Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар олон улсын кино наадам” 10 дахь жилдээ “Тэнгис” кино театрт зохион байгуулж байна. Тус наадам нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх гол зорилготой юм.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан эхлүүлж байсан тус наадмын 2018 оны зохион байгуулалтын хувьд Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ. Кино наадмын үеэр дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулах аж.
Нээлтээ хийснээс хойш 4 дэх өдөртөө үргэлжилж буй тус наадмын онцлох бүтээлүүдийг тоймлон уншигчдад хүргэж байна.
ОД БА ГЭГЭЭ
Найруулагч, продюссер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс нарын ээлжит уран бүтээл болох “Од ба Гэгээ” кино Өмнөд Солонгосын Бусаны кино наадамд шалгарч дэлхийн нээлтээ хийсэн билээ. Тэгвэл хэдхэн хоногийн дараа “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын нээлтийн үзвэрээр шалгарч Монголын үзэгчдэд хүрсэн юм. Киноны гол дүрд дуучин Магнолиан буюу Б.Дөлгөөн, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нар тогложээ.
Кино эхлэхэд номин ногоон тал нутаг үзэгдэх бөгөөд гол дүрийн залуу болох Од гарч ирэн машинаас нэлээдгүй хол очсоноо тэнгэр ширтэн хэвтэнэ. Тухалсан газрын эргэн тойрны цагаан цэцэгс нь тэнгэрийн ододыг газарт ургуулсан шиг сэтгэгдэл төрнө.
Од бол залуу дуучин бөгөөд олонд танигдаж яваа уран бүтээлч. Гэвч түүнд цэнгээний газар дуулах хийгээд өөрийн зохиосон дуунууд нь огт таалагдсангүй. Харсан зүгтээ зугтаж, дуу дуулахаас ч нэгэнтээ залхсан тэрээр ийн явахдаа өөрийн үнэ цэнэтэй бүхнээс холдон оддог. Гэтэл ажлын газрын хамтрагч Гэгээгийн ээж уртын дуу дуулж өгөх бөгөөд түүнийг нь утсан дээрээ хурааж авснаа гэнэт сонсоно. Энэ үед ч Гэгээгийн хэлсэн “Дууг чихээрээ бус зүрхээ сонс” гэх үгсийн санадаг. Гитараа барин сууж аялгуу тоглосоор эцэст нь инээмсэглэсээр дэрэн дээрээ унадаг. Тэр хайж явсан зүйлсээ олжээ. Ингээд өөрөөсөө түлхэж явуулсан үнэт зүйлс болох хамтлагийн найз нөхөдөө олж авснаар барахгүй удаан уулзаагүй аав ээж, дүү нар дээрээ очно. Эцэст тэр хөгжмийн үнэнч хамтрагч, сэтгэлт бүсгүй Гэгээг ч олж авч чаддаг билээ.
Өнгөрсөн онд дэлхий нийтийг шуугиулсан “Ла ла ланд” киноны зохиолыг санагдуулж байв. Гэвч энд өрнөх хотын амьдрал, залуусын тоглосон хөгжим, дуу зэрэг нь ямар нэг давтагдашгүй мэдрэмжийг үзэгчдэд төрүүлж байв. Мөнхүү дан ганц ээрэм тал нутаг, уламжлалаар нь гадныхан “монгол” гэж төсөөлдөг. Найруулагч энэ ойлголтыг эвдэхийн тулд хотын амьдралыг ихэвчлэн харуулснаа дурдсан билээ.
РОК ОД АМРАХААР ХЭВТЛЭЭ
“Зун” хэмээх уг кинонд мөн хөгжим гарна. Гэвч яалт ч үгүй дурдах ёстой үзвэрүүдийн нэг юм. Оросын алдарт дуучин Виктор Цойгийн тухай уг кинонд өгүүлнэ. Уг киноны найруулагчаар Кирилл Серебренников ажиллажээ. “Зун” кино нь энэ оны Канны ОУКН-ын шилдэг саундтрак шагналыг хүртсэн бөгөөд “Алтан далдуу модны навч” шагналд өрсөлдөн байна.
1980-аад оны эхэн үеийн Ленинград хотод зун болж байв. Оросын авангард рок хөдөлгөөн, андерграунд рок хөгжмийн амьдрал ид буцалж байлаа. Лед Зеплин, Дэвид Боувийн шүтэн бишрэгч Виктор Цой “Зоопарк” хамтлагийн рокер Майк Науменко ба эхнэр Наталятай учирснаар түүний амьдрал уран бүтээлийн замнал хэрхэн өрнөж буй тухай кинонд өгүүлэгдэнэ. Уг кино өөрчлөн байгуулалтын өмнөх Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын тухай төдийгүй хайр дурлал, итгэл найдварын мөнхийн эрэл хайгуулын тухай үзэгчдэд олон зүйлийг ярьж өгөх билээ. Мөнхүү Европын хөгжмийг хэрхэн хөрөнгөтний урлаг хэмээн хавчиж байсан тухай ч гардаг.
Дууны үгс нь сэтгэл догдлуулам бөгөөд бие даасан клипнүүд кинон дундуур өрнөөд ч байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Зоопарк хамтлагийн дуучин Майк хэрхэн Цойг биширч өөрийнхөө бүтээлийг үл тоон түүний цомгийг бичүүлэх гэж яарч байгаа зэргээс нь харахад авьяасын талаар олон бодол үзэгчдэд төрөх биз ээ. Рок од унтахаар хэвтлээ. Яг л энэ үед газар дэлхий дээр үүр цайж байдаг юм шүү.
ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨХ ЗАМХРАЛ
Германы найруулагч Фатик Акины кино хэзээ ч эргэлзэл төрүүлж байгаагүй билээ. Энэ удаагийн кино наадмаар түүний “Замхрал” бүтээлийг толилуулах болсон нь олдошгүй ховор боломжуудын нэг юм. Фатих Акин өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан байна.
Мөнхүү 2017 оны Канны ОУКН-ийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал, 2018 онд Академи шагналд гадаад киноны төрөлд Герман улсаас нэр дэвшсэн бөгөөд мөн тус онд “Алтан бөмбөрцөг” ОУКН-ын шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэн зэрэгээс үзэхэд ямархуу чансаатай бүтээл болох нь харагдана.
Үйл явдлын хувьд Катя Секерчи хэмээх гол дүрийн бүсгүй нөхөр Нури болон бяцхан хүү Рокко нараа бөмбөгдөлтийн улмаас алдаснаар эхэлдэг. Цагдаа нар тус хэргийг Барууны хэт туйлширсан үзлээс гадуур болсон хэмээн үзэх ба бүсгүй тун хүндхэн байдалд ороод байлаа. Гэвч шүүх хурлаар нотлох баримт хангалтгүйн улмаас сэжигтнүүд гэм буруугүй хэмээн тогтоогдох тул Катя өөрөө шударга ёсны төлөө тэмцэж хайрт хүмүүсийнхээ үхлийн буруутныг олохоор болдог. Мэдээж киноны зураг авалтын өнгө, үйл явдлын хурц өрнөлүүдээс эхлүүлээд найруулагч Акины л бүтээж чадах нэгэн сонирхолтой бүтээл дэлгэцэнд амилахад бэлэн болоод байна.
ДЭЛГҮҮРИЙН ХУЛГАЙЧИД
Мэдээж олон улсын кино наадамд Японы үзвэр байхгүй бол уйтгартай санагдана. Тиймдээ ч энэ удаад Хироказу Корийдагийн “Дэлгүүрийн хулгайчид” бүтээлийг хаалтын үзвэрээр сонгон авчээ. Каннын кино наадмын дээд шагналыг авсан тус бүтээл нь яалт ч үгүй онцлох кинонуудын нэг болж байна.
Тус кинонд хүмүүсийн харилцааны мөн чанарыг нээн үзүүлдэг. Осамүгийн гэр бүл хулгай зэлгий хийж амьдралаа залгуулан шар бор хоногуудыг өнгөрөөх боловч тэд аз жаргалтай харагдана. Нэг удаа дэлгүүрт хулгай хийснийхээ дараа Осамү хүүгийнхээ хамт явж байгаад даарч бээрсэн Юри охинтой таарна. Осамүгийн эхнэр эхэндээ тэр охиныг гэртээ орогнуулах дургүй байлаа. Гэвч хөөрхий охин ямархан амьдрал туулж өнгөрүүлснийг мэдсэний дараа охиныг харж халамжлахаар болдог. Нэгэн удаагийн санаандгүй үйл явдал тэдний гэр бүлийн нэгдмэл харилцааг сорьж мэдээгүй нууцыг илрүүлнэ. Энэ бүхэн цааш хэрхэн өрнөхийг мэдэхийг хүсвэл “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын хаалтыг зориход л хангалттай.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
2 Comments
Like!! Thank you for publishing this awesome article.
202284 433203You created some decent points there. I looked on the web for the difficulty and discovered most individuals will go coupled with along along with your website. 275925