Enter.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол иргэдийнхээ дуу хоолой болж байгаадаа баяртай байна. Гадаадын улс оронд сурч хөдөлмөрлөж, ажиллаж амьдардаг хэний ч өмнө манай сайтын үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг юун түрүүнд дурьдах нь зөв болов уу.
Энэ удаад бид БНСУ-д ажиллаж амьдардаг Б.Бодьгал бүсгүйн ярилцлагыг онцолж байна. Түүний хувьд арвин их ажлын туршлагатай, амжилт дүүрэн яваа монгол бүсгүй. БНСУ-ын хэвлэлийн хуудаснаа ч их хүндтэй, содон зочин. Солонгосын төрийн байгууллагууд, улсын тодотголтой нэр хүндтэй сургуулиудад ажилладаг, Сөүл хотын хүндэт иргэн гээд Б.Бодьгалын тодорхойлолтын зах зухаас нь сонсоход л үнэхээр бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Амбиц, зөвхөн Бодьгалыг тодорхойлох харизм, шулуун шударга яриа уншигч таньд юу мэдрүүлэх бол...
-БНСУ-д ирээд хэр удаж байна. Одоо юу хийдэг вэ?
-Миний хувьд Солонгост ирээд 9 дэх жилдээ болж байна. Анх бакалаврын чиглэлээр суралцаж төгсөөд ихэвчлэн нийгмийн болоод гадаад иргэдтэй холбоотой салбарт ажиллаж ирсэн. Ингээд бодлого зохицуулалтаар мэргэжил дээшлүүлэх сонирхолдоо хөтлөгдөж Сөүл хотын их сургуульд бодлого зохицуулалт, төрийн удирдлага гэсэн ангид суралцаж байна. Суралцах явцдаа энд байгаа монгол иргэддээ нийгэм, улстөр гээд бүхий л салбарын мэдээллийг орчуулан хүргэхээр хичээж байгаа. Мөн монголчууддаа зориулж солонгос хэлний үнэ төлбөргүй онлайн сургалтыг явуулдаг. Тиймээс БНСУ-аас миний нийгмийн идэвхи, хийж буй ажлуудыг үнэлж өнгөрсөн 2017 онд Сөүл хотын хүндэт иргэний шагналаа гардуулж өгсөн.
-Мэргэжил бүхэн сайхан. Тэгвэл таны мэргэжлийн сайхан нь юундаа байдаг вэ?
-Миний хувьд Монголынхоо хэвлэлд, монгол хэлээрээ анх удаа ярилцлага өгч байна. Харин эсрэгээрээ Солонгосын хэвлэлүүдэд олон удаа ярилцлага өгч байсан. Тиймээс зарим нэг талаараа бусад ярилцагчаасаа учир дутагдалтай байж мэдэх юм. Уншигчид маань ойлгоно гэж найдаж байна.
Би арван жилийн сургуулиа дүүргээд БНСУ-д хүрч ирээд бакалавраа бизнесийн удирдлага, маркетингаар төгссөн. Тухайн үед нилээн түгээмэл болсон ихэнх хүмүүсийн сонгодог мэргэжил байсан учир би ч цаг үеэ дагаад л сонгочихсон. Гэтэл сургуулиа төгсөөд эргээд харахад хүн болгон маркетинг хийж чадаж байна. Хүн болгоны хийж чадах зүйлийг 4 жил суралцаад төгсөж байгаа ч юм шиг харамсах сэтгэгдэл төрж байсан. Гэхдээ энэ мэргэжил намайг өөрийгөө олон нийтийн өмнө хүссэнээрээ илэрхийлэх, илтгэх чадвартай болгож өгсөн. Одоо би Сөүл хотын тэргүүний тодотголтой бага болон дунд сургуулиудад дэлхийн түүх, соёлын талаар хичээл заадаг. Давхар багш гэсэн алба хашдаг гэсэн үг. Тэгэхээр эргээд бодоход энэ мэргэжлээс ганц олж авсан зүйл өөрийгөө илэрхийлэх чадвар юм уу гэж хардаг.
-Гадаад иргэдийн бодлого, гадаад хүнтэй холбоотой асуудлуудаас улбаалж Төрийн удирдлага, бодлого зохицуулалтын чиглэлээр суралцаж байгаа гэсэн. Төгсөх курсын оюутан юм билээ. Энэ мэргэжлийнхээ онцлогийг сонирхуулаач?
-Миний хувьд энэ бодлогыг ямар учраас гаргасан, яаж бий болсон бэ гэдэг дээр фокусаа чиглүүлдэг. Энэ утгаараа Солонгосын төрийн албан хаагчидтай их ойр ажиллах шаардлага тулгарч байгаа. Мэргэжил маань ямарваа нэгэн зүйлийг гүн гүнзгий бодох ухаанд их сургадаг юм билээ. Яагаад гэх асуулттай байнга тулгарна. Бүр суурьнаас нь, хөрсөөр нь, томоор нь авч үздэг гэх үү дээ. Нөгөөтэйгүүр, аливаад анализ хийх чадвар маань дээшилсэн. Хөрвөх чадвартай болсон. Энэ бүхнээр л мэргэжлээ тодотгоё доо.
Ганцаараа баян цатгалан, ухаантай боловсролтой, чадалтай хүчтэй байгаад яах юм бэ
-Нийгмийн хөгжилд хувь хүний оролцоо гэсэн сэдвийн хүрээнд ярилцлагаа үргэлжлүүлье. Хувь хүний эерэг өөрчлөлт нийгэмд нөлөөлж чадах уу?
-Мэдээж нэг хүн ч гэсэн намайг хараад үлгэр дуурайлал авч амьдралдаа ахиц дэвшил авчирж байвал би баярлана. Тиймээс хувь хүний оролцоо нийгэмд маш чухал гэдэгтэй санал нийлдэг.
Миний хувьд уриалаад л, хүмүүст нөлөөлөх гэж оролддог төрлийн хүн биш ч өөрийн үг хэл, хийж буй үйлдэл, биеэ авч яваа байдлаараа бусдад үлгэр дуурайлал болох юмсан гэж боддог. Харин зөвхөн амиа бодоод өөрөө хөгжөөд явна гэдэгтэй огт санал нийлдэггүй.
Тухайлбал, би Монголчууддаа үнэ төлбөргүй солонгос хэлний онлайн сургалт явуулдаг. Сургалт явуулж байх явцад хүмүүсээс төлбөр мөнгөтэй болгооч, өөрийнхөө хөдөлмөрийг үнэлэх ёстой гэх шүүмж их ирдэг байсан. Харамсалтай нь бүх хүн мөнгийг үнэ цэнээ болгоод явбал бусад сайн сайхан зүйлс няцаагдах болно шүү дээ. Гагцхүү хамт хөгжөөд, хамт суралцаад явах л зөв алхам. Ганцаараа баян цатгалан, ухаантай боловсролтой, чадалтай хүчтэй байгаад яах юм бэ. Тэр хүн хорвоогийн бүх хүмүүсийн ард ганцаараа амьд үлдэхгүй нь ойлгомжтой шүү дээ.
-Тэгвэл нийгмийн аль хэсэгт өөрийн дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Нийгмийн эмзэг бүлэг, хүүхдүүдэд их ач холбогдол өгдөг. Тэр дундаа орчин үед эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг зав зарцуулж чаддаггүйгээс хүүхэд их орхигддог. Тиймээс ирээдүй хойч үе болсон бяцхан хүүхдүүдрүү чиглэсэн олон зүйл хийхийг хичээдэг. Сүүлд Монголд очихдоо хэд хэдэн сургуулийн сурагчдад лекц уншиж, санаж бодож буйгаа чадлаараа илэрхийлэхийг хичээсэн.
Миний хувьд Солонгосын нэг томоохон төрийн бус байгууллагын төлөөлөл, нүүр царай болж явдаг. Монгол дахь салбарынх нь гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтай. Энэ төрийн бус байгууллага маань Монгол болон дэлхийн найман оронд сургууль, цэцэрлэг барьж өгч, боловсролын тал дээр нь анхаардаг. Энэ шугамаараа Монголдоо 10 гаруй сургууль, цэцэрлэг байгуулахад дэмжлэг болж ажилласан. Энэ онд Тэрэлж, Налайхын хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэг баригдаж эхэлж байна. Мөн Яармагт 45-р цэцэрлэгийг 9 жилийн өмнө ашиглалтанд оруулж хүлээлгэж өгсөн. Ахиад 9 сард нээлтээ хийх цэцэрлэг баригдаад дуусах шатандаа явж байна.
Үүгээр зогсохгүй Шувуун фабрикт холбогдох газраас нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь л гаргаад өгчихвөл ашиглаад явчих цэцэрлэг бий.
Миний зүгээс Монголдоо биш хэдий ч өөрийнхөө боломж бололцоогоор Солонгост үйл ажиллагаа явуулж буй нийгмийн халамжийн чиглэлийн төрийн бус байгууллагууд дээр очиж хүсэлт тавьж Монголруугаа чиглэсэн ажил хийдэг. Гэхдээ сайн үйлсийн ажил болохоор тэр бүр олон нийтэд зарлаад яваад байдаггүй.
-Гадны оронд байгаа хэрнээ Монголруугаа чиглэсэн ийм буянтай ажил хийгээд явна гэдэг үнэхээр бахархмаар юм. Яаж яваад тэр том төрийн бус байгууллагын нүүр царай болчихов оо?
-Яахав нийгмийн идэвхтэй гэдэг талаас нь тухайн байгууллагад өртсөн юм шиг байгаа юм. Харамсалтай нь солонгос хүмүүс Монголд ямар нэгэн зүйл хийх гэхээр дундаас нь идэх, хулхидах тохиолдол бүр газар авчихсан байдаг юм билээ. Гэсэн ч надад итгэл хүлээлгэсэнд би баярлаж явдаг.
Хүн ер нь зовохоороо өөртэйгээ их харьцдаг юм билээ
-Анх энэ улсад ирэхэд ямар бэрхшээл гарч байв. Хүн л юм чинь эх орон, ээж ааваа санахаас эхлээд тэсвэр алдаж байсан мөчүүд их л байсан байх. Яг тийм үед өөрийгөө хэрхэн тайтгаруулж байсан бэ. Мөн гадны улсыг зорих гэж буй залуустаа хандаж юу хэлмээр байна?
-Анх 17 настайдаа Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар ирсэн. Тиймээс мөнгө санхүүгийн асуудал харьцангуй бага тулгарч байсан. Зөвхөн сурахдаа л цаг хугацаа, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулсан гэх юм уу даа. Надад муу үнэлгээ авах эрх байгаагүй. Учир нь авах ёстой оноондоо хүрч чадахгүй бол өөрөө төлбөрөө төлөх шаардлагатай болно. Энэ утгаараа асар их стресст ордог, айдастай амьдардаг байлаа. Хэрвээ би тэтгэлгээ алдчихвал гэрийнхэндээ төвөг удна, хоёрдугаарт үеийнхэндээ муугаар хэлүүлэх вий дээ гэсэн бодол намайг амрах завгүй хичээлээ л хийхэд нөлөөлдөг байсан. Ямартаа ч 4 жилийн хугацаанд нэг ч удаа тэтгэлэгтээ унаагүй.
Гоё хувцас өмсөж, нүүрээ будаж, гадуур зугаалах гэдэг юм миний оюутны амьдралд бараг байгаагүй. Солонгос хүүхдүүд шалгалтаа 2 долоо хоногийн өмнөөс бэлтгэж байхад гадаад оюутан гэдэг утгаараа би бараг сар гаруйн өмнөөс бэлтгэдэг байлаа.
Гэхдээ манай монгол оюутнууд дунд надаас арай өөр хүмүүс олон байсан л даа. Хоорондоо уулзацгааж наргиж цэнгэж, хайрын романс үүсгэнэ. Гэтэл би хичээлээс өөр юм мэддэггүй. Мэдээж энэ нь залуу хүний хувьд илүү их стресстэй байсан. Хүн л юм хойно үе тэнгийнхэнтэйгээ зугаацаад явах юмсан гэсэн бодол байгүй л яахав. Ингээд би бодож, бодож марафоноор хичээллэж, уртын гүйлтэд гүйж эхэлсэн. Энэ шугамаараа олон улсын гүйлтийн тэмцээнд хэд хэдэн удаа оролцсон. Уралдаанд байр шагнал авахаасаа илүүтэй дотоод хүнтэйгээ харьцах гэж гүйдэг байсан гэх үү дээ. Бага нас, одоо үеэ бодож өөртэйгээ их харьцдаг болсон. Хүн ер нь зовохоороо өөртэйгээ их харьцдаг юм билээ. Магадгүй миний хувьд хэн нэгнээс биш зөвхөн өөрөөсөө л эрч хүч авдаг талын хүн юм уу даа.
Одоо ч гоё зам харахаараа гүйчихдэг талтай. Мөнгө төгрөгөө спортын хувцас, пүүзэнд л их зарцуулдаг даа.
Гэхдээ ямар нэгэн зүйлд туйлшрахыг хүсдэггүй. Одоо бол иогоор түлхүү хичээллэж байгаа. Ямар нэгэн зүйлийг хийгээд ханачихлаа гэсэн тохиолдолд шинэчлээд явдаг.
Солонгосын төрийн албан хаагчдад авлига авч болохгүй гэдэг зүйл бүр яс маханд нь шингэчихсэн байдаг
-Солонгос орны хөгжлөөс эсвэл бодлогоос юуг нь Монголдоо хэрэгжүүлэхийг хүсч байна. Энэ орны ийм зүйлийг л эх орондоо нутагшуулчих юмсан гэсэн юм байна уу. Магадгүй өөрөөс тань зөв шийдэл, шинэ санал санаачлага гарахыг үгүйсгэхгүй юм?
- Яривал маш олон зүйл бий. Миний хувьд төрийн алба дээр хэдэн зүйл хэлмээр байна. Тухайлбал, Солонгосын төрийн албанд ороход маш хүнд. Гэхдээ хэнбугай нь ч бай өөрөө чадвартай л бол төрийн албаны шалгалтаа өгч болно. Төрийн алба нь 1-9 хүртэлх зэрэглэлтэй.
Төрийн албан хаагч нь заавал их сургууль төгссөн ажлын туршлага арвин хүн байх шаардлагагүй. Магадгүй үнэхээр чадвартай нэг оюутан ирээд шалгалтаа өгөөд тэнцвэл орж болдог. Өөрөөр хэлбэл, арван жилээ төгссөн ямар ч хүнд нээлттэй гэсэн үг. Хамгийн гол нь төрийн албан хаагч нам бус байх ёстой. Хэзээ ч намд орж, намын харьяаллын хүн болж болохгүй.
Мөн төрийн албан хаагч гэдэг бол иргэдэд үйлчилж байгаа хүнийг л хэлнэ. Иргэдэд бүхнээ зориулах нийгмийн ажилтан гэж төрийн албан хаагч нь тодорхойлогддог.
Хоёрдугаарт, төрийн албан хаагчид нь хаана ч ажилласан 2-оос дээш жил болдоггүй. Энэ нь авлигыг хааж байгаа нэг арга. Өнөөдөр би Хөдөлмөрийн яаманд ажиллаж байгаа бол 2 жилийн дараа өөр яаманд ажиллах боломжтой. Гэхдээ хэзээ, хаана шилжих нь мэдэгдэхгүй. Цаанаас нь томилоод л явуулчихдаг. Ийм гоё тогтолцоог манай улс ч хэрэгжүүлээсэй гэж бодож байна.
Цаашилбал, Ким Юнан гэж 2014 онд батлагдсан хууль бий. Үүнд, төрийн албан хаагчид нэг ширхэг чихэр ч өгч болохгүй гэж заасан байдаг. Магадгүй нэг чихэр, кофе өгч байгаад баригдвал торгуулж, халагддаг. Тиймээс улсын сургуулийнх нь багш нар хүртэл оюутнуудаасаа аяга кофе авахаас татгалздаг. Магадгүй тухайн сургуульд ямарч хамааралгүй хүн бол өгч болно. Тэгэхээр Солонгосын төрийн албан хаагчдад авлига авч болохгүй гэдэг зүйл бүр яс маханд нь шингэчихсэн байдаг.
Маш их хичээж, зовж байж төрийн албан хаагчийнхаа шалгалтанд тэнцдэг учир ажилгүй болно гэдэг энэ хүмүүст амьдралгүй болж байгаатай адил. Тэгэхээр авлига гэдэг зүйл бараг байдаггүй.
Гуравдугаарт, хэн хөдөлмөрлөж чадаж байна зэрэглэлээ ахиулаад явдаг. Яг л өөрийн хүч чадвараараа зэрэглэлээ ахиулж, цалингаа нэмүүлдэг. Магадгүй тэр хүн чадваргүй бол 20, 30 жил болсон ч зэрэглэл ахихгүй. Цалин нь ч нэмэгдэхгүй. Чи төрийн албанд хэдэн жил ажиллах нь хамаагүй. Чадвар чинь байвал шалгалтаа өгөөд зэрэглэлээ нэмүүлээд, цалингаа ав гэдэг л зарчим төрийн албан хаагчдад нь үйлчилдэг.
Элчин сайдын яам нь өөрөө монгол иргэдээ шулчихаа л больчих
-БНСУ-д суугаа Монголын элчин сайдын яам болон бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ямар үнэлгээ өгөх вэ. Монголынхоо төрийн байгууллагуудаас үйлчилгээ авч байсан уу?
-Би Элчин сайдын яамны хаалгаар шагайх маш дургүй. Зайлшгүй шаардлагаар буюу паспортоо сунгуулах гэж хэд хэдэн удаа очиж байсан. Очих болгондоо дэндүү их стресстэж, бухимдаад гардаг.
Төлбөрөө төлөхдөө илүү хийчихлээ гэж бодоё. Гэтэл тухайн яам, консулын ажилчид бараг л хохь нь гээд суучихдаг. Монголруу очоод ав, би чамд өөрөөсөө мөнгө өгөх ёстой юм уу зэргээр маш бүдүүлэг харьцдаг. Мөн гэрлэлтээ батлуулах гэж би тогоо шиг том гэдэстэй 3 сар гаруй наашаа цаашаа явж байгаа юм. Хэрэгтэй, хэрэггүй баахан шалтаг хэлж хүний цагийг дэмий үрдэг.
Үүний дээр ажиглагдсан зүйл бол Солонгост байгаа Монголын Элчин сайдын яам, төрийн байгууллагуудад ямар нэгэн олон улсын хурал, семинарын үеэр ажиллах хүч, хүний нөөц хэрэгтэй болох үе гардаг. Энэ үед оюутнуудаар орчуулга хийлгэдэг. Харамсалтай нь эргээд ажлын хөлс гэдэг юм аа мартчихдаг. Бүхэл бүтэн Монгол Улс шүү дээ. Гэтэл ямар нэгэн байдлаар иргэдээ шулчихдаг. Ядаж унааны мөнгийг нь тухайн оюутандаа өгөх сэтгэлтэй байх хэрэгтэй.
Үүгээр зогсохгүй, Элчин сайдын яамны үндсэн ажилчин, орчуулагчийнх нь хэлж байгаа үг, дуудлагыг захын би ойлгохгүй байна. Тийм хүмүүсээрээ олон улсын томоохон арга хэмжээнд битгий орчуулга хийлгэ л дээ. Монголын нэр гарна гэвэл захын нэг оюутан очоод орчуулга хийгээд өгчихнө шүү дээ.
-Өнгөрсөн удаад У.Хүрэлсүх сайд ирж, БНСУ-д амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзаад явсан. Та уулзаж санал бодлоо хэлж чадсан уу?
- Тухайн уулзалтанд идэвхтэй хэдэн хүн л очиж уулзаж байгаагаас төрд үгээ хэлчих юмсан гэсэн яг гол хүмүүс нь уулзаж чадаагүй.
Тэнд очсон хүмүүсээс маш утгагүй олон асуулт гарч байсан. Тухайлбал, Оюутны холбоо нь Солонгост төгсч байгаа монгол оюутнууд Солонгосын нийгэмд ажилд орохыг хүсч байна. Ажилд орох тал дээр туслалцаа үзүүлээч гэж байгаа юм. Энэ яг юу гэсэн үг вэ. Үүнийг Монголын Засгийн газар яаж зохицуулах юм. Уг хүн өөрөө хичээвэл, өөрөө чадвартай байвал Солонгосын нийгэм байтугай л газар ажиллана шүү дээ. Ер нь энэ уулзалтыг хараад байхад шилсэн хэдэн хүнээ дуудуулаад жижүүрийн хэдэн асуулт асуулгаад л өндөрлөсөн юм шиг ажиглагдсан. Ерөнхий сайдын баг бүрэлдэхүүн ч цаг зав муутай байгаагаа тайлбарлаад явсан. Харин удалгүй тэд Б.Лхагвасүрэн гуай дээр очсон. Энэ хүнтэй Монголд очоод уулзаж болно. Монголд байхад нь ч уулзаж болох байсан.
Гурван жилийн өмнө Монгол, Солонгосын дипломат хамтын ажиллагааны 25 жилийн ой болсон. Энэ арга хэмжээнд бүхий л орны дипломатчид, сайдууд хүрч ирсэн. Гэтэл Монголын талаас симфони тоглуулах байсан нь заасан цагаасаа 40-50 минут хоцорч эхэлж байгаа юм. Сөүлд 100 гаруй орны төлөөлөлөгчид цуглуулчихаад ямар гутамшигтай юм бэ.
-Тэгвэл таныхаар ямар хүн эх оронч вэ?
-Одоогийн нөхцөл байдлаараа хариулахад, гадаадад бор зүрхээрээ амьдарч байгаа хүмүүс маш их эх оронч болж хувирдаг юм билээ. Монголд байхдаа би эх оронч хүн гэж хэн юм, эх оронч сэтгэлгээтэй байна гэж юуг хэлээд байгааг төдийлөн ойлгодоггүй байсан. Харин хүний нутагт олон жил амьдраад ирэхээр Монгол Улсаа илүү их судалж, монгол хүн гэсэн тодотголтой явдаг болохоор ядаж нэрээ, биеэ цэгнэхээс эхлээд үзэл бодол асар их өөрчлөгддөг юм байна.
Монгол орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг хайрлаж, хогон дээр хаягдчихгүй байгаасай гэж боддог болчихдог юм билээ.
Буруу сургууль сонгосноосоо болоод автоматаар харлаж байгаа олон монгол оюутан бий
-Хамгийн сүүлийн асуултаараа визний талаар ярилцая. Өөрөөс чинь цагаачлал, дүрвэгсдийн визний талаар мэдээлэл өгөөч гэж хүсэх байна?
- Ямар нэгэн байдлаар Солонгос улсаас дүрвэгсдийн виз авчихаад амьдрах юмсан гэдэг ойлголт бий. Гэтэл Солонгосын хувьд дүрвэгсдийг хамгийн авдаггүй орон. Аливаа нэг улс оронд үүрэг гэж бий. Эдийн засгийн хөгжил нь ийм үзүүлэлтэд хүрвэл танайх дүрвэгсдийг тэдэн хувиар авах ёстой гэдэг ч юм уу тоот байдаг. Тэр тоотыг биелүүлдэггүй орон бол энэ улс. 2020 он гэхэд 2 сая гадаад иргэнтэй болох ёстой орон байтал дүрвэгсдийн виз авсан 734 хүн л бий. Энэ хүмүүс дүрвэгсдийн визээр хүлээн зөвшөөрөгдсөн ч ажил хийх боломжгүй. Ерөөсөө л өөрийн улс оро нь энхтайван болвол эргэж явах нөхцөлтэйгээр түр амьдран сууж байгаа хүмүүс. Гэтэл дүрвэгсдийн тал дээр үүргээ хамгийн сайн биелүүлдэг орон бол Герман.
Тэгэхээр магадгүй Монголоос дүрвэгсдийн визээр үлдэх талаар горилж байгаа хүмүүс байвал дэмий гэдгийг анхааруулж хэлмээр байна. Дахин хэлэхэд, эдийн засгийн хөгжилтэйгээ харьцуулвал дүрвэгсдийн тал дээр үүргээ хамгийн муу биелүүлдэг орон бол Солонгос. Эд нар яавал гадныхныг гаргах вэ гэж бодохоос авчрах тал дээр эерэг бодлого барьдаггүй.
-Ийм байж яагаад оюутнуудад зориулсан, уриалсан хөтөлбрүүд хэрэгжүүлээд байдаг юм бол?
-Уг нь Солонгост сурцгаая 2023 хөтөлбрийг 2008 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Гэтэл тэдний хүссэн гадаад иргэдийн төрөл нь орж ирээгүй. Өөрөөр хэлбэл, цагаан арьстан, мундаг хөгжилтэй орны хүмүүсийг авахыг хүсч байтал зорилго нь биелэлээ олоогүй. Вьетнам, Флиппин, Монгол зэрэг орны гадаад оюутнууд ихэсчихсэн. Тиймээс эргүүлээд эд нарыгаа гаргахыг тулд визний нөхцлийг нь чангаруулаад байгаа юм.
Ийм байхад юун дүрвэгсэд. Мөн 3 сараар хүрч ирчихээд хэлний бэлтгэл нэрийдлээр амьдарчих юмсан гэдэг хүмүүс байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүст хэлэхэд, визний тодотголтой сургуулиуд чинь эхнээсээ асуудалд ороод, шүүхэд очих нь очоод эхэлчихсэн шүү. Тиймээс визний сургуулиудаа хүртэл маш сайн судлах хэрэгтэй.
БНСУ-д суралцъя гэж бодож байгаа бол Солонгос хэлээ сайжруулаад, нэр хүндтэй сургуульд суралцахыг хүсэх хэрэгтэй. Түүнээс биш хаа хамаагүй жижиг сургууль, тэр дундаа шашны сургуульд элсэж өөрийнхөө цаг зав, мөнгийг дэмий зарцуулах ямарч шаардлагагүй. Энд визний сургуулиар ирээд тухайн сургууль нь шалгагдаад, шүүхэд очиход өөрийнхөө хүслээр бус харлаж байгаа олон монгол хүн байдаг. Нэг сургуулиас болж 150 гадаад иргэн автоматаар харласан тохиолдол ч гарсан.
Монголоос ирж байгаа хүмүүсийг ажиглаад байхад зуучлалын байгууллагад их хэмжээний мөнгө өгдөг юм билээ. Үүний оронд өөрөө судалгаа хийж, энд байгаа Монголчууд бусад холбогдох албаныхнаас зөвлөгөө авах хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Д.Ундрах, Э.Жаргалан
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …
4 Comments
MINII DUU SOLONGOS IRGESHILTEI BOLOOD SOLONGOSTOO AMIDARDOOO
mundag bna amjilt