зөвшөөрөл авснаасаа шалтгаалаад хилээр буцаад гарах уу эсвэл тодорхой хугацааны дараа авчирсан техник төхөөрөмжөө буцаж ачаад хилээр гарах уу гэдгийг тухайн үед олгогдсон зөвшөөрлийнхөө ангиллаас шалтгаалаад тогтоогддог.
- Тусгай зориулалтын гэх тээврийн хэрэгслүүдэд ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ гээч зүйл олгодог. Үүнд Монголын аж ахуй нэгж оролцох боломжтой юу?
- Зөвшөөрөл олгож байгаа болон тээврийн хэрэгсэлд тавьж байгаа хяналт нь хоёр улсын хооронд байгуулагдсан авто тээврийн гэрээгээр ч тэр, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд ч тэр Авто тээврийн үндэсний төв дээр явагддаг. Тэгэхээр Авто тээврийн үндэсний төвд “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компани энэ жил хэрэглэх машиныхаа тоо, хилээр нэвтрэх машины тоо, монголд байгаа тээврийн хэрэгслийнхээ зөвшөөрлийг сунгуулах хүсэлт зэргээ өгдөг. Манайхаас тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн санал дүгнэлт гаргадаггүй.
-“ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компани туслан гүйцэтгэгч компаниудаа сонгохдоо нээлттэй биш байна гэдэг асуудал үеийн үед тавигдсаар ирсэн. Энэ дээр танайхаас ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Энэ жил мөн л наад асуудлаар чинь шаардлага тавиад л явж байгаа. УУХҮ-ийн сайд ч энэ дээр санал нэг байна лээ. Хөтөлбөр төслүүд батлаад ажил ч эхэлж байгаа. Энэ жил 56 цооног “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компаниас өрөмдөх гэж төлөвлөж байна. Улмаар Өрмийн хоёр, гурав зэрэгтэй “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компани гэрээ хийхэд нь та бүхэн боломжтой бүх ажилчдаа монголоос аваарай. Тээврийг монголын үндэсний аж ахуй нэгжүүдээр гүйцэтгүүлээрэй гэсэн шаардлагаа тавьчихаад л ирсэн.
- Салбарын боловсон хүчний асуудал дээр ямар бодлого барьж байгаа вэ. Яг мэргэжлийн хүмүүс нь ажлын байраар хангагдаж чадахгүй байна гэх зүйл яригддаг?
-Би Газрын тосны ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаагийн хувьд энэ салбарын мэргэжилтэй боловсон хүчний асуудал дээр ихээхэн анхаарч байгаа. “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанитай “монголд орж ирж байгаа хятад ажилчид чадвартай туршлагатай, мэргэжлийн байх ёстой. Хоёрдугаарт үндсэн байгаа хятад ажилчдаас тодорхой хувьд нь атистачлал явуулаач ээ. Эргэж боловсон хүчнийхээ талаар хараач” гэж нэлээдгүй ярилцсан. Ингээд хятад ажилчдын 30 орчим хувийг нь цомхотгож, зарим хүмүүсийн ажлын байрыг сольж шинэ мэргэжлийн, туршлагатай, салбартаа үнэлэгдсэн хүмүүс авчирья гэж байгаа. Мэдээж халагдаж байгаа хүмүүс мэргэжлийн бус, эсвэл мэргэжилдээ дадлага туршлагаараа хүрээгүй улс байна шүү дээ. Нөгөө талаасаа монгол ажилчдын тал дээр энэ асуудал дагаж яригдана. Мөн мэргэжлийн бус, туршлага муу, ажилдаа хариуцлагагүй хүмүүсийг цомхотгож яг мэргэжлийн боловсон хүчнүүдийг ажлын байраар хангах зарчмаар явна. Мэдээж эхний ээлжинд Дорнод аймгийн харьяа мэргэжлийн боловсон хүчнүүдийг ажлын байраар хангана.
-Тэгэхээр цомхотгол хийгээд буцаагаад тэр ажлын байранд хүмүүс авахаар монгол ажилчдын тоо бол нэмэгдэхгүй юм байна. Тийм үү?
-Аливаа ажлын байранд орон тооны бүтэц гэдэг зүйл бий. “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компани гэхээр л ёроолгүй сав шиг ажилчид аваад байна гэж байхгүй. Бүх байгууллагад орон тоо нь төсөвтэйгээ батлагдаад явдаг. Тиймээс бүх хүнийг ажилд ав гэсэн шаардлага тавихад хүндрэлтэй. Боломжтой хэмжээнд монгол ажилчдын тоог нэмж ажиллуулах шаардлага байнга тавьж ажиллаж байна. Эргээд Монгол Улс өөрийнхөө хүчээр газрын тос олборлох, өөрийнхөө хүчээр хайгуул судалгаагаа хийгээд явах хэмжээний мэргэжилтэй боловсон хүчин энэ байгаа бааз суурин дээр заавал бүрдэх ёстой гэдэг утгаар л бүх боломжийг эрэлхийлж ажиллаж байгаа.
- Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж байгаад байдаг. Үүнийг жил болгон Засгийн газартай хийдэг үү?
-Бүтээгдэхүүн хуваах гэрээ жил болгон хийгддэггүй. 1993 онд хийгдсэн гэрээ одоо үргэлжлээд л явж байгаа. Жил болгон Засгийн газартай хийгддэг гэрээ гэж байхгүй.
-Монгол иргэдийн оролцоог энэ салбарт нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг ажлын байраар хангах, үндэсний аж ахуй нэгжүүдийг дэмжих бодлого барьж ажиллаж байна гэлээ. Тэгвэл бүр хуульчлаад, эсвэл хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад дорвитой шийдэл гаргачих боломж байгаа юу?
-Боломжтой гэсэн бүхий л байдлаар ажиллаж байгаа гэж би дахин хэлэе. Бүх шаардлага хүсэлтийг нягтлаад албан тоотоор илгээгээд явдаг. Аль нэг компани гэж ялгаварлалгүй бидэнд ийм бололцоо байна гээд хүсэлтээ өгөхөд нь дэмжүүлэх тал дээр нь анхаараад “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компани руу хүсэлтийг уламжилдаг.
-Тэгвэл газрын тосны салбарт тодорхой ажлыг явуулах гэж байгаа компаниуд нөөц боломжоо дурьдаад танай АМГТГ-т өргөдөл, хүсэлтээ өгвөл та бүхэн “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанид мэдэгдээд, дэмжиж ажиллах тал дээр нь анхаарч өгөх албан тоот гаргаад явдаг гэсэн үг үү?
-Тэгнэ. Бид ийм ажил гүйцэтгэх гэсэн юм, бидэнд ийм боломж байна гээд манай газарт хүсэлтээ өгвөл бид түүнийг нь дэмжүүлэх тал дээр анхаарч, энэ дагуу албан тоотыг явуулдаг.
Д.Дуулим
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
5 Comments
амжилт хүсье
Амжилт