Бид “One vs One” ярилцлагынхаа зочдоор хүсэл эрмэлзлээр дүүрэн, нийгмийн идэвхи өндөртэй, Монголын ирээдүй болсон чадварлаг залуу боловсон хүчнүүдийг түлхүү оруулж байгааг уншигчид маань анзаарч харсан байх аа. Энэ удаад ч мөн гадны улсад Монгол хүн гэх тодотголыг сайнаар гаргаж яваа, Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй М.Мөнхцэцэгийг ярилцлагын хойморт урин заллаа.
Блиц:
Нэр: Мөнхчулууны Мөнхцэцэг
Нас:28
Мэргэжил: Англи хэлний багш, орчуулагч, стилист
Зөвхөн өөрийгөө брэнд болго
-Аль нутгийн бүсгүй вэ? Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
-Сэлэнгэ аймагт төрж, Дархан аймгийн Оюуны ирээдүй цогцолборыг дүүргээд Улаанбаатарт Боловсролын их сургуулийн Англи хэлний багш орчуулагчийн ангийг сонгон суралцаж, төгссөн. Сургуулиа төгсөөд худалдаа үйлчилгээний чиглэлээр 2 жил гаруй хувиараа бизнес эрхэлж байгаад 2013 онд БНСУ-д ажиллаж, амьдрахаар ирсэн. Энд ирээд бусад монголчуудын л адил хэлний бэрхшээлээс эхлээд янз бүрийн асуудалтай тулгарч байлаа. Хамгийн анхны ажлаа хими цэвэрлэгээний үйлдвэрээс эхэлж нэг жил гаруйн хугацаанд ажилласан. Монголд амьдарч байснаас шал өөр, маш хэцүү орчин угтаж шантарч, бардам зан хөдлөх зэрэг хүндрэлүүд их л гарна. Гэхдээ энэ бүх асуудал маань намайг цаашдын зорилго, мөрөөдөлтэй болоход тусалсан. Ингээд Монголд хэчнээн сайхан мэргэжил эзэмшсэн ч энэ чигээрээ байвал Солонгост хар бараан ажил хийгээд л явах юм байна гэсэн бодол төрөөд илүү их хичээх болсон. Солонгос хүмүүсээс монголчууд дутахааргүй ажилладаг, маш мундаг гэж харуулахын тулд одоо ч хичээнгүйлэн ажилласаар л байна.
-Одоо маш нэр хүндтэй салонд ажиллаж байна. Хэзээнээс энэ ажлаа эрхлэх болов?
-Дөрөвдэхь жилдээ болж байна. Манай салон нь Парист урдаа барьдаг Coiffirst гэдэг салон. Coiffirst гэдэг нь Гоо сайхан шилдэг нь буюу гоо сайхныг нэгдүгээрт авч үзэж байгааг илэрхийлсэн утгатай нэр. Би энд зохион байгуулагчаар ажиллахаас гадна үндсэн стилист хийдэг. Монголд тухайлбал, үсчин гэхээр зөвхөн үсээ янзлаад л гаргадаг бол энд эрхэлдэг ажлыг нь сонирхоод өдөр тутмын хувцаслалт гаднах имижид нь зөвлөгөө өгөөд үүний дараа үс засалт, нүүр будалт хийдэг. Гол нь тухайн хүнд нуугдаж буй гоо үзэсгэлэнг нь ил гаргахыг зорьдог учир маш сайн зөвлөгөө өгч тулж ажилладаг. Үсийг нь засахдаа ч энэ жилийн трэнд гэхээсээ өөрт нь илүү тохирсон, зөвхөн тэр хүнийг тодорхойлж чадах өвөрмөц имиж бүрдүүлэхийг хичээдэг.
-Өдөрт дунджаар хэдэн хүнд үйлчилж байна. Өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон уу?
-10-20 үйлчлүүлэгч авдаг. Ихэнх нь байнгын үйлчлүүлэгч болчихсон хүмүүс байдаг. Мөн үйлчлүүлэгчид маань надад маш сайн үнэлгээ өгдөг учир дийлэнх нь танил талаа авчирж үйлчлүүлдэг .
Амралтын өдрүүдэд Монгол үйлчлүүлэгчид ихтэй байдаг. Мөн гадны өөр орны үйлчлүүлэгчид ч бий.
-Олон улсын стандарттай, брэнд, өндөр зэрэглэлийн салонд Англи, Америкчүүдийн адилаар Монголчууд маань ч үйлчлүүлдэг гэхээр их сайхан байна?
-Тийм шүү. Миний хувьд байнга ажиллаж байдаг болохоор энд Монгол найз нөхөд цөөхөн. Тэгэхээр энд ирсэн Монгол үйлчлүүлэгчдээсээ мэдээлэл их авдаг. Маш сайхан байдаг.
-Солонгост ажиллаж амьдраад тодорхой хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголдоо авааччих юмсан, нэвтрүүлмээр санагддаг зүйл бишгүй л байгаа байх. Ерөнхийдөө үйлчилгээ, энэ салбарын хөгжил дэвшлийг нь яриад байна л даа?
-Монголчууд маань үнэхээр чадварлаг. Харамсалтай нь хүнийг хүндэтгэх, харилцаа, үйлчилгээний соёл гээч юм маш дутагдалтай санагдсан. Наад зах нь үсчинд яваад ороход үйлчлүүлэгчтэйгээ сайхан мэндэлчихдэг, халуун цай хийж өгөөд тухтай орчинд суулгачихдаг байх хэрэгтэй. Мөн ямар ч зөвлөгөө мэдээлэл өгөхгүйгээр үсээ тайруулахыг хүсч байна гэвэл шууд л тайраад гаргачихдаг. Энэ бол маш буруу чиг хандлага. Энд бол гаднах байдлаас нь хараад л үсийг нь ийм болгочихвол гоё гээд бодчихдог. Тэрийгээ үйлчлүүлэгчдээ санал болгож, маш сайн зөвлөлдөж байж имижийг нь өөрчилдөг. Миний хувьд ирэх жилээс Монголдоо яг ийм төрлийн шилдэг салон нээх юмсан гэсэн хүсэлтэй байгаа.
- Өөртөө цаг гаргах, чөлөөт цаг хомс байдаг уу?
-Хүн цаг завгүй байна гээд шалтаг тоочоод л эхэлвэл юу ч хийж чаддаггүй. Харин нэг зорилго тавиад түүндээ 30 минутыг ч хамаагүй зориулаад сурчихвал, чөлөөт цагаа маш зөв өнгөрөөж чаддаг болчихдог. 30 минутыг зөв зохистой өнгөрөөхгүй назгайрчихвал яг л хэвээрээ байгаад баймаар санагддаг.
Миний хувьд өглөөнөөс оройн 20.00 цаг хүртэл ажилладаг. Тармагцаа ажлынхаа ойролцоо фитнесст явдаг. Энд яг л тогтсон цагийн хуваарийнхаа дагуу ажиллаж, Хөдөлмөрийн хуулиа ягштал мөрддөг. Ямар баяр ёслол болж байсан ч ажил цагтаа эхэлж цагтаа дуусдаг.
Гэхдээ миний ажлын хувьд өөртөө хэрхэн цаг гаргах, хэдэн цагт үйлчлүүлэгч авахаа өөрөө зохицуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө цагтаа цохицуулж үйлчлүүлэгчдээ цаг өгдөг. Ер нь хүн өөрийнхөө цагийг маш сайн төлөвлөж байж тухайн өдөр үр бүтээлтэй өнгөрнө. Тиймээс өөртөө болон гэр бүлдээ цаг гаргах юман дээр хойшоо суудаггүй.
Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө байх ёстой. Төлөвлөгөөндөө хүрэхийн тулд алхам байх хэрэгтэй. Энэ алхам зөрчигдөөд байвал миний зорилт байхгүй болно гэсэн үг. Тиймээс цаг хугацааг зөв зохицуулах, цагаа барих гэдэг л хамгийн чухал
-Амьдралдаа баримталж явдаг зарчим тань юу вэ?
-Нэгэн хэвийн амьдралаар л амьдрахгүй гэсэн бодолтой байдаг. Нэг айлын эхнэр болоод хүүхдээ өсгөөд суух л сонголттой амьдрахгүйгээр нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, бусдад үлгэр дуурайлал болохуйц амьдрахыг хүсдэг. Магадгүй зарим хүмүүсийн хувьд энгийн, нэгэн хэвийн амьдралыг таашаадаг байхыг үгүйсгэхгүй.
- Хувийн карьерист бүсгүйчүүдийн ар гэр, гэр бүлийн амьдрал орхигдчих гээд байдаг. Гэр бүлийн харилцаагаа хамгаалж үлдэх тал дээр өөртэйгээ хэрхэн тулж ажиллаж байна?
-Гэр бүл гэдэг бие биенийхээ мөрөөдлийг дэмжээд явах ёстой. Би нөхөртэйгээ оюутан байхдаа танилцаад 3 жил үерхээд гэр бүл болж байсан. Анхны хүүхдээ гаргачихаад Солонгост ирсэн. Хамгийн хүнд хэцүү үед дэмжиж, урам зориг өгдөг хүн бол миний хань. Ганц хань ижил гэхээс илүү тэр хүн миний хамгийн сайн найз, ажлын хамтрагч, сайн менежер л дээ. Амжилтанд хүрэхийн төлөө явж байгаа зам ямар байх нь гэр бүл, нөхрөөс их шалтгаалдаг санагддаг. Тиймдээ ч би маш их хүсэл мөрөөдөл тээсэн, зорилготой, өөрийнхөө хэмжээнд амжилттай яваа хүн.
Монгол, Солонгос гэлтгүй хүмүүс хүүхдээ их бөөцийлж өсгөдөг. Харин би эсрэгээрээ. Эрэгтэй хүүхэдтэй болоод ч тэрүү чанга талдаа байдаг. Одоо манай хүүхэд 7 настай ч солонгос, англи хэлтэй, цагаа маш сайн зохицуулж чаддаг. Мөн багаас нь нийгэмтэй харьцах, эсрэг хүйстэнтэйгээ зөв харилцаж сургахад анхаардаг. Энэ утгаараа амралтынхаа өдөр хүүхэдтэйгээ болзож хооллох урлаг, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулдаг. Одоо бол манай хүүхэд хаа ч явсан өөрийгөө илүү нээлттэй танилцуулж, хэнтэй ч найзалж чаддаг.
-Гадаадад ажиллаж, амьдардаг хүмүүст хүүхдүүддээ төрөлх хэлийг нь сургана гэдэг том бэрхшээл байдаг. Яаж монгол хэл сургаж байна?
-Яахав Солонгос хэл шиг Монгол хэлдээ сайн биш ч төрсөн орныхоо тухай хүүхэд илүү ихийг мэдэхийг хүсч байдаг. Өдөр тутмын яриа, ойр зуурын үг Монголоороо холбож бичих зэрэг бол асуудалгүй. Монгол хүн гэдгээ мэдэж байгаа, мэдэрч өсч байгаа болохоор энэ тал дээр санаа зовохгүй байна.
-Амжилтанд хүрэхийг хичээж явна гэж дээр дурьдлаа. Таны хувьд юу амжилт вэ. Цаашдынхаа зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Солонгост үсчин, салонууд өөрсдийн гэсэн хөгжлийг тогтоож чадаж байна. Харин Монголд бол арай өөр. Хэдэн нэр бүхий хүмүүс нь энд тэнд салонтой болчихсон. Тэдний шавь, суралцагчид мөн салон нээчихсэн ч гэдэг юм уу. Тиймээс Монгол дахь яг энэ чиглэл салбарын чиг хандлагыг л өөрчилмөөр байгаа юм. Миний мөрөөдөл бол хүний далд нуугдсан гоо үзэсгэлэнг гаргаж өгөх. Тэгэхээр Монголын үсчин салонуудын ойлголтыг эвдэж цоо шинэ түвшинд аваачихыг л хүсч байна.
-Ямар үед өөрөөрөө бахархдаг вэ?
-Солонгос үйлчлүүлэгчид орж ирээд үйлчилгээ авсаныхаа дараа “Анх удаа ийм сэтгэл өндөр байна. Миний үсийг урьд өмнө хэн ч ингэж сэтгэлд бүрэн нийцэхээр засаж байгаагүй” гэж хэлэх сэтгэгдлийг сонсоод өөрөөрөө бахархдаг. Мөн нэлээн ажиллагаа ихтэй засалт хийлгэх хүмүүс тэр хугацаандаа надаас Монголын талаар их асууж сонирходог. Мэдээж би хамгийн сайхан зүйлсийг ярьж, монголоо аль болох гоёор сурталчилдаг. Монголын тухай инстаграмаас түүж харуулдаг. Эндээс харахад, надаар дамжуулж Монгол явах хүсэлтэй хүмүүс нэгээр ч гэсэн нэмэгдэж байгаа болов уу гэж боддог. Энэ мэт бага ч гэсэн хувь нэмэр маань л миний хувьд бахархал.
-Гадны оронд очоод Монголынхоо нэрийг муугаар гаргадаг хүмүүс бишгүй л байна. Гэтэл эсрэгээрээ аль болох сайнаар таниулчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй тань шиг хүмүүс ч олон бий. Тэгвэл гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол залуучууддаа хандаж юу хэлмээр байдаг вэ?
- Ер нь сүүлийн үед Япон, Солонгост Монголчуудын нэр хүнд уналаа гэх болсон. Яг үүнээс болж өмнө нь би өөрийгөө Монгол хүн гэж танилцуулахаас эмээдэг байсан. Гэхдээ би сайн ажиллаж, бусдаасаа дутахгүй байж чадсан цагтаа Монгол хүн гэж нүүр бардам хэлнэ гэж бодож хичээсэн. Монгол хүний тухай ойлголт надаар дамжиж бага ч гэсэн өөрчлөгдөөсэй гэж хүссэн. Одоо бол орж ирж буй шинэ үйлчлүүлэгч болгондоо өөрийгөө эхэлж танилцуулж, Монголоос ирсэн гэдгээ нүүр бардам хэлдэг болсон.
Тэгэхээр залуустаа хандаж хэлэхэд, цагийг маш үр бүтээлтэй л өнгөрөөгөөд сурчихаасай гэж хүсч байна. Бидний ид хийж бүтээх нас маш богинохон юм шиг санагддаг. Саяхан л 21, 22-той явж байсан санагдаж байна. Гэтэл одоо 30 хүрэх гэж байна гээд бодохоор бидний хийж бүтээх ид оргил үе үнэхээр хурдан өнгөрдөг юм байна гэж бодогддог. Тиймээс магадгүй 10 жилийн дараа харамсахгүйгээр өнөөдөртөө төвлөрөөд хичээх юм бол маргааш илүү тод гэрэлтэй байх болно. Өчигдрөөс суралцаад өнөөдрөөрөө амьдраад маргаашаар ирээдүйгээ төлөвлө гэдэг мундаг зарчим байна. Тиймээс муу зүйлд туйлшрахгүйгээр, хэт их брэнд хөөхгүйгээр зөвхөн өөрийгөө брэнд болго гэж л залуустаа уриалмаар байна.
Э.Жаргалан
Д.Ундрахсүрэн
Б.Уянга
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …
6 Comments
Tsarailag egchyumaa💕👑amidraldni azjargalhvsie🐰💕
490586 115033hey I was extremely impressed with the setup you used with this blog. I use blogs my self so great job. definatly adding to bookmarks. 322981