Жирийн гайхамшиг буюу Сорогдогийн Жаргалсайхан гээд л нэгэн цагт уншиж байснаа энэ мөчид дахин дурсан санагалзана. Уулын үер шиг оволзсон хүчтэй хүн гэж яг л онож дүрсэлсэн байдагсан. Түүнийг Монголын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, уран зохиолын хорхойтнуудын үлгэр жишээ нэгэн байсныг олон ч хүн дуу нэгтэй хэлэх байх. Тэгвэл “Чингис хааны нууц түүх”, “Найрын ширээний ууц”, “Илүү сартай зун” гээд л од шиг гялалзах уран бүтээлүүдийг туурвиж, домог болж бидэндээ дуурсагдах Сорогдогийн Жаргалсайхан агсаны үргэлжлэл болсон бага хүү Ж.Билгүүний сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Аавын үргэлжлэл, айлын бага хүү, амлалтаасаа үл буцах, айхавтар сэргэлэн Ж.Билгүүний ярилцлагаас олон зүйл ажиглагдсан ч энд нурших нь илүүц гэж бодох юм. Гагцхүү уншигч таньд “Ямарч баггүй”, “Зөвхөн өөрийнхөөрөө” тодотголтой ярилцлага болсон гэдгийг л онцлон хэлж ийнхүү ярилцлагаа эхлүүлье.
Хүүхдийг хавчиж, шахаж байж юм сургахгүйгээр болно ш дээ гээд орхиж болохгүй
-Таны бага насны дурсамжаас яриагаа эхлэе. Кинонд дүр бүтээсэн, радиогийн нэвтрүүлэгтэй “Од” хүүгийн бага нас манай уншигчдын дурсамжийг хөглөх байх?
- Миний хувьд 12 настайдаа “Еэ Еэ шар Будаа” киноны Будын дүрд тоглоод , 14 настайдаа нийслэлийн 101.6 ФМ-д “Билгүүний цаг” 20 минутын нэвтрүүлэг хөтөлдөг гээд тэрүүхэндээ хүмүүсийн танил хүүхэд байлаа. Мөн багаасаа хөдөө орон нутгаар аялчихсан, хөдөлгөөнтэй, биеэ даасан хүүхэд байсан. Гэхдээ “Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн” гэдгийн адилаар даруухан бай гэж аав маань захина. Өөрөө ч их даруухан хүн байлаа. Ингээд л урлагийн хүний хүүхэд тайзны ард өсдөг шиг аавынхаа уран бүтээлийг үзэж, ааваараа бахархаж, аавынхаа хүчин дор л бага нас өнгөрсөн.
-Нэр хүндтэй айлын хүүхэд бусад хүүхдүүдээс илүү их үүрэг хариуцлага хүлээдэг юм шиг санагддаг. Үүрэг хариуцлагын тухайд ямар бодолтой явдаг вэ?
- Аав, ээж маань орос школтой Эрхүү, Польшид суралцаж байсан хүмүүс. Миний хувьд 15 настайдаа буюу 8 дугаар ангиа төгсөөд Японруу явсан. Тухайн үед аав маань “Ер нь Япон хүмүүс эдийн засгийнхаа хувьд дэлхийд хоёрдугаарт ордог. Дэлхийн II дайнаас хойш Азийн улс яаж ийм өндөр хөгжилтэй, сайн явж байгаа гэдэг их сонин байна. Тэдний арга барил, үзэл суртал, онцлогийг нь судлаад ир” гэж ярьж байсан. 15 настай хүүхдэд ийм зүйл яриад сууж байгаагийн цаад санаа нь эцэг эхээсээ хол байж, бусад улс орны хүмүүстэй хөл нийлүүлж, бүр илүү биеэ даагаад үзэг гэж л бодсон юм шиг байгаа юм. Намайг явахаас 2-3 жилийн өмнө ахыг маань Германруу явуулчихсан байсан.
Өөрөөр хэлбэл, ахыг Европын Япон, намайг Азийн Германруу явуулж байгаа нь тэр. Нийгмийн тогтолцоо нь сайн, дектатур өндөртэй хоёр газарруу л бид хоёрыг явуулах гээд байсан санаа нь. Нөгөөтэйгүүр, тухайн үед Японы кино урлагийг сонирхож байсан нь ч намайг Японруу явуулахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Өөрийнхөө очоогүй газар, өөрийнхөө хүрээгүй өнцөгийг л надаар үргэлжлүүлье гэж бодсон байх. Одоо ингээд бодоход аав маань надад Зайсанд хэдэн өрөө хаус, олон машин, дансанд 5 тэрбум төгрөг үлдээгээгүй. Гэхдээ С.Жаргалсайхан гэдэг энэ нэрийг нийгэмд үлдээгээд явсан. Магадгүй энэ хүн Нацагдоржийн нэрэмжит шагналаас өөр зүйлгүй байж болох ч ард түмэндээ үлдээсэн зүйл нь их. Гэхдээ үүнийг нь урлагт хамт зүтгэж байсан найзууд нь хүртэл мартчихдаг юм билээ. Хүн хүнээ л мартах хамгийн муухай юм. Амьд үлдсэн найз нөхөд нь явснаа дурсдаг, бүтээл туурвилыг нь мөнхжүүлдэг, залгамж халаатай байх л сайхан.
-15 настай Билгүүн асар өндөр хөгжилтэй, хүн ам олон Японд очоод хэр байв. Гэр орон, эцэг эхээ санахаас эхлээд хэцүү байсан биз?
-Монголоос 26 хүүхэд ахлах сургуульд суралцахаар очсон. Сургуулийн маань захирал боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан, сүүлд Японы парламентийн гишүүн байсан хүн бий. Тэр хүн бид 26-г очмогц намайг ангийн дарга болгочихсон. Дээрээс нь гурван настайгаасаа кино найруулагч болно гэж мөрөөддөг байсан болохоор ч тэрүү их л идэвхтэй суралцсан. Гэрээсээ гараад нутаг, эх орон, эцэг эх гээд бодохоор яалт ч үгүй хүний нутагт нэрээ бодож, хичээх ёстой гэж л бодогдож байлаа. Мэдээж эхний үед уйлах, гэрээ санах энүүхэнд. Гэхдээ би цуг ирсэн хүүхдүүдээ бодвол арай биеэ даасан хүүхэд байсан учир эднийгээ төлөөлж, лидер нь болж, Монголынхоо нэрийг доош нь оруулчихгүй юмсан гэж л хичээсэн. Ингэж бодоод эхлэхээр юун эрхэлж, гэрээ санах байхгүй болчихож байгаа юм чинь. Өөрөөр хэлбэл, эх орны хүү, аавын хүү гээд л дүрдээ итгээд, маш том хариуцлага хүлээчихсэн юм шиг л суралцсан. Нөгөөтэйгүүр Японруу явахын өмнө олон хүн гаргаж өгөөд л сайн сурахыг ерөөж байсан учир тэр олон хүний итгэлийг алдаж, хөөгдөөд явчихгүй юмсан гэж бодсон.
Манай өвөө Сорогдог гээд Хөвсгөлийн Мөрөнгийн МАХН-ын гишүүн том тэрэгний жолооч хүн байсан. Аав энэ хүний том хүүхэд. Дороо зургаан дүүтэй. Айлын ууган хүү гэдэг чинь маш их хариуцлага үүрдэг. Ингээд 18-тай байхдаа Орос хэлний олимпиадад Улаанбаатарт түрүүлээд Польшруу явж, суралцсан байдаг. Тэгэхээр аав маань долоон хүүхэдтэй зүгээр нэг жолоочийн том хүү хэрнээ амьдралынхаа турш энэ нийгмийг өөрчлөе гэж явсан байгаа юм. Тийм байхад би өөрийнхөө хүсэл, томоогүй зангаасаа болж аавынхаа нэрийг унагаж болохгүй шүү дээ. Үүнийг л гадны оронд очмогцоо маш сайн ойлгосон. Ээж долоо хоногт заавал 4 хуудас захиа бичдэг. Аав түүн дээр нь өөрийнхөө санааг нэмж гарын үсэг зурдаг ийм л байлаа.
Энэ бүхнээс би хүүхдийг хавчиж, шахаж байж юм сургахгүйгээр болно ш дээ гээд орхичихвол хүүхэд өөрийгөө дайчилдаггүй болчихдог гэдгийг маш сайн ойлгосон.
“Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг яг тулаад ирэнгүүт сурдаг л юм билээ
-Японруу явсан 26 хүүхдээс сургуулиа хаясан, шантарсан тохиолдол гарав уу?
-Эцэг, эхээсээ болж буцсан хэд, хэдэн хүүхэд байдаг. Хэцүү байвал хүрээд ир, өөр улсруу яв гээд л эрхлүүлдэг. Уг нь энэ бол маш буруу. Нэг л дундаас нь хаячихсан, орхисон хүүхэд аливаа юмыг гүйцээж чаддаггүй, бусдын өмнөөс, эцэг эхийнхээ өмнөөс суралцаж, хийж байгаа юм шиг ойлголттой болчихдог. Ядаж л тухайн хүүхэд ямар нэгэн зүйл хийхдээ ядарч, зовохгүй амар хялбар аргаар хийхийг урьтал болгоод байдаг. Анх очсон 26 хүүхдээс суралцахаар үлдсэн 2, 3 хүүхэд л байгаа. Зарим нь бол эхнэр, хүүхэдтэй болоод Монголруугаа буцсан.
-Ингэхэд та бүхэн тэтгэлгээр явсан юм уу. Ямар шугамаар явсан юм бэ?
-2000 оны өвөл зуд болж, олон тооны мал үхсэн. Энэ үед манай багш социалист нийгэмд сурч байсан лидерүүдийн дараагийн үе болгоод Азийн чөлөөт зах зээлтэй, ардчилсан нийгэмтэй оронд Монголын хүүхдүүдийг бэлтгэе гэсэн том мөрөөдөлтэйгээр биднийг сонгож байлаа. Өөрөөр хэлбэл, дараагийн лидерүүдийг бэлтгэе гэсэн санаа. Ингээд “Кёкүшюзан сан”, Зориг сан, Элчин сайдын яам зэргээс зарлал явуулаад хүүхдүүдээ шалгаруулж авсан. Миний хувьд Элчин сайдын яамнаас зарласан шалгалтанд орж тэнцсэн 7 хүүхдийн нэг .
Угтаа монгол хэлээрээ ч бараг 100 хувь болоогүй байхад юун Японруу очиж тэр олон зуун ханзыг үзэх. Гэхдээ яахав “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг яг тулаад ирэнгүүт сурдаг л юм билээ.
-Авьяастай, нэр хүндтэй хүүрүү охид их гүйдэг байсан байв уу?
-Японруу явахаасаа өмнө 2, 3 охинтой ч үерхчихсэн байлаа ш дээ. Тэр үед хүүхэд юм болохоор хөтлөлцөөд, зүүдлээд, хайрандаа шатаад, хацар халуу дүүгээд, маргааш хурдан болоосой гээд л гэгээн гэгээн юм бодоод явна. Нийгэм, анги, хувьсгалын ажилд ч их идэвхтэй хүүхэд байсан. Урлаг соёлын арга хэмжээ, ангийн их цэвэрлэгээ болоход хамгийн түрүүнд ирээд 20, 30 минутын өмнө эхэлчихнэ. Хийх нь үнэн. Дуусгах нь үнэн гээд л хийчихдэг. Энэ нь бас Японд суралцахад маш том давуу тал болж өгч байсан. Цаг барих, өглөө эрт босох зэрэгт ёстой гудайхгүй бараг л “од” болж байгаа юм чинь. Худалч хүнд, япон хүн байж байгаад хальт монголруу очиж 15 жил болчихоод ирж байгаа юм шиг л байлаа. Мэдээж “Билгүүний цаг” гээд нэвтрүүлэг хийчихсэн, кинонд тоглочихсон, 1997 онд арван жилийн хүүхдүүдийн ихэнх нь л таньдаг болчихсон хүүхэд, тэр болгоноо хаяад явна гэхээр тухайн үедээ амаргүй л байсан байх/инээв/. Гэхдээ багаасаа эртэч, өөртөө арчаатай, хувцас хунараа цэвэрлээд солиод өмсчихдөг, ариун цэвэр сайтай ганган хүүхэд байсан болохоор Японд очоод алзаагүй ээ. Ер нь хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг байдалд дургүй.
28, 29 жил бариаг нь зааж өгөлгүйгээр бүгдийг нь гүй гээд л гүйлгэчихсэн
-Хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг хүмүүс Монголд олон бий. Санал нийлэх үү?
-Юуны төлөө, ямар зорилготой амьдраад байгаагаа ойлгох хэрэгтэй. 28, 29 жил бариаг нь зааж өгөлгүйгээр бүгдийг нь гүй гээд л гүйлгэчихсэн, эсвэл тал дээр хэвтэж байгаа мал шиг л амьдраад байгаа хүмүүс олон байна. Хаашаа очихоо мэдэхгүй ч явах л ёстой, гүйх л ёстой юм байна гээд бодчихсон. Намайг гүй гэсэн. Хаашаа гүйж байгаа юм гэхээр мэдэхгүй. Ийм л зүйл их байна. Тэгэхээр бид энийгээ өөрчилж, ийшээ гүйх ёстой юм байна, монгол хүн ийм байх хэрэгтэй юм байна гэдгээ таньж, ухаарах цаг нь болсон. Гэхдээ авахгүй чихгүй, билгийн нүдгүй хүн байвал мянга хэлээд нэмэргүй. Тэгэхээр бараг цэцэн мэргэн хүн нь тэвчээд үл дуугарах нь зүгээр юм уу ч гэж бодох юм. Хаяа нэг юм хэлчихээр энэ одоо хэн юм, хэн болчихоод ингэж ярьж байгаа юм гэнэ. Дөнгөж гучин хэдтэй байж дэлхий ертөнцийг соён гэгээрүүлээд, хувилгаан дүрийг олчихсон юм шиг ч гэх. Манайхан чинь энэ өнцөгрүүгээ их хурдан ордог талтай.
-Өөрийг тань ганц бие гэж сонссон. Үнэн үү?
-Таавчиг хоёулаа байж байхад би яагаад ганцаараа юм гэдэг шиг гэрлэх талаар бодохгүй үе гэж байхгүй байна. Хүн гэдэг хосоороо байх ёстой. Эр хүн 34, 35 хүртлээ ганц бие явна гэдэг гэр бүл зохиолт оройтож байх талтай. Гэхдээ Японы нийгмээр бодоход эмэгтэйчүүд ч өдий насанд ганц бие явах нь элбэг. Гэр бүл төлөвлөлт гэж бодохоос илүүтэй урьдах ажлаа л хийдэг хүмүүс байдаг. Миний хувьд магадгүй Японы компанид 10 гаруй жил ажиллахдаа тэнд ажиллаж байгаа хүмүүст ууссан байхыг үгүйсгэхгүй.
Харин Монголд бол 30 хүрээгүй явж байхад л бараг ганцаараа явж байсны оронд нэг юм олж ав ухааны юм яриад байдаг. Гэтэл гэр бүл зохионо гэдэг амаргүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн болоод өөрийн бие физиологи, өөрийн философи, тэр хүнтэй амьдрах амьдрахгүй, хамтрах хамтрахгүй гээд асуудал их. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг үг ч байдаг шүү дээ. Түүнээс биш хоёр хүүхэд нийлж хүүхэд гаргачихаад ээж, аав гэж яриад, эмээ өвөөд нь аваачаад харуулчихдаг бол өөр. Нөгөөтэйгүүр хийх ажил их байхад ганцаараа явах нь илүү амар байдаг. Учир нь оройтдог, өдөр, шөнөгүй ажилладаг. Тиймээс өөрийнхөө хийж буй ажлын онцлогоос болж ганцаараа яваад байдаг ч байж мэднэ.
-Япон бүсгүйтэй ч юм уу ер нь гадаад хүнтэй гэр бүл болох талаар бодож байв уу. Ямар бодолтой явдаг вэ?
-Ёстой эсрэг бодолтой байдаг. Хэдхэн хүн амтай байж цус сэлбээд яахав дээ. Гадаад хүнтэй гэр бүл боллоо гэхэд хүүхдүүд хүссэн хүсээгүй аль хүчирхэг байгаа улсад нь амьдардаг. Энэ нь Монголын цөөхөн хүн амаас 2, 3 нь ч гэсэн хасагдана л гэсэн үг шүү дээ.
-Эмэгтэй хүний талаар ярьж эхэлснийх Монголд эмэгтэй Leadership их болжээ. Үүнийг Япон талтай харьцуулахгүй юу?
-Манай эмэгтэйчүүд илүү хүчтэй, зоригтой, чадалтай. Эр хүнээс дутахгүй л гэж үздэг. Энэ нь монгол бүсгүйчүүд маань эрчүүдийнхээ өмнөөс хийхээс өөр аргагүй байдал үүссэнтэй л холбоотой. Нөгөө талаасаа хүчирхэг эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг шиг магадгүй хүчирхэг эмэгтэйчүүдийн ард эр хүн ч байгаа. Бүр цаашилбал, үе залгамжлагч, хоёрдахь үе ч байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, миний гаргасан бренд, миний бизнес гэж ярьдаг хэдий ч ээжийнх нь эсхүл аавынх нь талын хүрээнээс улбаатай байх жишээний.
Гэхдээ Японд Leadership эмэгтэйчүүд Монголыг бодвол цөөхөн. Энэ нь нийгмийн онцлогоосоо шалтгаалж байгаа байх. Нэг компани удирдахад л тэр нь асар олон хүнтэй. Үүнийг эмэгтэй хүн хийхэд амаргүй. Эрэгтэй хүн харин базаж байх хэрэгтэй болдог. Адаглаад орой нь тараад ажлынхнаараа уугаад явахад дарга нь эмэгтэй хүн хэрнээ уучихаа гээд байх хэцүү. Энэ мэт янз бүрийн жендерийн асуудал гарч ирдэг.
Нийгмийн сэтгэлзүйн доройтлын хар он жилүүд үргэлжилсээр байна
-Таньтай ярилцаад сууж байхад нэг зүйл их тод ажиглагдлаа. Энэ нь монгол хэлээрээ маш сайхан цэвэр ярьж байгаа явдал. Уг нь арван жилээсээ гадагшаа явсан хүмүүс монгол хэлэндээ муу, аялгатай болчихсон байдаг. 18 жил гадаадад байна гэдэг бага хугацаа биш шүү дээ?
-Би монгол хэлэндээ сайн байсан нь нөлөөлж байгаа байх. Нөгөөтэйгүүр япон хүнтэй ярихад яг л япон хүн шиг ярьдаг. Гэхдээ монголоо гэсэн зохилох зүрх байна. Магадгүй 10 өөр хэлээр яриад би Монголоо алдчихвал яах юм бэ.
-Тэгвэл япон хэл сурахаар хичээж байгаа залуучууддаа зөвлөгөө өгөөч. Өөрийнхөө сурах арга барил мөн хэлтэй байсны давуу тал гээд залуучууддаа хандаж хэлэх зүйл ганц, нэгээр дуусахгүй байх?
-Хэл сурахад дуу сонсох, чээжилж дагаж дуулах хэрэгтэй. Тухайн орныхоо хамгийн амархан үгтэй номноос эхэл. Бага насны хүүхдийг анх ийм байдлаар л хэлд оруулдаг шүү дээ. Яг л тухайн орныхоо нэвтрүүлэг, дуу хөгжим, номыг үзэх хэрэгтэй. Ойлгохгүй байсан ч үзээд л байх нь чухал. Төрөөд удаагүй хүүхэд хүртэл аль хэлээр байнга хажууд нь ярьж байна түүнийг л сурдаг. Хүний чих дасдаг юм гэсэн. Анхандаа чих хүлээж авахгүй ч сонсоод л байхад ойлгодог болно. Тухайлбал, солгой хоолойтоо хүн л гэдэг. Гэтэл буруу сонсоод дуулж чаддаггүй гэж байгаа. Уг нь сайн давтуулаад, байнга сонсгоод байхаар солгой хоолой гэж байхгүй.
Миний хувьд аль ч хэлэнд яриандаа их сайн. Ярианаасаа эхэлчихдэг. Бичих бол яахав дараа нь болчих зүйл. Хүнтэй уулзангуутаа гэнэт бичээд эхэлдэггүй шүү дээ. Японд очоод төд удалгүй хамт очсон монгол хүүхдүүддээ ойлгуулж, тайлбарлаж өгдөг болчихсон байсан. Мэдээж хэлтэй байна гэдэг маш том давуу тал.
-Азийн хоёр том улс болох Япон, Солонгосруу манай улсын иргэд их зорчдог болсон. Гэтэл БНСУ-д л гэхэд Монголчууд маань нэр хүнд муутай болчихсон байх юм билээ. Японд монгол хүний үнэлэмж, нэр хүнд хэр вэ?
-Японд Солонгосыг бодвол цөөхөн монгол хүн байдаг учир арай гайгүй. Нийт 3000 орчим монголчууд байдгаас байнгын оршин суугч 800-гаад хүн бий. Мөн ийм тооны япон хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүд байдаг. Тэгээд үлдсэн хүмүүсийн ихэнх нь дээд сургуулийн оюутнууд. Тэгэхээр тэнд хар ажил хийгээд, виз нь дууссан байхад зугтаж гүйдэг хүн ховор.
Хууль маш чанга. Ямарваа нэг асуудал үүсгэсэн л бол тохирсон шийтгэлээ авдаг. Яахав Монголын сумо бөхчүүд, өөр ганц нэг хэрэг төвгийг нэрлэж болно. Мэдээж энэ бүхэнд нэг үхрийн эвэр доргивол гэдэг шиг бүгдийнх нь чих халууцаж байгаа. Тиймээс гадаадад байхад нэрээ хайрлах ёстой. Монгол хүн гэдэг ийм шүү гэдгээ сайнаар харуулах хэрэгтэй.
Ер нь аль нэг улсад очиход тухайн улсын хууль тогтоомж, соёл, монгол хүний үнэ цэнийн талаар зааж сургадаг хамт олон, багш сурган хүмүүжүүлэгч байдаг бол гэсэн бодол төрдөг. Учир нь Монголдоо янз бүрийн байдалтай аж төрж байсан хүмүүс гадны улсад очихоороо яг тэр зангаараа, буруу яваад байдаг. Олон мянган хүн гадагшаа зорчиж байхад дунд нь тал дээр бэлчиж явсан ганц, нэг хүн давхиж явахыг үгүйсгэхгүй. Ийм хүмүүсээс болж хичээж байгаа, сайхан яваа хүмүүс чирэгдээд байдаг. Монгол гэж хэлэхэд дургүй, адаглаад хил дээр яваад очихоор Монголчуудын хиам, боорцогийг хураа гэдэг юм харахаар хэнд ч сайхан байхгүй. Өөрөө өөрсдийгөө л бид алаад байгаа юм л даа.
Хөдөөнөөс хүүхэд орж ирэхэд 14 хоног хотын соёл, нийгмийн тогтолцооны талаар сургалтанд суулга
-Японы хөгжлөөс алийг нь Монголдоо нэвтрүүлмээр санагддаг вэ. Эх орондоо нутагшуулчих юмсан гэдэг олон л зүйл ажиглагддаг биз?
-Энгийн жишээ гэхэд тэдэн шиг цагаа барьдаг болчихъё л доо. Нэгэндээ хүлээцтэй байж, ядаж л явган зорчигчийг өмнүүрээ явуулчихдаг болмоор байна. Шүлсээ хаяж, гудамжны булан тойроод шээж, хогоо ил задгай хаяхаа ч больчихмоор байна шүү дээ. Энэ бол зүгээр нэг энгийн, хэн ч амьдралдаа дадал хэвшил болгочихоор зүйлс. Хүний юм биш миний эх орон гэж хардаг болчихвол болно. 10 л ус барьж гарч ирээд саадныхаа цэцгийг усалчихад тухайн хүнээс юу хоргодох гээд байгаа юм.
Мөнгө төсөв биш зүгээр л сэтгэлгээний хөгжлийг л яриад байна. Жижиг зүйлээс том юмны эхлэл тавигддаг. Тухайлбал, япончууд өлсөөд, дайтаад, галд өртөөд үзсэн ч нэгнээ хутгалаагүй. Гэтэл манай Монгол тэдэн шиг уй гашууд нэрвэгдэж, өлсөхийн зовлонг мэдэрсэн бол дотоодын дайн маягийн юм үүсч байгаа шүү дээ. Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг. Бид яс юман дээр дарангуйлал үзэж, зовж үзээгүй. Яахав хэдэн лам нар, лидер байсан хүмүүсээ хэлмэгдүүлсэн. Гэхдээ яг нийтээрээ Еврей, Япончууд шиг зовж үзээгүй.
Тиймээс нийгмийн сэтгэлзүйн доройтлын хар он жилүүд үргэлжилсээр байна. Гэхдээ хөгжлийн хувьд хурдны гал тэргэндээ явсаар байгаа. Тэгэхээр л хүмүүсийн тархины багтаамж эдэлж хэрэглэж байгаа юмандаа хүрэхгүй байна гэсэн үг.
-Тэгэхээр сэтгэлгээний хөгжлийг л Монголд бий болгох хэрэгтэй гэж үзэж байна уу?
-Хэдхэн жилийн өмнө нийгмийн тогтолцоогоо мэдээгүй байсан хүмүүс өнөөдөр Iphono бариад Зайсангийн lounge-д суугаад байна. Магадгүй хөдөөнөөс гэнэт Улаанбаатарт орж ирээд , дээд сургуульд 4 жил сурсан хүмүүс л яваад байна шүү дээ. Тиймээс ядаж хөдөөнөөс хүүхэд орж ирэхэд 14 хоног хотын соёл, нийгмийн тогтолцооны талаар сургалтанд суулга л даа. Ингэж ярихаар олон хүн уурлаж болох ч ийм зүйл хийснээрээ хэн ч муудахгүй.
Билгийн нүд буюу өөрийгөө 2, 3 дахь талаас харж чаддаг хүн амжилтанд хүрдэг. Харин өөрийнхөө нүдээр л харж байгаа хүн өөрөө өөрийгөө хаана явж байгаа, хэнтэй юу ярьж байгаа, яах ёстойгоо ч сайн мэддэггүй . Өөрөөр хэлбэл, БИ гэж ярьдаг хүмүүст зөвхөн өөрийнх нь нүдний урд харагдаж байгаагаас өөр зүйл харагддаггүй. Гэтэл япон хүн энэ хүн яах вэ, тэр хэрхэх вэ, үүнээс болоод би яах вэ гэхээсээ илүү миний хийсэн зүйлээс болоод энэ хүн яах вэ гэдгээ эхлээд боддог. Харамсалтай нь манайхан эхлээд өөрийгөө тавьдаг. Би яагаад, би яахаараа гээд байдаг. Тухайлбал, хоёулаа хамт явбал хурдан орох хаалга байхад урд, хойно орлоо гэж хоорондоо хэрэлдэж байгаад цагаа дэмий үрдэг.
Монголчууд өөр дотроо дайснууд бэлдээд ч байгаа юм шиг жихүүдэс төрөөд байдаг
-Магадгүй хотын соёл гээч зүйлийг дүрэм, журмаараа, хуулиараа тогтоогоод өгчих хэрэгтэй. Зарим зүйл нь эхлээд эсэргүүцэлтэй тулгарсан ч аажимдаа хэвшмэл болчихно гэж бодох юм?
-Торгуулиар л шийдээд өгчих хэрэгтэй. Сингапур шиг тэнд шээвэл, тэнд хог хаявал тэдэн төгрөгний торгуультай гээд л . Манайхан нэг хэсэг Тамхины хууль гарахад маш их эсэргүүцэж байсан. Одоо ямарваа байгууллага, аж ахуй нэгжид тамхи татахгүй нь энгийн үзэгдэл болчихлоо. Уг нь бид гайгүй ойлгоцтой байхгүй юу. Учиргүй тэнэг хүмүүс биш. Зарим зүйлийг нь диктатурлаад бариад базчихвал дагаад хэвшчихдэг. Адаглаад машины дугаарын хязгаарлалтыг яг л мөрдөж байна шүү дээ. Маргааш машин гарахгүй учир гээд ажлаа зохицуулж байна. Гэхдээ хотын соёл дотор хоёр өөр ертөнц яваад байна гэж харж байгаа. Гэр хороолол, орон сууцны орчны ялгаа. Үүнийг яг л нэг болгохгүй бол удахгүй Зайсан тийшээ, хотын төв, гэр хороолол гээд зааг ялгаа үүсэх гээд байна. Надад аймшигтай санагддаг. Нэг өдөр тэнд явж хүүгийн тархийг энд явж байсан хүү хагалчих цаг ирэх ч юм шиг. Танай ээж аав Монголын эд баялгийг идчихсэн л гээ биз дээ гээд чулуу шидэх ч юм билүү. Тэгэхээр Монголчууд өөр дотроо дайснууд бэлдээд ч байгаа юм шиг жихүүдэс төрөөд байдаг болсон.
- Монголчууд дотроо талцаад, ялгаварлал хэт үүсээд байна гэдэг чинь л дотроо дайснууд бэлдээд байгаагаас өөрцгүй болчихож байгаа юм л даа.
-С.Жавхлан “Та нар 76-уулаа намайг дээл өмсөөд, морин тэрэг унаад гараад ирэхэд инээж байсан шүү. Гэхдээ одоо би ард түмэнтэйгээ нийлээд та нарыг хараад инээж байна” гэж ярьж байгаа юм. Гэтэл үүнийг харсан халамцуу хэдэн залуус чулуу өвөртөлж гараад хусаад өгье гээд явах ч юм билүү. Энэ тоглоом биш. Хооронд нь дайсагнуулаад байна. Та нар идсэн, та нар луйвардсан гэж байгааг нь шууд утгаар нь хүлээж авах хүмүүс байгаа шүү дээ. Магадгүй үнэхээр идсэн бол нотлогдсон баримттай нь ярих хэрэгтэй.
Би бол УИХ-ын гишүүн С.Жавхланг огт ойлгодоггүй. Урагшлах гээд байгаа юм уу ухрах гээд байгаа юм уу. Гэрээ бариад амьдаръя гэх юм. XXI-р зуунд сансарлуу бараг машинаа хөөргөчихөөд, худалч хүнд хиймэл оюун ухаан хүртэл гарч ирж маргаашийн ажлыг нь хэлж өгдөг ертөнцрүү явая гээд яриад байхад зүлгэн дээрээ гараад гэрээ бариад а амьдаръя гээд XIII-р зуун руугаа буцах гэж байгаа аятай яваад байдаг. Ганц С.Жавхлан ч биш энэ мэт олон зүйлийг яриад байвал өнөөдөр дуусахгүй.
Сонирхуулахад, би 2024 онд буюу 40 настайдаа сонгууль нэр дэвшинэ.
Намайг сонгуульд нэр дэвшинэ гээд ярихаар 100 хүний 10 нь инээдэг
-Үнэн гэж үү?
-Үнэн байлгүй яахав. Аль эрт л сонгуульд нэр дэвшинэ гэж төлөвлөсөн. Ямар нэгэн намд орохгүй. Өөрөө бие дааж нэр дэвшинэ. Намайг дэвшинэ гээд ярихаар 100 хүний 10 нь инээдэг юм. 90 нь бас бодож үзээд байдаг. Зарим хүн ямар нэгэн зорилго, мөрөөдлөө хэлэхгүй явж байгаад би төвөвлөчихсөн байсан гээд гараад ирдэг. Харин би хамгийн эхэнд нь хэлчихдэг. Би хэлсэндээ хүрнэ. Хүмүүс ч намайг харж байгаа. Тухайн үед улс төр эрх биш цэвэрших байлгүй дээ. 7, 8 удаа гарчихаад өвөө, эмээ нар ахиж гарна гээд яваад байхгүй байх гэж найдаж байна. Ядаж 30-40 хүн нь залуу үе, тэрдундаа АН, МАН гэхгүй хүмүүс гарч ирэх хугацааг 2024 он л гэж хараад байгаа.
Нэмж хэлэхэд, Японоос улс төрийн соёл гэдгийг оруулж ирмээр байна. Ямар нэгэн алдаа гаргасан бол өөрөө больчихдог. Хуулийн цоорхой яриад, гайгүй хүний ард нуугдаад яваад баймааргүй л байгаа юм.
Сонгогчид ч өөрсдийнхөө амьдралаар тест хийгээд яваад байна. Маш бага циклийн дунд амьдарч байгаа бид 4 жил гэдэг асар их хугацааг зүгээр л харъя, ажиглая, үзье гэдэг байдлаар шийдээд байгаа. 28 жил яг л энэ байдлаар сонгуульд оролцож ирлээ шүү дээ. Гэтэл энэ бүхэн хүүхдийн минь амьдралд нөлөөлнө гэдгийг бодож сонгуульдаа оролцож, санал өгөх хүнээ дугуйлах хэрэгтэй байгаа юм. Хүмүүсийг үзэл суртлын хувьд ийм байдалтай байлгаад байх нь МАН, АН хоёрт ашигтай шүү дээ.
-Гэв гэнэт УИХ-д сонгогдоод учраа ч мэдэхгүй явж байгаад 4 дэхь жилдээ дуу ордог хүмүүс олон бий. Тэгэхгүйн тулд ядаж аль нэг талаараа мэргэших хэрэгтэй юм шиг санагдсан. Таны хувьд улстөрд орлоо гэж бодоход аль чиглэлээ илүү барих вэ?
-Аль ч сэдвээр ярьж болно. Гэхдээ урлаг, оюуны өмч, инновациараа л явна. Бид алт, нүүрс гээд том зүйлээрээ яваад байдаг ч энгийн зүйлийг хаяад өдийг хүрчихсэн хүмүүс. Үүнээс болоод аягүй олон суут хүмүүс архинд ороод, цагийн аяст арчигдаад өнгөрч байна. Хамгаалах ёстой хэдий ч хамгаалж чадаагүй зүйлс гэсэн үг. Нөгөөтэйгүүр чадалтай, мэдлэгтэй, оюунлаг хүмүүсийг өөрсдийнхөө “гөлөг” болгож байна. Чамд тийм шагнал өгөх учир чи намайг дэмжээд яв. Ийм л байдалтай явсаар ирлээ.
Хэдэн мянган эдийн засагч, хуульч, мисс эхнэртэй хүмүүсээс илүү Монголд юу хийх нь л чухал
-Миний хувьд урлагийнхныг Монголоо олон улсад буруу суртачлаад байна уу даа гэж хардаг. Өөрөөр хэлбэл, урлагаар дамжуулж гадны улсаас тусламж гуйх, ядуу буурай гэж харагдах зүйлсийг олон харж байлаа. Үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Сая сүүлд World Vision-ийн рекламанд Монголын энгийн нэг малчин айлын улаан хацартай хөөрхөн эмэгтэй, эрэгтэй хүүхдүүдийг оруулчихсан байсан. World Vision бол дэлхийн хүүхдүүдэд / нэг өдөрт ... центэд амьдардаг / тусалдаг . Энэ хүний холынх аав, ээж нь та болохгүй юм уу гэсэн утгатай юм явж байгаа юм. Миний уур маш их хүрсэн. Магадгүй тэр хүүхдүүд дээр очоод та нарыг хэдхэн центээр амьдардаг, ядуу гуйлгачин, өлбөрч үхэх гэж байгаа хүүхдүүд гэж гаргана хэмээн тайлбарлаж байгаад зургийг нь аваагүй байх. Гэтэл тэр хүүхдүүд тухайн амьдарч байгаа орчиндоо юунаас ч дутахгүй сүүгээ уугаад, таргаа идээд жаргалтай байгаа. Харамсалтай нь тэдгээр хүүхдүүдийг өөр өнцгөөс харуулж, Монголыг ядуу буурай байдлаар суртачилж байна. Ийм маягаар Монголчууд л гэхээр ядуу буурай, өвчинд нэрвэгдсэн гэж харуулж болохгүй ээ.
Өнөөдрийнхөө махны мөнгийг хэнээс ч гуйхгүй л байхгүй юу. Яах вэ эмнэлгийн зарим нэг үйлчилгээг Монголдоо авч чадахгүй болоод л гадагшаа хандаж байгаагаас биш.
Одоо би Үндэсний урлагийн их театрын Япон дахь албан ёсны төлөөлөгч болсон. Ерөнхийдөө Монгол орныхоо язгуур урлаг соёлоо Японруу өргөн хүрээнд хийе гэсэн бодолтой болчихоод өнгөрсөн жилийн 12 сарын 4-нд “Mongolian night”-ийг хийсэн. Японы Гинза гээд хамгийн үнэтэй гудамжинд гурван ч удаа Япончуудыг дуудаж Монголоо суртачлах арга хэмжээг зохион байгуулсан. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Монголыг очиж үзэх сонирхолтой болж эргээд надад хандсан.
Магадгүй 124 сая японоос жилд ядаж 2-4 сая нь Монголд хүрээд ирэхэд л бид аялал жуулчлалаараа амьдарчихна шүү дээ.
-Тэгвэл яваандаа аялал жуулчлалын чиглэлээр ч их зүйл хийх нь ээ?
-Японы залуу хүмүүсрүү чиглэсэн Монголыг суртачлах зүйл хийж байна. Өнгөрсөн жил 40 хүн авчирсан, энэ жил 50 хүн авчирна. Дараа жилийн миний зорилт 100, бүр цаашилбал 200 хүн Монголдоо авчрах бодолтой байгаа. Хэрэгтэй, хэрэггүй зүйл хийгээд байгаа юм шиг зарим хүнд харагдаж болох ч би өөрөө өөрийнхөө дотор зохиолтой шатаа ахиулаад л явж байгаа. Хөндлөнгийн хүнд бол гэнэт ирээд Япон DJ авчраад party яриад байхын хэнд ч хэрэгтэй юм гэж харагдаж магадгүй. Гэвч тэр DJ-ийгийн хийсэн юмны төлөө ирэх жил 200 жуулчин Монголд ирвэл, нэг хүн Монголд 1000 доллар унагаахад л үржигдээд явна шүү дээ. Юм хэлж, өөлөхөд амархан. Харин хийхэд амаргүй. Нэгнийгээ юм хийхэд огт дэмждэггүй. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг надаас өөр хүн хийж л таараа гэдэг байдлаар хандахаа одоо болих хэрэгтэй. Чингис хаан, XIII-р зуун, баялаг, тал хээрээ хэдий болтол ярьж амьдрах вэ дээ.
Хүүхдийн баяр боллоо маргаашнаас нь дээлний зураг, суртачилгаа яваад эхэлж байна. Тэгэхээр ядаж энэ баяраа цөөлөе л дөө. Энэ мэт бодсон зүйл их байна. Хүнд тааруулж ярихыг хүссэнгүй. Өөрийнхөө бодлыг л хэллээ. Доллар биш учир бүх хүнд таалагдах албагүй.
Дахиад нэг 4-5 жилийн дараа Ж.Билгүүн гэдэг хүн 5 болж үржээд, 500 болоод олширчихоосой. Хэдэн мянган эдийн засагч, хуульчтай, дипломтай, мисс эхнэртэй хүмүүс байна. Гэтэл тэр бол үнэхээр хамаа алга байна ш дээ. Эцсийн шат Монгол орныг яамаар байгаа нь л хүмүүст хэрэгтэй. Тэр хүний аймшигтай толгой, сайн эр хүнээр хэн юугаа хийх юм. Монгол орондоо юу хийх нь л чухал.
-Гадаадын олон их, дээд сургуулийг төгссөн л гэх юм. Гэтэл мэргэжил тийм чухал юм уу?
-Нарийн нягтлан бодогч, өмгөөлөгч ч гэдэг юм уу яг тухайн мэргэжлээр суралцаагүй л бол хэн таарсан нь хийгээд байж чаддаггүй хэдхэн мэргэжил л байдаг. Эдийн засагч л байхгүй бол болохгүй юм гэж юу байна.
Мэргэжил гэдэг ойлголт бол 4-хэн жилийн л зүйл. 4 жил сурсан, сураагүй явчихаад нэг диплом өвөртөлснөө аймшигтай сайн хүн болчихлоо гэж бодож байгаа бол ёстой эндүүрэл. Тэр дундаа олон мэргэжилтэй хүн шиг худлаа зүйл байхгүй. Учир нь нэг зүйлийнхээ төлөө тууштай явах итгэл байхгүйн шинж. Аль нэг зүйл дээр нь унахаас биш 3 мэргэжил сонгосондоо мундаг хүн болчихгүй. Нэг мэргэжил сонгоод тэрнийхээ төлөө зүрх сэтгэлээ өгөөд цалингаа аваад амьдарч чадна гэдэг итгэлийг өвөртөлж, сонгож чадаагүй хүн бол миний хувьд урвагч. Гэтэл хүмүүс олон мэргэжилтэй, олон сургуульд сурсан хүнийг мундаг гэдэг. Гэвч хүн өөрөө өөрийнхөө хийнэ гэж бодсон зүйлээ хийгээд, чин хүсэл эрмэлзлийнхээ төлөө хичээвэл хэдэн настайдаа ч хамаагүй ямар нэгэн юмны топ болдог л байхгүй юу.
Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Д.Ундрах
Э.Жаргалан
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …