Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч уул уурхай, ашигт малтмал гээд томоохон салбаруудын анхдагч үндэс болсон геологийн судалгаа зураглал, эрэл хайгуулын ажилтай танилцах ховорхон боломж манай сурвалжлах багт тохиосон юм. Бид Дундговь, Өмнөговь аймгуудад байрлах геологийн судалгаа болон хайгуулын багийнхантай уулзаж, тэдний өдөр тутмын ажилтай танилцлаа. Энэ талаарх фото сурвалжлагыг хүргэхийн өмнө 26 жил тасралтгүй геологийн салбарт хүчин зүтгэсэн Геологийн судалгааны төвийн ахлах геологич, Хайгуулын 5 дугаар ангийн дарга Д.Төрмагнайтай цөөн хором ярилцсанаа уншигч та бүхнийхээ өмнө дэлгэж байна. Эгэл хүмүүн, эгэл бүхэн сайхан. Бидний ярилцлагын зочин Д.Төрмагнай маань ч салбарынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, хэтэрхий энгийн бас баялаг дурсамж дурьдтгалаар өөрийгөө чимсэн нэгэн байсан юм.
Харамсалтай нь ярилцах цаг мөч богинохон, ярилцлагын гол дүр маань “Чулуун дундах эрдэс” байлаа. Өөрөөр хэлбэл, аливаа чулуунд агуулагдах эрдсийг таньж мэдэхийн тулд олон дамжлага туулдагийн адилаар Төрөө ахтай илүү хором ярилцах боломж тохиосон бол магадгүй олон сайхан түүхийг өгүүлэх байсан биз ээ.
-Эцэг, эх, багын хүмүүжил, төрсөн нутаг уснаасаа яриагаа эхлэе. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
-Манайх Завхан аймгийн Нөмрөг сумын айл. Эцэг эхээсээ долуулаа. Би айлын ууган хүүхэд. Аав ээж маань малчин хүмүүс учир хөдөлмөрт л их сургасан. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг зарчмаар л хүмүүжсэн дээ. Эцэг, эх маань намайг малд нүдгүй, малаар явахгүй ээ. Эрдэм номынхоо мөрийг хөө. Чи ер нь цаастай ноцолдох л хүн байна гэдэг байсан. Яг л эцэг, эхийнхээ хэлснээр л явсан даа.
-Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв. Та бүхний ажилтай танилцаж явахад геологичин хүний ар гэрийн хүн л найдвартай, түшигтэй байхгүй бол болохгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөнөө нуугаад яахав?
-Заяаны хань замд гэдэг шиг нутгийнхаа нийтийн унаанд явж байгаад, нутгийн бүсгүйтэйгээ танилцаж, гэр бүл болсон. Одоо хорь гаруй жил ханилаад, гурван сайхан охины ээж, аав болсон байна. Чиний хэлдгээр геологичин хүний ар гэрийн хүн тэвчээр хатуужилтай, найдвартай, тулхтай байх л хамгийн чухал. Би бол охидуудаа өсгөөгүй. Хань маань л миний үүргийг давхар гүйцэтгээд л явж байна.
-Энэ салбарт дурлаж, энэ чиглэлийн хүн болно гэдэг бодол хэзээ анх төрж байв. Нөлөөлсөн зүйл нь юу байв?
-Намайг долдугаар ангид байхад “Хайрхан өндөр хаа байна” гээд геологичдын амьдралыг цухас харуулсан Монголын уран сайхны кино гарч байлаа. Энэ киноноос геологичин хүн, геологийн салбарын талаар бага зэрэг ойлголт авч, сонирхож эхэлсэн. Мөн Лодойдамба гуайн “Алтайд” роман гээд олон сайхан ном нөлөөлсөн дөө. Тэр үеийн багш нар хүүхдүүдийг гарын алгаа атгаад тэнийлгэхэд цав цагаан болтол нь хичээл хийлгэж, ном уншуулдаг байлаа ш дээ. Сумын гэрэл 22.00-23.00 цагт унтардаг тул амжиж хичээлээ хийнэ. Хэдэн км-т алхаж гэртээ харина, зун нь амрахгүй малаа хариулна. Ингэж явсаар л бага нас өнгөрсөн. Улмаар 1987 онд Завхан аймгийн Нөмрөг сумын арван жилийн дунд сургуулийг төгсөөд Улиастай хотод консурс өгч, математик, физик, орох хэлний шалгалтаа амжилттай өгөөд Политехникийн дээд сургуулийн Геологи уул уурхайн факультетийн Геологийн анги авсан. Энэ бол миний хувьд том аз гэж боддог.
-Хөдөөний хүүхэд. Гэр бүлээсээ хол их хотод сургуульд суралцахаар ирээд хэцүү байсан уу. Анх ямар сэтгэгдэл төрж байв. Ер нь оюутны амьдрал чинь хэрхэн өнгөрсөн бэ?
-Ер нь хүнд оюутны үе маш сайхан дурсамж болж үлддэг. Оюутны байранд жил гаруй амьдраад нагац ахындаа байрласан. Хөдөө орон нутгийн хүүхдэд хотод хамаатан байна гэдэг хамгийн том тулгуур. Нагац ах маань одоо ч намайг бурханы орноос харж суугаа байх гэж бодож, талахаж явдаг даа. Ингээд 1992 онд Ардчилал, зах зээлд шилжиж байхад сургуулиа төгссөн.
Алт, зэсийн агуулгууд харьцангуй өндөр гарсан
-26 жил геологийн салбарт ажилласан хүний хувьд арвин их туршлага байгаа. Ярих зүйл ч ихтэй. Ер нь геологич мэргэжлийнхээ талаар яриагаа эхлүүлээч. Юу нь сайхан, юу нь хэцүү юм?
-Гео гэдэг бол газар. Логи гэдэг бол сургаал гэсэн үг. Өөрөөр хэлбэл газрын тухай сургаал. Тэгэхээр газар дэлхийн болж өнгөрч байгаа түүхийг сэргээн босгож байгаа үйл хэргийг геологи гэж хэлж болно. Геологийн салбарынхан чулууг хүртэл ярьдаг гэж үздэг. Хамгийн энгийнээр хэлэхэд, тухайн чулуу яаж үүссэн, ямар хувиралд орсон зэргийг судалдаг ухаан юм.
Мэргэжил бүхэн сайхан гэдэг шиг мэргэжилдээ шунан дурлаж байж л ажлаа тууштай хийж чадна. Би ч өөрийгөө ийм мэргэжил эзэмшсэн азтай хүн гэж бодож явдаг. Яахав энэ мэргэжлийн хэцүү нь олон хоног, сараар ар гэрийнхнээсээ хол ажиллах л юм даа.
-Энэ удаан хугацаанд салбартаа тууштай ажиллалаа. Гаргасан амжилт бол их л биз?
-Сургуулиа төгсөөд Геологи, уул уурхай, үйлдвэр шинжилгээний институт гээд Хурц сайдын хүрээлэнд ирж байсан юм. 100 гаруй инженертэй, боловсон хүчин сайтай тухайн үедээ том хэлтсүүдтэй байлаа. Тэнд ажиллаад Монгол орныхоо саятын машстабын зургийг зохиож, зэсийн ашигт малтмалын багт орж ажилласан. Тодруулбал, Монгол орны зэсийн ашигт малтмалын бүртгэлийн зургийг гаргахад хувь нэмрээ оруулсан. Үүний дараа Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” төслийн Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Загжаргалант, Байдраг, Бөмбөгөр, Баян-Овоо сумын нутгийг хамарсан судалгааны ажилд оролцож байв. Мөн 2002 оноос Хармагтайн ордын хайгуулын ажил, Оюутолгойн хайгуулын ажлын багт оролцож явлаа. Ингээд 3 жил гаруй ШУТИС-д хийгдсэн Өмнөд Монголыг судлах судалгааны төсөлд биечлэн орж ажилласан туршлагууд бий. Харин өнгөрсөн жилээс Геологийн судалгааны багийн ахлах геологичоор ажиллаж эхлээд байна.
-Танай баг, хамт олны хувьд Монгол орныхоо аль хэсгүүдээр судалгаа хийгээд байгаа вэ?
-Баян-Өлгий, Ховд гээд баруун аймгуудаар судалгаа хийсэн байгаа. Энэ жилээс Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг говийн аймгуудаар судалгааны ажлаа үргэлжлүүлээд байна.
-Хоёр дахь “Оюутолгой” гэж нэрлэгдэх Хармагтайн ордтой зэргэлдээ шахуу байрлаж байна уу, үгүй юу?
-Хармагтайн бүс бүслүүрийн алтны орд эндээс 7-8 километрт байрладаг. Тухайн талбайд “Занаду Майнз” компани хайгуулын ажил гүйцэтгэж байгаа. Бидний тухайд энд өнгөрсөн долдугаар сараас эрлийн ажлыг гүйцэтгэж зэс, алтны төрлийн хүдэржилт байх боломжтой гэж үзээд өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар 4000 тууш метр буюу 500м хүртэлх гүнтэй 8 цооног өрөмдөөд байгаа. Урьдчилсан лаборатори болон хээрийн судалгааны үр дүнд алт, зэсийн агуулгууд харьцангуй өндөр гарсан. Тухайлбал, 30гр тонны алтны агуулгатай гэж тооцоологдсон. Харин нөөцийн хэмжээ эцсийн шинжилгээ, судалгааны үр дүнд гарна.
Өрөмдөнө гэхээр л ухаад аваад явчихдаг юм биш шүү дээ
-Манай улсын геологийн салбарын хөгжил дэлхийн нийттэй зэрэгцэн алхаж чадаж байна уу. Наанадаж техник, технологийн хувьд?
-Геологичдын хувьд маш сайн мэргэшиж байгаа. Дэлхийн олон улс оронд /Авсрали, Канад г.м/ манай улсын өрмийн мастарууд амжилттай ажилладаг. Техник технологи дээр ч нэг их хоцрогдоод байх зүйлгүй дээ.
-Энэ салбарт боловсон хүчний хомсдол гардаг уу. Одоо геологийн чиглэлээр суралцаж байгаа болон суралцахаар төлөвлөж буй оюутан, сурагчдад хандаж юу зөвлөмөөр байна?
-Нэг хэсэг геологийн салбарт суралцаж байгаа оюутнуудын тоо нэмэгдсэн. Харамсалтай нь энэ жилээс буцаад элсэлт багасаж байгаа гэх сураг гарч байна лээ. Энэ нь ажиллах нөхцөл, ажлын байр, цалин хангамжаас улбаатай гэж харж байгаа. Тухайлбал, дөнгөж сургуулиа төгсөж байгаа инженерүүд томоохон уул уурхайн ордуудад ажиллах сонирхолтой байна. Гэтэл тэнд хүссэн хэн болгон нь ороод байх боломжгүй. Ямартаа ч энэ чиглэлээр сурах гэж байгаа, суралцаж байгаа залуу геологичдодоо хандаж хэлэхэд, аливаад дайчин, тэвчээртэй, шаргуу, няхуур хандаж суралцах хэрэгтэй. Мм хэмжээтэй судал байхад л цааш нь ургуулж боддог, алсын хараатай байж чаддаг байх ёстой гэж зөвлөмөөр байна.
-Уул уурхайтай холбож элдэв асуудал гаргах тохиолдол их гардаг. Үүн дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Геологи гэхээр л ухаж, сэндийчдэг гэсэн ойлголт тогточихжээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалыг нь ухаад, байгаль экологио сүйтгээд явах нь гэж хардаг. Энэ нь бидний ажилд маш их хүндрэл учруулдаг. Угтаа бид газрын гадаргуу дээр зураглал хийж, гадаргаас илэрч байгаа зүйлийг гүнд нь шалгадаг. Өрөмдөнө гэхээр л ухаад аваад явчихдаг юм биш шүү дээ.
-Хөгжилтэй асуулт: Геологич хүний аль мэдрэхүй их хөгжсөн байдаг юм бэ?
-Амтална, үнэрлэнэ, харна, ажиглана. Жирийн хүн чулууг ялгаж мэдэхгүй. Харин геологич хүн чулууны өнгө, тогтсон судал зэргийг нь ажиглаад ямар чулуу гэдгийг тодорхойлж чаддаг байх жишээний.
-Ямар хочтой байв?
-Генерал хочтой. Гэхдээ урд талдаа нэг дагуул бий. Тэрийг нь нууцлая /Инээв/.
Ийнхүү бидний ярилцлага өндөрлөсөн юм. Д.Төрмагнай зочныхоо “Ямар уужим юм бэ миний эх орон, ямар уужим юм бэ миний Монголын сэтгэлгээ” гэсэн үгээр ярилцлагаа ийнхүү өндөрлөе.
Бэлтгэсэн: Д.Ундрах
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …
3 Comments
Геологи судалгааны товчоо ТӨҮГ-ийн геологичиддоо ажлын амжилтыг хүсэн, зэс-алтны ордыг нээх болтугай гэж ерөөе.
310955 402392Good job on this write-up! I genuinely like how you presented your facts and how you created it interesting and straightforward to understand. Thank you. 620970