Ус бохирдуулагчдыг өөгшүүлсэн хуулийг битгий дэмжээч
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат илтгэл тавьж, холбогдох шийдвэр гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс ундны усны нөөц, чанар, аюулгүй байдал анхаарлын төвд, тэр тусмаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очсоныг шийдвэр гаргах түвшний хүмүүс хүлээн зөвшөөрсөн хэрэг болсныг харууллаа.
Харамсалтай нь нэг хэсэг нь усны нөөцийг хамгаалж, хомсдлоос сэргийлэх арга хэмжээ авахаар зорьж байхад нөгөө талд эсрэг шийдвэр гаргахаар зүтгүүлж буй явдал болж байна.
УИХ-ын Намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ороод буй. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгээс хуулийн үзэл баримтлал, үндэслэл хангалтгүй байна хэмээн завсарлага авсан билээ.
Намын бүлэг завсарлага авахаас аргагүй нөхцөл байдлыг энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, үндэслэл, орсон зүйл заалтуудаас эхлээд хуулийг шинэчилж найруулах болсон, өмнөх хуулийг огт хэрэгжүүлээгүй жилүүд, түүнээс үүдсэн байгаль орчны хохирол зэрэг асуудал үүсгээд байгааг энэ удаа хөндөн бичиж байна.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль буюу 2012 он
Усны нөөц хомсдлын асуудал зөвхөн өнөөдөр шинээр урган гарч буй хэрэг биш юм. Тав, арав, түүнээс ч олон жилийн өмнөөс усыг ариг гамтай хэрэглэх, нөөцийг хамгаалах, бохирдуулагчдад төлбөр ногдуулах асуудал гарч байжээ. Ялангуяа сүүлийн хэдхэн жилд эрчимтэй хөгжсөн уул уурхайн салбарын хайгуул, олборлолтын явцад ус маш ихээр хэрэглэдэг, түүнээс дутахааргүй бохирддог байдал шинээр бий болсон юм. Тийм ч учраас цаг үеийн шаардлагаар ус бохирдуулагч этгээд, аж ахуйн нэгж аль нь ч бай төлбөр төлдөг зарчимтай байя хэмээн салбар яамнаас хууль санаачлан боловсруулж УИХ-аар дэмжигдэн баталж байсан үе одоогоос зургаан жилийн өмнө буюу 2012 он байлаа.
2012 онд батлагдсан хууль хэрхэн хэрэгжив?
Аливаа асуудлыг зохицуулах хуулийн төсөл УИХ-аар батлагдан гарсан даруй хэрэгжих зарчимтай. Гэвч дээрх хуулийн нэг ч зүйл, заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, салбарын яам, агентлагийн газрууд бүгд байсан ч хэрэгжээгүй. Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд хуулийн хэрэгжилтийг холбогдох газруудаас өнгөрсөн хугацаанд багагүй шаардаж байлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс “Хуулийг дагаж мөрдөх журам боловсруулж байна” гэсээр даруй зургаан жил өнгөрснийг энд баттай хэлье.
Ингээд нэг л мэдэхэд журам ч шаардлагагүй болж, зургаан жилийн өмнөх хуулиа шинэчлэн найруулах шаардлагатай боллоо хэмээн хуулийн төсөл боловсруулахаар болчихсон байлаа.
Хуулийг шинэчлэхээс өмнө анхаарах асуудал
Хуулийг шинэчлэхээс өмнө анхаарах, орхиж болохгүй нэг асуудал байна. Бөөн судалгаа, шинжилгээ, хүмүүсийн хөлс хөдөлмөрийг барж боловсруулж баталсан хуулийг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд яагаад хэрэгжүүлсэнгүй вэ. Холбогдох журам, тогтоолыг яаралтай гаргахад юу саад болов. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Хамгийн гол нь ус бохирдуулагч этгээдүүдэд завшаан олгосон явдлыг хэрхэх вэ?
Хэрэв уг хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бол ус бохирдуулагчдаас жил бүр дунджаар 9 тэрбум, нийт 54 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат УИХ-ын чуулганы танхимд танилцуулсан юм. Ингэхдээ энэ хохирлыг одоо нөхөж авах боломжгүй. Хуулийг дагаж мөрдөх журам удааширсан шалтгаан нь улс орны эдийн засаг хүндрэлтэй байсан жилүүдэд аж ахуйн нэгжүүдээс ус бохирдуулсны төлбөр шинээр авах нь дарамт үүсэх эрсдэлтэй хэмээн үе, үеийн Засгийн газар үзэж байсан гэж салбарын сайд нэмж тайлбарласан.
Монгол орны стратегийн гол бүтээгдэхүүн болох усны нөөцийг хамгаалах ажил ямар ч нөхцөлд нэн тэргүүнд байх учиртай. Үүний нэг нь ус бохирдуулагч этгээд төлбөр авах замаар бохирдолтыг бууруулах, бохирдуулсан гол, горхийг төлсөн төлбөрөөр нь эргүүн цэвэршүүлэхэд зарцуулах зэргээр усны нөөц, чанар, аюулгүй байдлыг хангах үндсэн ажил болох байлаа.
Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээс урьтаж анхаарах, эдийн засгийн хүндрэл нэрээр ус бохирдуулагчдын толгойг илж сайн нэр зүүхийг оролдсон хүмүүстэй хариуцлага ярих, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд шийдэл гаргасны үндсэн дээр дараагийн асуудалдаа орох учиртай.
Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээс урьтаж энэ асуудлыг гаргаж ирэхийг, анхаарахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна. Та бүхний хууль тогтоох, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг шаардах эрх, сонгогдсон тойргийнхоо, нутаг орныхоо байгаль орчин, гол горхийг хамгаалах, улс орны тусгаар оршин тогтнох үндэс болсон ундны усны нөөцийг хамгаалах үүргийн нэг яах аргагүй энэ хуулийн хэрэгжилтийг шаардах явдал юм.
Ус бохирдуулагчдын төлбөрийг 50-60 хувиар бууруулсан төсөл
Өөрөөр хэлбэл, өмнө нь тооцоо судалгаатай, аль хэдийнэ батлагдчихсан бэлэн байгаа хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүй байх нь зүйд нийцнэ.
Тэгээд ч одоо хэлэлцүүлж буй хуулийн шинэчилсэн найруулгад ус бохирдуулагчдкын толгойг илсэн ноцтой заалтууд орсон хуулийг эргүүлэн татах бас нэг үндэслэл болоод байгааг байгаль орчныг хамгаалагчид, төрийн бус байгууллагууд онцолж байгаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхны хэлэлцүүлгийн үеэр “...Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчны хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэхэд таатай нөхцлийг бүрдүүлсэн хууль боллоо” гэж төсөл боловсруулагчид тайлбарлаж байлаа.
Уг нь ус бохирдуулсан этгээд гэмт хэрэгтэн мөн. Ус бохирдуулвал гэмт хэргийн хэмжээнд авч үзэх ёстой. Нэг хүнийг гэмтээвэл, юмыг нь хулгайлвал гэмт хэрэгт тооцогдоод бүр ял сонсоод хариуцлага үүрч байхад нийт хүн амын ирээдүйд заналхийлэл учруулахад толгойг нь илээд төлбөрийг тал хувиар нь багасгаад явуулдаг тогтолцоог бодлогын яам санаачилж, түүнийг нь хууль батлагчид толгой дохион зөвшөөрч эхлээд байна.
Ус бохирдуулагч компани төлбөр төлвөл ачаалал үүснэ гэв үү?
Аж ахуйн нэгж ус бохирдуулсны төлбөрт зургаан сая төгрөг төлөх ёстой байсан бол энэ хуулиар гурван сая, түүнээс ч багыг төлдөг болох нь. Хуулийн төсөл санаачлагчид “...Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт дарамт үүсгэхгүй...” хэмээн мэдэгдэж байгаа. Хомсдолд орж байгаа усыг дур зоргоороо хэрэглэчихээд төлбөрөө төлдөггүй компаниуд ус бохирдуулсныхаа төлбөрийг төлвөл татварын хэт дарамт болно гэж юу гэсэн үг вэ. Бохирдуулагч нь төлөх зарчим хаана байна вэ. Хуулийн ийм зүйл заалт хэзээ ч байж болохгүй. Ялангуяа хүний амьдралын амин чухал хэрэглээ, стратегийн гол бүтээгдэхүүний тухайд.
Байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр тодорхой зарлаж байсан хөнгөлөлтийн 50-60 хувийн тухай мэдээлэл УИХ-ын чуулганы хуралдаан дээр “алга болчихоод” байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон нийти иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч УИХ-ын гишүүд дэмжихгүй байх вий гэдгээс эмээж уг хуулийн танилцуулгаас энэ мэдээллийг хасчихаад байна.
Үүнээс үүдэн ус бохирдуулагчдын толгойг илж хуулийг хэрэгжүүлэхгүй 6 жил болсон, шинэ хууль санаачлахдаа дордуулсан заалтууд оруулж ирсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг батлуулаагүй Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Хуулийг хэрэгжүүлэхгүй гацааж ирсэн, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ус бохирдуулагчдын төлбөрийг 50-60 хувь хөнгөрүүлсэн үйлдлүүд байгаль орчны эсрэг, өөрсдийнх нь ашиг сонирхлыг хамгаалсан хууль боловсруулагчид, түүнийг нь дэмжиж буй шийдвэр гаргагчид байна гэж хардахаас аргагүй нөхцөл байдал үүсчихээд байгаа юм.
Ийм нөхцөл байдалд энэ хуулийг дэмжих нь олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулахаар болчихоод байгааг шийдвэр гаргагчдад сануулъя.
Б.ЭНХ
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
2 Comments
11608 436461Yeah bookmaking this wasnt a bad decision wonderful post! . 664234
626672 375413Very good design and style and fantastic subject matter, quite small else we want : D. 482436