Манай сайтын энэ удаагийн ярилцлагын онцлох зочноор “Монос” грүппийн Экспорт,БЭЛ Холдинг хариуцсан захирал Н.Гансүх оролцлоо. Бидний хувьд ярилцлагынхаа зочдоор нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлсэн, өөрийн гэсэн идеал, идэвхи санаачлага өндөртэй амжилттай яваа залуу боловсон хүчнүүдээ урин оролцуулахыг хичээдэг.
Өнөөдрийн ярилцлагын гол баатар маань ч эрч хүч, эр зориг бадарсан энэ сайхан залуу насаа сурч мэдэх, хөгжин дэвшихэд зориулах ёстой гэсэн бөөн, бөөн хүсэл эрмэлзэлтэй нэгэн байсныг нуух юун. Гэвч сурсан мэдсэндээ, хүрсэн амжилтандаа амбицалдаггүй . Харин дэлхийн хэмжээнд Монголоо таниулах, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах гэсэн л их амбиц түүнд байлаа.
Блиц:
Овог, нэр: Норовсамбуу Гансүх
Нас: 28
Мэргэжил: Мэс заслын эмч, эрхзүйч
Боловсрол эзэмшсэн байдал: БНХАУ-ын Анагаах ухааны их сургуулийг их эмчийн мэргэжлээр дүүргэсэн, Монголд хуулийн чиглэлээр хоёр дахь мэргэжлээ эзэмшсэн.БНСУ,АНУ улсуудад мэргэжил дээшлүүлсэн. Одоо МУИС-ын докторант
Хэлний мэдлэг: Хятад, Англи
Өглөөний зуршил: Зөгийн балтай ус
Ам бүл: 4
Ахиад эмнэлэг барихаас илүү иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй
-Яаж яваад Монголын урдаа барих ууган компаниудын нэг, хорин найман жилийн түүхтэй “Монос” грүпптээ холбогдчихов оо?
-Миний хувьд “Грандмед” эмнэлэгт 5 жил гаруйн хугацаанд эмчээрээ ажилласан. Эмчээрээ ажиллахаа болиод “Монос” грүппийн салбар компани дээрээс ажлын гараагаа эхлээд өдгөө Экспорт,БЭЛ холдинг хариуцсан захирлаар ийнхүү ажиллаж байна.
Олон жил Хятад улсад сурч эмнэлгийн систем, эрүүл мэндийн салбарын хөгжлийг нь хараад Монголдоо бий болгохыг хүссэн цагаахан атаархалтай ирж байлаа. Энэ ч утгаараа ирээд мэргэжлээрээ ажиллаад зогсохгүй тухайн үеийн Эрүүл мэндийн яамны сайд С.Ламбаа гуайн ажлын албанд орж ажиллаж байв.
Яг тэр үед буюу эмнэлэг, эмийн компаниуд, эм үйлдвэрлэл , эрүүл мэндийн даатгал үнэхээрийн чухал зүйл гэдгийг ойлгож эхэлсэн маань “Монос” грүпптэй холбогдох зам болсон юм уу даа.
-Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаандаа өөрөөрөө бахархах тохиолдол бишгүй л гарсан байх. Ямар үед өөрөөрөө хамгийн их бахархаж байв?
-Магадгүй хөгжимчин ч гэдэг юм уу гоц авьяастан байсан бол бахархах юм ихтэй байх байсан болов уу. Харин эмч хүн зайлшгүй практик, олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд бахархах юмтай болдог. Ерөнхийдөө миний хувьд 10 гаруй жилийг анагаахад сурах, ахиад курс дамжаанд мэргэжил дээшлүүлэх зэрэгт зориулсан. Америк, Солонгосруу явж олон эмнэлгийн стандарт, арга техниктэй танилцаж байв. Тэр дундаа үений мэс засал, өвдөгний дурангийн хагалгаануудад БНСУ-ын профессортой тодорхой хугацаанд хамтарч ажиллаж, харилцан туршлага солилцсон. Энэ бүх сурах, мэргэших боломжууд маань л миний хувьд бахархал, бас амжилт юм уу даа.
-Хэдий залуу хүн ч эрүүл мэндийн салбарт тодорхой хугацаанд ажилласан, энэ чиглэлээр мэргэшсэн хүний хувьд Монголын эрүүл мэндийн салбарын алдаа, оноог ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Монголчууд бүгд л эрүүл мэнд, боловсролын салбарт сэтгэл дундуур байгаа. Асуудал гарвал л шүүмжилдэг. Гэхдээ шүүмжлэх бол маш амархан. Яг гал тогоонд нь орохоор хүний төлөө сэтгэл зүрх гарган ажиллаж байгаа мянга, мянган хүмүүсийг хараад хэлэх үг олддоггүй. Эмч нараас гадна сувилагч, асрагч нар маань үнэхээр чадвартай байна. Хүн аврахын тулд сансарын хөлөгт ажилладаг цэвэрлэгч хүртэл чухал гэдэг шиг эрүүл мэндийн салбарт сайн боловсон хүчнүүд олон бий. Дэлхий дээр хамгийн үнэтэй салбар бол анагаах ухаан, эрүүл мэнд. Тиймээс хүмүүс тэр их эрсдлийг нэг дор дааж чадахгүй учир насан туршдаа даатгал төлдөг. Даатгал төлснийхөө хэрээр гэр бүлээ хамгаалж, өөрийгөө аюулгүй гэж боддог. Гэтэл манайд эсрэгээрээ. Иргэд маань үнэтэй шинжилгээ хийлгэх дургүй, дур мэдэж антибиотик эмнүүдийг замбараагүй худалдаж авдаг гээд асуудал их. Тиймээс иргэдийн маань эрүүл мэндийн талаарх боловсрол дээшлэх л чухал гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ахиад эмнэлэг барихаас илүү иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Үүний дараа л энэ салбар хөгжих болов уу.Нөгөөтэйгүүр энгийн нэг эмч хүний хувьд олон асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс удирдлагын түвшинд ямар менежмент, ямар бодлого зохицуулалт хийх ёстойгоо мэддэг байх л чухал.
-Улирлын чанартайгаар ажил чин ихэсч байна уу?
-Өвөл утаа, хавар харшил, намар зун витаминжуулалт гээд жилийн дөрвөн улирал харгалзахгүй маш их ажилтай байдаг. Одоо бол маск тараах, үнэгүй утлага, 24 цагаар эм хүргэх гээд грүппийн ажил зогсолтгүй л үргэлжилж байна.
Нэг албан тушаалд очоод суучихснаа боллоо гэж бодвол маш уйтгартай
-Өдөр тутмын амьдрал нь хэрхэн өнгөрдөг вэ. Өглөө хэд гэж сэрдэг үү. Өдөрт төлөвлөсөн ажлуудаа амжуулж чадаж байна уу?
-Өглөө 4-5 цагийн хооронд босдог зуршилтай. Эрт босоод дуртай зүйлсээ хийдэг. Юм уншиж, бичиж, дулааны улиралд гараад сагс хүртэл тоглодог. Өөрөөр хэлбэл, ажил эхлэхээс өмнө өөрийнхөө хийхийг хүссэн зүйлсээ хийж байгаад ажилдаа ордог. Одоо бол бизнесийн байгууллага учир маш олон хурал семинарт сууж, гадагшаа их явдаг ажилтай болсон. Энэ жил бид гадаад худалдаагаа өргөжүүлэх учраас бараг 10-аад улсруу явлаа.
Харин эмч байхдаа амьдралын хэвшил маш өөр байсан. Тэр үед нэвтрүүлэг хөтлөх боломж /цагийн ажил/ олдоод өглөө 06.00 цагаас телевизрүү очоод 7.30-8.30 хүртэл шууд нэвтрүүлэг хөтлөөд тэрийгээ тараад ажилруугаа явдаг байсан. Телевизээс ажил хүрэхэд 9:00-09:30үед ажилдаа ирж Ингээд эмнэлэг дээрээ өдөржин хүн үзэж, хагалгаанд ороод, орой нь хуулийн сургуульд явна. Ингэж ачаалалтай ажиллаж байсан үе л их сайхан байдаг.
-30 хүрээгүй насандаа том грүппид чухал албан тушаал хашиж байна, мэргэжил мэдлэгээ дээшлүүлж суралцсаар байна гээд л миний хувьд маш амжилттай яваа залуу боловсон хүчин гэж өөрийг чин тодотгомоор байна л даа. Цаашдаа ер нь юу зорьж, төлөвлөж байна?
-Айхавтар амжилттай яваа хүн гэдэг нь ч юу юм. Зүгээр л дуртай зүйлээ хийж байна. Хэн нэгний албадлагаар, ямар нэгэн зүйлд баригдаж биш өөрийнхөө сонирхлоор хүссэн зүйлээ хийгээд явдагтаа л их аз жаргалтай байдаг. Ер нь сурчихаад дараа нь нэг албан тушаалд очоод суучихснаа боллоо гэж бодвол маш уйтгартай. Тиймээс байнга суралцаж байвал зүгээр гэж би хувьдаа боддог.
-Тэгвэл амжилттай яваа залуу хүн гэж өөрийн чинь хувьд ямар хүн бэ?
-Бизнес, улс төр гээд салбар бүрт л амжилттай яваа залуус их байна. Минийхээр ар гэрдээ халамжтай, амьдрал нь тогтсон ч юм уу тийм залуус нийгэмдээ үлгэр дуурайлал үзүүлдэг гэж боддог. Харин гоё машин унаж, захирал хийж яваа хүмүүсийг амжилттай яваа гэж төсөөлөх нь өрөөсгөл ойлголт. Дэлхийн жишээр бол 30 хүрэхээсээ өмнө мөнгө хураахаас илүүтэй дэлхийгээр аялдаг ч юм уу арай өөр байдаг.
Аль нэгийгээ хөгжихийг дэмжиж байж л гэр бүл сайхан болно шүү дээ
-Сая ар гэр нь халамжтай залуус гэж ярьлаа. Өөрийнхөө гэр бүл, гэргийгээ танилцуулахгүй юу?
-Би дандаа гүнжүүдтэй буюу эхнэр, хоёр охинтойгоо амьдардаг. Эхнэрийн маань хувьд эдийн засагч, хуульч мэргэжилтэй, их даруухан хичээнгүй сайн бүсгүй бий. Ер нь эрчүүд урд нь гарч манлайлж явдаг ч гэсэн бүх асуудлыг эхнэрүүд л шийддэг.
-Мэдээж асуудалгүй гэр бүл гэж байхгүй. Хэрхэн яаж зохицуулж, зохицож байна?
-Бид залуу хүмүүсийн хувьд хүүхдүүддээ бага цаг зав зарцуулж байна. Энэ бол эмгэнэл. Автомашины түгжрэлд өөр хэрэгтэй зүйл хийж байх цаг заваа алдаж байна. Бас нэг эмгэнэл. Ер нь нэг хүн хэлсэн байдаг. Завгүй байвал зовлон тойроод гарна гэж. Завгүй байхаар их олон зүйлээс хол байдаг. Манай гэр бүлийн хувьд эхнэр маань сайн учраас ар гэртээ санаа зовох асуудал нэг их гардаггүй. Хамгийн гол нь өөрийнхөө бодож төлөвлөж байгааг , хүсэл зорилгоо их л ярих хэрэгтэй. Ойр орчныхон гэр бүл өөрийн чинь мөрөөдөл, төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн цагт л цаг их гардаг. Ихэнх хүмүүсийг харахаар би өөрийгөө хөгжүүлмээр байна гэтэл ар гэрийн асуудал гээд яриад байдаг. Үнэхээр хүсч л байвал хийх боломж гарна. Мэдээж хүсэхгүй бол шалтаг болоод л үлдэнэ.
Гэр бүлийн тухайд бол манайх их онцлогтой. Эхнэр бид хоёр арван жилээсээ нэгнээ мэднэ. Би Хятадад, манай эхнэр Америк, Солонгост гээд олон жил нэгнээсээ хол байсан. Гэвч харилцаатай байсаар байгаад өдгөө гэр бүл болоод хоёр сайхан охины ээж, аав болсон байна. Эхнэр маань намайг их дэмждэг. Нэгнээ хөгжихийг дэмжиж байж л гэр бүл сайхан болно шүү дээ.
-Залуу аав, хоёр охинтой гэж байгаа. Охидоо ямар хүн болж өсөөсэй гэж хүсдэг вэ. Ямар арга барилаар хүмүүжүүлж байна?
-Ний нуугүй хэлэхэд би химидээ их муу байсан. Гэвч эмч болно гэсэн хүсэл байсан болохоор химийн хичээлийг асуудал болгоогүй. Тийм зүйлээс болж шантрахгүй гэж явсаар эмч болсон. Тиймээс би охидоо аливаад шантардаггүй, аль болох ямар нэгэн зүйлд баригддаггүй дэлхийн иргэн байгаасай гэж хүсдэг. 2 настайгаас нь хойш балетэд зөөж байгаа. Энэ нь урлагийг ойлгох мэдрэмж нь арай өөр, бид нарыг бодвол арай гэгээлэг болох болов уу гэсэн бодолтой минь холбоотой. Хатуу дүрэм журам ч юм уу, ямар нэгэн зүйлээр хүүхдүүдээ хязгаарлаж өсгөхгүй л гэж боддог юм.
Залуу хүмүүсийн хувьд бид бүх мөнгөө сурахад зориулж байна
-Эдийн засгаа хэрхэн зохицуулж байна. Хоёр хүүхэдтэй залуу гэр бүлийн хувьд эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн эсэх талаар асуух тийм ч тохиромжтой биш байх?
-Залуу хүн болгон цалингаа шалгахдаа урам хугардаг. Надад ч тийм тохиолдол зөндөө байсан. Өнөөдрийг хүртэл их мөнгө цуглуулж чадсангүй. Эхнэр бид хоёр бүх цалингаа сургалтын төлбөрт өгдөг. Хамгийн сүүлийнхийг нь саяхан МУИС-ын төлбөрт өгсөн. Мэдээж гүрийх тохиолдолч их. Гэхдээ ер нь гэр бүлийн том асуудал, машин тэрэг авах ч юм уу тэдгээрийг эхнэрүүд шийдэж зохицуулдаг байхгүй юу. Эрчүүд бол геополитик, улс төр гээд дэлхийн хэмжээний юм яриад суудаг талтай. Гэтэл амьдрал дээрх тэр хэмжээний том асуудлыг эхнэр л зохицуулдаг. Залуу хүмүүсийн хувьд бид бүх мөнгөө сурахад зориулж байна.
-Суралцах, боловсорч мэргэшихэд их шуналтай юм байна. Тэгвэл мөнгөний шунал хэр вэ?
-Мөнгө хүсэхгүй хүн гэж байхгүй. Гэхдээ мөнгөнөөс болж ёсзүйгүй үйлдэл хийж болохгүй. Мөнгө мэдээж юм юманд хэрэгтэй. Гэхдээ тэр болгон зөвхөн хэрэгцээний л асуудал.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна. Спортоор хичээллэдэг үү?
-Сагс тоглох их сонирхолтой байсан. Үений мэс засалч болсноос хойш айгаад тоглохоо багасгасан. Сүүлийн үед гольф сурах гэж хичээж байгаа. Арай бэртэл багатай, их алхдаг гээд давуу тал ихтэй юм билээ. Оюутан байхдаа унадаг дугуй унадаг байлаа. Харин одоо машин унаад хөдөлгөөн багасч байна. Гэхдээ чөлөөт цаг гарах үе хомс. Гарлаа ч олон нийтийн ажил, илтгэл лекц тавина, хандивын аян өрнүүлнэ гээд нийгэмрүүгээ чиглээд явчихдаг. Хааяа гэрийн ажилд зарагдана.
-Нийгмийн их идэвхтэй, уралдаан тэмцээнд ч оролцдоод явдаг юм шиг байна лээ?
-Хүмүүс нэг зүйлд их бэлтгэж, хүч зарцуулж байгаад тэнцэхгүй бол гутарч, шантардаг. Би хэзээ ч тэгдэггүй. Зүгээр л өөрийнхөө орж болох бүх зүйлд орж өөрийгөө сориод үздэг. Мөн шинэ хүмүүстэй танилцах их дуртай. Хүүхэд байхаасаа л тийм байсан. Ямар сайндаа л Ганбаатар Монголд ирээд лекц тавьж байхад би УБ паласын шатан дээр суугаад сонсож байхав дээ.
Гоё ааштай хүмүүстэй харьцахад төвөгтэй байдаг
-Өөрийнхөө ямар зан чанарыг үнэлдэг вэ?
-Зөв л хүн байя гэж боддог. Нойлын өрөөнд “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гээд нэг үг байдаг даа. Мэдээж хүн дандаа уурлахгүй, бухимдахгүй, буруу зүйл хийхгүй байна гэж байхгүй. Тэгэхээр би аль болох зөв хүн байж ядаж зүлгэн дээр гишгэчихгүй, хүнээс далдуур гудамжинд хогоо хаячихгүй л байя гэж боддог.
-Тэгвэл хамгийн үнэлдэггүй зан характер?
-Туйлбаргүй байж магадгүй. Ер нь хийж байгаа ажлаа 2-3 жил хийгээд, хүссэн үр дүнгээ гаргачихаад өөрийгөө шинэ зүйлд сорьж явдаг.
-Ямар хүнтэй ажиллахад хамгийн хэцүү байдаг вэ?
-Гоё ааштай хүмүүстэй харьцахад төвөгтэй байдаг. Дараа нь тэр хүнээс ямар ч зан ирэх нь таашгүй. Харин муухай ааштай хүмүүс амар байдаг юм. Байнга муухай аашлаад байхаар өндөр хүлээлт байхгүй. Дараа нь гэнэт сайхан аашилахад нь гоё эерэг сэтгэгдэл төрдөг ч юм уу даа.
Мөн олон хүнтэй ажилладаг, гадагшаа дотогшоо их яваад янз бүрийн хүнтэй харьцаад үзчихсэн хүн аятайхан байдаг. Харин яг л өдөр тутамд хэдхэн хүнтэйгээ харьцдаг жижигхэн тойрог үүсгэчихсэн хүн мэдээж стрессдэг, харилцаа хандлага дээрээ анхаардаггүй байх тал бий.
-Өөрийн чинь хувьд их аялах сонирхолтой санагдсан. Ярилцаж байхдаа ч аялалын талаар хэд, хэдэн удаа дурьдлаа. Тэгвэл аялалыг яг юу гэж ойлгодог вэ. Хэр чухалдаг талаараа?
-Сургуулиа төгсч ирээд ажилласан эхний 5 жил аялах боломж гараагүй. Бараг ихэнх баяраар жижүүрт гарах, яаралтай хагалгаа гээд гэртээ ч хоноогүй үе олон бий. Хүүхдээ хүртэл төрж байхад “аавын долоо хоног”-оороо БНСУ руу семинарт явж байсан. Хэдий ийм ч надад аялал бол бүх зүйл.
Хүмүүс бага зардлаар олон юм үзэхийн тулд аялдаг байж болно. Харин нэг хоол идэхийн тулд, эсвэл ганцхан театр үзэхийн тулд аялдаг байвал гоё. Ирээдүйд тийм болох байх аа. Аялал хүнд олон зүйл сургаад зогсохүй ганцаараа бодох цаг өгдөг. Тэгэхээр болж л өгвөл аялах хэрэгтэй гэсэн бодолтой явдаг. Аялахаар дэлхий ямар том, өөрөө ямар өчүүхэн гэдгээ л ойлгодог.
Хүүхдүүддээ зориулаад “Шидэт санта” гээд үлгэрийн ном гаргаж байгаа
-Удахгүй шинэ он гарлаа. Ямар баярт дуртай вэ. Нууц биш бол охиддоо юу бэлэглэх гэж байна?
-Шинэ жилээр улаан өнгөтэй л юм өгвөл гоё юм шиг санагдаад байдаг юм. Энэ жил хүүхдүүддээ зориулаад “Шидэт санта” гээд үлгэрийн ном гаргаж байгаа. Мэдээж гол дүр нь манай хоёр хүүхэд. Ер нь би хаана ч явсан ном их авч өгдөг.
-Хэр их алдаа гаргадаг вэ?
-Алдаа гаргана шүү. Бас хөөрхөн бүтэлгүйтнэ. Саяхан л гэхэд ясны сийрэгжилтийн ажилладаггүй аппарат авчраад баларсан.
-Таны ажлын өрөөнд яг одоо энэ ярилцлагаа өрнүүлж байна. Өрөөг чинь ажиглахад ихэвчлэн Монголын үе үеийн ерөнхий сайд нарын зураг хөрөг, морь, жанжин, хатдын бэлэг дурсгал гээд түүхэн зүйл их байх юм. Ер нь ийм зүйлсийн сонирхол өндөртэй юу?
-Миний ажлын өрөө их замбараагүй байдаг. Өнөөдөр жаахан цэгцтэй байна. Ширээн дээр л гэхэд тохой тавих ч зайгүй л сууж байна. Би хуучинсаг талруугаа байж мэднэ. Одоо болтол гараараа юм бичиж тэмдэглэдэг. Бичсэн юм аа ханаараа нэг наачихаад хараад суудаг. Өөрийн чинь харж байгаа эдгээр зурагнуудын оронд самбар, самбар дээр бичсэн зүйлсээ тэмдэглээд байж байдаг байлаа. Харин одоо бол хариуцлагатай удирдах албан тушаал учир бусад захирлуудын жишгийг дагаж ийм байдалтай байна. Мэдээж ямар ч ажлын өрөөтэй байсан төрийн сүлд, тугаа залдаг.
-Юуг хаяж чаддаггүй вэ. Эд хогшлоосоо ч юм уу хаяж чаддаггүй зүйл байдаг даа?
-Хувцас хунарыг бол хаячихдаг. Харин цаг хаяж чаддаггүй. Эвдэрсэн зогссон ямар ч бугуйн цагаа хадгалаад байдаг. Мөн лаа, цаас гээд хаяж чаддаггүй юм байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Д.Ундрах, Э.Жаргалан
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …
5 Comments
Mundag zaluu baina. Amjilt husye 👍
Erch huch awhaar saihan yariltslaga boljee. Enter.mn dee bayarlalaa